Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

 

Тогтолцооны ил тод байдал, хариуцлагад анхаарах нь                                                                                                                  

Олон ажиглагчдын хувьд “PISA-ийн цочрол”-оор ил болсон асуудал юуны түрүүнд Германы боловсролын тогтолцоонд ил тод байдал, хариуцлага дутсанаас шалтгаалж үүсчээ.

Германы хувьд стандарт нь өндөр хэмээгдэж байсан боловч PISA-ийн судалгаа энэ нь хэтрүүлэг байсан гэдгийг харуулав. Хэдийгээр олон хүн удаан хугацааны туршид нэгдмэл бөгөөд өндөр түвшний, ил тод стандартыг шаардаж байсан боловч тэд үргэлж татгалзсан хариу авч амжилт олоогүй юм. Дээр өгүүлсэнчлэн Герман нь шалгалтын гүйцэтгэлд тусгайлан суурилсан сурлагын амжилтын албан үнэлгээнд үнэн голоос таагүй хандаж ирсэн. Иймд стандарт нь шаардлагаас  шаардлагад, сургуулиас сургуульд, багшаас багшид, мужаас мужид ялгаатай байж иржээ. Мөн хэрэглэгдэж байгаа үнэлгээнүүд ч хоорондоо ялгаатай байсан юм. Олон муж улсад ахлах сургуулиуд нь өөрсдөө Абитур шалгалттай байв. Тухайлбал, зарим дээд боловсролын байгууллага, ажил олгогчид бусад мужаас илүү Бавар мужийн Абитурын шалгалт давсан сурагчдад итгэнэ.

Германы боловсролын бүхэл бүтэн тогтолцоо нь эмпирик мэдээ баримт болон түүний нарийвчилсан анализийг боловсролын шийдвэр гаргах үндэслэл болгон ашиглах тал дээр тун хойрго байсан юм. Энэ тогтолцоонд бодлого нь мэдээлэл дээр бус харин үнэлэмж дээр л суурилна. Иймд германчууд өөрсдийн боловсролын шинэчлэлийн хэсэг болгон хэд хэдэн шийдлийг гаргажээ. Үүнд:

Нэгдмэл стандарт

2003, 2004 онд Сайд нарын зөвлөл бага сургуулийн 4-р ангийн герман хэл, математикийн үндэсний боловсролын стандарт, дунд сургуулийн 9, 10-р ангийн герман хэл, математик, нэг дэх гадаад хэл (англи, франц), шинжлэх ухаан (биологи, хими, физик)-ы хичээлийн стандартыг боловсруулахаар шийдвэрлэжээ.

2007 онд Сайд нарын зөвлөл ахлах дунд сургуульд үздэг математик, герман, франц, англи хэл, биологи, хими, физик гэсэн долоон хичээлд зориулан нэмэлт стандарт тогтоосноо зарласан.

Тэдгээр гүйцэтгэлийн стандарт нь Герман улсын хэмжээнд сурагчид эзэмших ёстой чадамжуудыг хичээл бүрээр тогтоож өгчээ. Өмнө нь Германд ийм төрлийн стандарт огт байгаагүй юм. Муж улсууд нийтээр санал нэгдсэнээр тэдгээр стандарт Германы бүх 16 муж улсад зайлшгүй хэрэгжих ёстой болжээ. Тэдгээр нь PISA үнэлгээнд хэмждэг чадвар, чадамжуудад анхаарч ач холбогдол өгсөн байна.

Стандартад суурилсан шинэ үнэлгээ

2006 онд Сайд нарын зөвлөлийн сайд нар бага сургуулийн 3-р анги, дунд сургуулийн 8, 9-р ангийн сурагчдад зориулан үндэсний хэмжээнд ашиглах хэмжээс бүхий Германы 16 муж улсын сурагчдын гүйцэтгэлийг харьцуулах нийтлэг үнэлгээг боловсруулахаар тохирчээ. Эдгээр шинэ үнэлгээ нь муж бүрийн сурагчдыг төлөөлөх түүвэр дээр суурилна.

