Муурын зулзага Намуунаа

Та энэ сургамжит өгүүллэгийг хүүхдэдээ уншиж өгч, ярилцаарай. Ялангуяа хүүхэд тань хумсаа мэрдэг бол.

Амьтдад ч сэтгэл байдаг гэж чи мэдэж байгаа байх. Тэд яг чам шиг л баярлана ч гуниглана ч. Тэд бас хэрэг тарьж, заримдаа үгэнд орохгүй, харин амьтны эх нь  хатуу чанга байвал тэд сайн үгэнд нь ордог.

Бага насны амьтад хүний үрсийн л адилаар зодолдож, хэрэлдэцгээж, тэгээд л дараахан нь эвлэрцгээнэ. Ялангуяа муурын зулзагнууд тоглох бүр ч их дуртай. Чи ер нь муурын зулзага ажигласан уу?

    Муурын зулзагнуудад барих, авирах болон хөөцөлдөх тоглоом л ёстой нэг зугаатай даа. Үүгээрээ тэд сайн анчин болох замаа засдаг ба энэ нь том болсон хойно нь маш их хэрэг болно. Хоолоо олж идэх болон өөрийгөө хамгаалахад нь тэдний хумс нь их чухал үүрэгтэй. Тиймээс муурнууд хумсандаа их анхаарч, түүнийгээ их сайн арчилж мөн түүгээрээ их бахархана.

    Миаумаа муур 5 зулзагатай. Тэднийг Алагхан, Хүржигнүүр, Шуухитнаа, Орилоо, Намуунаа гэдэг. Намуунаа уг нь тун өхөөрдөм сайн зулзага боловч даан ч их аймхай, тэвдэмтгий амьтан. Түүний эгч, дүүсийн санаанд ямар нэг зүйл эс таарваас тэд чангаар Миау миау гэж орилцгооно, харин гомдох, цөхрөх, сэтгэл нь хөдлөх аль эсвэл айсан үедээ Миаумаа ээждээ гүйн очицгоож бүгдийг ярина. Намуунаа л харин эхдээ ирж наалдан хэвтээд ганц ч миау дуу гаргахгүй чимээгүйхэн хэвтэнэ. Намуунаад нэг их айхтар асуудал байхгүй л дээ гэхдээ л түүнийг айлгах, гомдоох, цочоох, үймүүлэх жижиг сажиг зүйлс тасрахгүй.

    Жишээ нь Хүржигнүүр хэржигнэхэд Намуунаа байнга айж цочино, Шуухитнаа чихнээс нь зулгаахад эсвэл Алагхан сүүлээрээ тоглоход цочин бөндгөс хийнэ. Орилоо бусад зулзагануудтай гүйлдэн тоглоход тэр гуниглангуй байна, Миаумаа ээж нь бусадтай нь ярилцаж байхад тэр ганцаардаж байгаагаа мэдэрнэ, харин бүх зулзаганууд хулгана барихаар сургуулилж түүнд ямар нэг үүрэг оногдуулсан бол тэрээр жигтэйхэн их сандарч тэвдэнэ.

    Нэг л мэдсэн Намуунаа хумсаа зажилж эхэлсэн байна. Ингээд “хумсаа мэрэгч” болов. “Хумсаа мэрэхээ боль. Мууранд хумс их чухал хэрэгтэй байдаг. Сайхан хурц хумсгүй бол чи жинхэнэ муур биш” гэж Миаумаа ээж нь анхааруулав. “Чи ямар инээдэмтэй хумстай юм бэ? Ийм богинохон мухар юм чинь чи зүгээр хашаан дээгүүр ч явж чадахгүй шүү дээ” хэмээн эгч дүү нар нь түүнийг шоолцгооно.

    Эгч дүүсийнх нь шоолох ч ээжийнх нь анхааруулах ч тусыг эс олов. Хумсаа мэрэх нь Намуунаад нэн таатай, хумсаа мэрэхээрээ л тэр тайвширна. Ингээд л Намуунаа тэвдэж сандрахаараа, зовж шаналахаараа эсвэл бүр уйтгарлахаараа хумсаа л мэрж эхэлнэ, хумсаа мэрэх нь бүр зуршил болчихсон байна.

    Зулзагануудыг томроод ирмэгц Миаумаа тэднийг ганц нэгээр нь үүгээр түүгээр явуулдаг болов. Гэхдээ муур хөөх дуртай ноход сууринд байдаг тул анхаарал болгоомжтой байхыг эх нь тэдэнд анхааруулжээ.

    Огт мэдэхгүй орчинтой танилцахаар явах нь Намуунаад их таалагдав. Тэр нэгэн маш сайхан үнэртэй цэцгийг үнэрлэж байлаа. Гэтэл нэг бяцхан шоргоолж цэцэгний цоморлигоос дамжин гарч Намуунаагийн хамар өөд авирч эхэллээ. Намуунаа “ач!” хэмээн найтаагаад тэнд сууж байсан эрвээхийг үргээж орхив. Намуунаа эрвээхийг барихаар араас нь хөөцөлдсөн боловч хэтэрхий дээгүүр нисээд буй түүнд хүрч чадахгүй байлаа.

