Бага насныханд харуулмааргүй зургууд

Украйнд болж буй дайны талаар хүүхэд тань ямар нэг байдлаар сонсож, хүссэн, хүсээгүй зурагт, интернэтээс зарим аймшигтай зургийг харж байж магадгүй. Үүнтэй холбогдуулан Германы “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн редакциас хэвлэл мэдээллийн судлаач Михаел Гурт (Michael Gurt)-тэй хийсэн ярилцлагыг эцэг эхчүүддээ зориулан хүргэж байна.

Танк, буу, бүхэл бүтэн гэр бүлээрээ дүрвэж байгаа байдал... Ийм зургууд бага насныханд ямар нөлөө үзүүлэх вэ?

Дайны зургууд хүүхдүүдэд асар их айдас, итгэлгүй байдлыг бий болгож, тэднийг уймруулдаг. Хүүхдүүд харснаа өөртэйгээ холбон, дайн бидэнд ч бас ирэх вий гэж айдаг. Эцэг эхчүүд бөмбөг дэлбэрэлт, шатаж буй байшин, шархадсан, нас барсан хүмүүсийг харж байгаа. Гэр бүлүүд салж, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд метроны хонгилд хоргодон аргаа барж байгаа байдал. Эдгээр нь бага насны хүүхдэд харуулаад баймааргүй дүр зургууд юм. Тиймээс та охид, хөвүүдээ насанд хүрэгчдэд зориулсан зурагтын мэдээ, цахим хуудас, сонин хэвлэлээс аль болох хол байлгах хэрэгтэй.

Хүүхдүүд үүнтэй холбоотойгоор ямар нийтлэг асуултууд тавьдаг вэ?

Дайн гэж юу вэ? Хүмүүс яагаад дайн хийдэг вэ? Бөмбөг (цөмийн) гэж юу вэ? Бидэнд бас дайн ирэх үү? Эдгээр нь орчин үеийн хүүхдүүдийн ердийн асуултууд бөгөөд эцэг эхчүүд эдгээр асуултад хүүхдэд ээлтэй байдлаар хариулахад хэцүү. Гэсэн хэдий ч "Чи үүнийг ойлгох болоогүй, хэтэрхий жаахан байна" гэсэн үгээ хэрэглэн асуултуудыг зүгээр орхих нь буруу. Ямар ч тохиолдолд хүүхдийг айдас, санаа зовнилтойгоор ганцааранг нь үлдээж болохгүй.

Насанд хүрэгчид хүртэл ойлгохгүй байгаа зүйлийг хүүхдэд яаж тайлбарлах вэ?

Эцэг эхчүүд өөрийнхөө хүч мөхөсдсөн, итгэлгүй байдал, түгшүүрээ гаргаад байхыг боддоггүй тул ийм нөхцөл байдал бол амаргүй. Санаа зовж байгаа зүйлээ эцэг эхчүүд хүүхдэдээ хэлж болно, хэлэх ч хэрэгтэй. Хүүхэд эцэг эхээ маш сайн мэддэг тул танд ямар нэг хэцүү зүйл байвал мэдэрдэг. Нээлттэй байдал нь хүүхдэд тэрхүү мэдрэмжээ ангилж ялгахад тусалдаг. Гэсэн хэдий ч хэрэв танд ихээхэн санаа зовоож байгаа асуудал байгаа бол түүнийгээ өөр газар, жишээ нь найз нөхөд, гэр бүлийнхээ томчуудын хүрээнд ярилцах хэрэгтэй.

Эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдтэй дайны тухай ярих ёстой юу, хэрэв тийм бол яаж?

Заавал ярих албагүй. Хэрвээ хүүхэд асуулт асуухгүй, дайны талаар санаа зовж байгаа нь анзаарагдахгүй бол насанд хүрэгчид тэднийг зүгээр л орхичих хэрэгтэй. Харин хүүхдийг анхааралтай ажиглаж, мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүлэх нь чухал. Хүүхдүүд дайнаас айж эмээж байгаагаа илэрхийлэхгүй ч, бөмбөг зурж эсвэл дайныг "дуурайн тоглож" магадгүй. Тэгвэл харин энэ талаар болгоомжтой асууж, ярилцах хэрэгтэй. Дайны сэдвийг хөндөхдөө хүүхдэд аюулгүй байдлыг мэдрүүлж, тайван, тогтвортой байдлыг харуулах нь чухал. Эцэг эхчүүд тухайн үед болж буй үйл явдлын тайлбарыг маш энгийн, богино хийх бөгөөд таамаглалаас зайлсхийх хэрэгтэй. Мөн эерэг талуудыг онцлон тэмдэглэх нь чухал: Жишээлбэл, олон хүн дайныг удахгүй дуусгахаар ажиллаж байна. Эсвэл Европын хаа сайгүй дүрвэгсдэд тусламж үзүүлж байна. Ийм үед хүүхэд найдвар, итгэл үнэмшилтэй байх нь онцгой чухал байдаг.

Энэ хүрээнд цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэрэв хүүхэд дайны хохирогчид болон тусламж хэрэгтэй хүмүүсийн дүр зураг харсан бол тэд ихэнхдээ айдаст автдаг. Энэ тохиолдолд хүүхэдтэй төрсөн сэтгэгдэл, айдсынх нь талаар ярилцаж, тайвшруулж, аюулгүй байдлыг мэдрүүлэх, энхрийлэх нь чухал. Мөн жишээлбэл, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хамтдаа үзэж, хамтдаа энх тайвны тагтаа зурж, гар урлал хийж болно. Энэ насны ихэнх хүүхэд өдөр тутмын хэвийн амьдралдаа амархан буцаж ордог.

 

Эх сурвалж:

Michael Gurt. "Das sind Bilder, die man kleinen Kindern nicht zumuten sollte". Kindergarten Heute. 2022_3