    Ингэж явахдаа Хуцаахай гэдэг том нохойтой айлын хашааны гадаа ирснээ тэр ер анзаарсангүй. Хуцаахай бол муу нохой биш, харин ч сайхан сэтгэлтэй нэгэн юм. Гэхдээ Намуунаа үүнийг мэдэхгүй л дээ.

    Хуцаахай гэнэт үсрэн гарч ирэхэд Намуунаа маш их цочив. Модны оройд гарч Хуцаахайгаас нуугдахын тулд ой руу санд мэнд харайлгалаа. Намуунаагийн араас хөөх нь Хуцаахайд их зугаатай байсан тул яг ард нь гэзэг даран нэхэж явав.

    Намуунаа арай гэж ойд хүрлээ. “Одоо ч модны оройгоод гараад алга болдог хэрэг” хэмээн сандарч тэвдсэн Намуунаа бодлоо. Авраарай! Юу болох нь энэ вэ? Хөп! гээд л Намуунаа модны орой өөд үсэрсэн боловч дрррр гээд л гулгаад уначихав. Ахиад л цөхөрсөн оролдлого хийлээ.  Хөп! Бүр гэдсээрээ паг хийн унав. Мэрэгдсэн савар нь модонд шигдэн барьж чадахааргүй мохоо болсон байлаа.

    Хуцаахай юу юугүй түүнд тулаад ирэв. Намуунааг айлгахын тулд их л сүртэй архирсаар дөхөж ирлээ. Намуунаагийн хамаг бие чичрэн, нүдээ анивчин айн цочсондоо хумсаа мэрж гарав.

    Хумсаа мэрээд чичрэн байгаа муурыг хараад Хуцаахайгийн инээд нь хүрлээ. “Чи чинь ямар хөгийн муур вэ? Жинхэнэ муур чинь нохойд хөөгдөхөөрөө модонд авирч гараад хэржигнэн, хумсаараа сүрдүүлдэг байхгүй юу. Ийм муурыг хөөх ч зугаатай шүү. Гэтэл чи? Чи чинь гэдсээрээ хэвтчихээд л чичрээд хумсаа мэрээд байх юм. Би мууранд дайсагнадаггүй нь чиний аз боллоо. Тэгээгүй бол би чамайг ураад хаяхгүй юу”

    Намуунаа зориглон нүдээ нээв. Түүний нөхөр байхыг хүсч байна гэдгээ харуулахын тулд Хуцаахай сүүлээ шарвагнуулж байлаа. Гэтэл сүүлээ нааш цааш хөдөлгөх нь муурны хэлээр бол “болгоомжтой, надад ойртох гэсний хэрэггүй шүү” гэсэн үг юм. Хуцаахайгийн нөхөрсөг дохиог ойлгоогүй Намуунаа түүнийг айлгаж явуулахын тулд нуруугаа төвийлгөн нумраад хэржигнэж гарав.

    “Үгүй ерөө, чиний намайг айлгана ч гэж юу байхав дээ. Намайг маажчих хумс чамд байхгүй юм чинь дээ! Хоёулаа найзалбал дээр юм биш үү? Тэгвэл хумсыг чинь ургаж гүйцтэл чинь би чамайг бусад нохдоос хамгаалья”. “Гэхдээ миний хумс ургахгүй байхаа. Би хумсаа мэрээд бүр дасчихсан, хэзээ яагаад мэрж байгаагаа ч анзаарахаа больчихсон” гэж Намуунаа ичингүйрэн гүвтнэв. “Энэ чинь харин муу шүү! Урт хумсгүйгээр чи бол жинхэнэ муур биш, хэн ч чамайг тоохгүй, тэгээд ч энэ нь чамд аюултай. За байз, туслах арга баймаар л юм даа. Би чамайг үргэлж хамгаалаад байж чадахгүй шүү дээ” гэж Хуцаахай хүнгэнээд аргаа олж ядан чихнийхээ ар талыг маажиж байв. “Аа, би оллоо! Хумсаа мэрэхийн оронд эрхий хуруугаа хөхөж бай! Өө нээрээ! Энэ ч тааруухан санаа байна ингэвэл чи дорсгой шүдтэй болж, эрхий хуруу чинь мөлийнө шүү дээ. Энэ ч муурны хувьд богинохон хумснаас ялгаа юу байхав. Хм, санаанд орж ирэх юм алга аа.

    “Би болох уу? Би та нарт туслая! хэмээн Хуцаахайгийн үсэн дотроос хэн нэгэн зөөлнөөр дультраатав. “Чи хэн бэ?” гэж Намуунаа асуулаа. Хуцаахай бүр гайхаж орхив. “Би байна, бяцхан нохой бөөс”. “Өө, чи муу ядаргаатай амьтан яаж тусална гэж? Чи муу намайг байнга хазаж загатнуулдгаас би үргэлж биеэ маажиж байх болдог”. “Харин тиймээс л” гэж нохой бөөс хариуллаа. “Миний Намуунаад үзүүлж чадах тусламж чинь энэ л байхгүй юү. Би одоо чамаас Намуунаагийн бие руу үсэрчихье. Түүнийг хумсаа мэрэхээр нь би арьсан дээгүүр нь гүйж загатнуулан үүнийгээ болихыг түүнд сануулна. Хэрвээ тэр хумсаа мэрэхгүй байвал нь би түүнийг загатнуулахгүй харин чихэнд нь нохойн тухай гоё үлгэрүүд ярьж өгнө. Тэр хэдий удаан биеэ барьж чадна би төдийчинээ удаан үлгэр ярина.

    “Энэ ч харин сайхан санаа байна шүү, бяцхан нохой бөөс минь. Би чамайг дуртайяа Намуунаад өгнө. Чи над руу эргэж ирэхийн ч хэрэггүй. Би залхтлаа маажсан”. “Тэгье ээ, тэгье. Би өөр нохой олчихноо. Чиний урт сэгсгэр үсэн дотор ч уг нь их таатай сайхан байсан л даа. За, би ингээд Намуунаа руу үсэрчихье. Нэг, хоёрын гурваа, Хөп!

    “Хүүш! гэж Намуунаа орилоод “ингэхгүй шүү. Намайг хумсаа мэрээгүй байхад чи загатнуулаад эхэллээ шүү дээ“ гэв. “Уучлаарай. Би чихний чинь орчим нэг аятайхан газар эхлээд олоод авья. Дахиж ингэхгүй ээ”

    Бяцхан нохой бөөс Намуунаа хумсаа мэрж буй эсэхийг тун сайн ажиж байлаа. Тэр Намуунааг загатнуулбал мохоо хумсаараа сайн маажиж чадахгүй. Намуунаагийн хувьд тун таагүй явдал болдог байв. Намуунаа хумсаа мэрэхгүй байвал нь нохой бөөс түүнд нохойн тухай хачин сайхан үлгэрүүдийг ярьж өгдөг ба эдгээр үлгэрт нь мөн л олон муурнуудын тухай гардаг байв. Үлгэрээс Намуунаа их зүйл сурч, ганцаардах нь багасч, зоригтой болж, тэвдэж сандрахаа байж, бодсон санаснаа бяцхан нохой бөөстой ярилцдаг боллоо. Намуунаа хумсаа бараг мэрэхээ больсон тул нохой бөөс ч Намуунаагийн арьсан дээгүүр арвагнаж загатнуулахаа бараг больсон байна.

    Нэг өдөр Намуунаа танихгүй нохойтой тааралдав. Гялсхийн модон дээр авирч гаран араас нь үсэрсэн нохойн хоншоор дундуур тавхайгаараа алгадаад авлаа. Хамраасаа цус садруулсан нохой гангинан алга болж өгөв. Зулзаганы эх Миаумаа энэ үед тохиолдлоор ойр байжээ. “Мундаг байна шүү, Намуунаа. Чи ч жинхэнэ зоригтой муур болсон байна. Одоо модноос буугаад ир. Нохой аль хэдийн алга болсон” гэлээ.

        Урт сайхан хумсаа модонд шигтгэн авирч чаддаг болсноо Намуунаа сая л ойлгов. “Ура! Би жинхэнэ муур боллоо! Миний хумснууд ямар болсныг чи харж байна уу, бяцхан нохой бөөс минь?

    Бяцхан нохой бөөс Намуунааг сонссонгүй. Намуунаа тун сайн хүмүүжсэн болохоор одоо түүний тусламж хэрэггүй болж гэж ойлгосон нохой бөөс аль нэг нохойн арьсанд байрлаж авах боломжийг л хүлээж байж. Одоо тэр Намуунааг хөөж зүрхэлсэн бүдүүлэг нохойн үсэнд шигдсэн байв. Тэр нохой хамраасаа цус урсгаад зогсохгүй нохой бөөстэй болж авчээ!

    Чи арай хумсаа мэрдэг юм биш биз? Магадгүй тэгвэл эцэг эх чинь нохой бөөсний үүргийг гүйцэтгэж, чи тэдэнтэй өөрийн сэтгэл зовоосон хэцүү ер нь л бүх зүйлээ ярилцаж, тэд чамд гоё үлгэрүүд ярьж өгөн тэд чамайг хумсаа мэрэх зуршлаас чинь аврах биз. Ингэхдээ та бүхэн “шагналын хуудсан” дээр өдөр бүрээр сайжрах амжилтыг чинь тэмдэглэвэл хумсаа мэрэхээ болиход чинь тун хэрэгтэй тоглоом болно доо!

Ц.Мөнх