Үүнээс гадна муж улс бүр шинэ стандартад зориулсан мужийн шалгалтын тогтолцоо хөгжүүлэхээр ажиллаж байна. Олон тохиолдолд мужууд эдгээр үнэлгээг хөгжүүлэхэд хүч чармайлтаа хамтатгасан байнй. Эдгээр үнэлгээг хавар бүр явуулж, 3-р ангийн бүх сурагчдын төлөөллийг, зарим мужид 6-р ангийн сурагчдыг шалгах юм.

Олон улсын харьцуулсан үнэлгээн дэх оролцоо

Герман улс олон улсын харьцуулсан үнэлгээний гурван гол хөтөлбөрт оролцох үүрэг хүлээжээ: дунд сургуулийн түвшинд PISA, бага сургуулийн түвшинд TIMSS, PIRLS. Тус улс мөн дээрх үнэлгээний үр дүнг хэвлэж гаргана хэмээн мэдэгдэж байна.

Тогтолцоог хянах шинэ байгууллага

Өргөн хүрээний үр дүн хүлээж буй дээрх бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд 2004 онд германчууд Берлиний Гумболдтын их сургуульд төвтэй Боловсролын дэвшлийн хүрээлэн хэмээх шинэ байгууллага байгуулжээ. Энэ байгууллага шинэ мониторингийн тогтолцоонд шаардлагатай стандарт ба үнэлгээг боловсруулахад дэд бүтэц ба шинжлэх ухааны чадавхиар хангах ба мэдээлэл цугуулж, анализ хийж, үр дүнг түгээх үйл ажиллагаа явуулна.

Тайлангнах шинэ аргазүй

Холбооны засгийн газар ба Ландер нь “Герман дахь боловсрол” хэмээх Германы боловсролын тогтолцоог тасралтгүй, мэдээлэлд суурилан, асуудлыг гол болгон хянах зориулалт бүхий үзүүлэлтэд суурилсан тайлангийн тогтолцоог хэвлүүлэхээр тохирчээ. Эдгээр тайланг хоёр жил тутамд хэвлэж, тогтмол цөм үзүүлэлтэд суурилсан мэдээллийг танилцуудаг юм. Анхны тайланг 2006 онд хэвлэн гаргажээ. Тус тайлан цагаачдын нөхцөл ба тэдний боловсролд анхаарал хандуулсан байна. 2008 онд хэвлэсэн хоёр дахь тайлан нь бага насны боловсролоос янз бүрийн шатны сургууль, мэргэжлийн боловсролд, улмаар тэндээсээ дараагийн шатны боловсрол болон ажил хөдөлмөрт шилжиж буй хүүхдийн боловсролын байдлыг гол болгон анхаарчээ.

Гүйцэтгэлийн мэдээллийг цуглуулж, анализ хийх чадавхийг сайжруулах нь                

Германчууд боловсролын бодлого боловсуурлах үйл явцад эмпирик мэдээллийн хэрэглээ ба түүний задлан шинжлэлд өндөр ач холбогдол өгдөггүй учраас энэ чиглэлд нэг их хөрөнгө оруулаагүй ажээ. Герман улс 1965 оноос боловсролын тогтолцоогоо сайжруулж эхэлсэн юм. Харин олон улсын үнэлгээний үр дүн энэ үйл явцыг маш их хурдасгажээ. Одоо засгийн газар эмпирик мэдээлэлд суурилан сургуулийн бодлогыг явуулахад шаардагдах судалгааны чадавхи бий болгохын тулд системтэйгээр хөрөнгө оруулж байна. Жишээлбэл, 2007 онд Холбооны боловсролын яам “Боловсролын эмпирик судалгааг дэмжих аргазүйн хөтөлбөр” хэрэгжүүлэх болсноо зарлажээ. Хөтөлбөрөөр засгийн газраас сонирхон хэрэгжүүлэх гэж буй судалгааны арга болон сэдвүүдийг төлөвлөдөг байна. Тус яам энэ судалгааны хөтөлбөрийн аргазүйг боловсруулахдаа муж улстай хамтран ажиллаж, ингэснээр судалгаа бодлого ба бодит үйл ажиллагааг үр дүнд хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.

 

Сургуулийн цагийг нэмэгдүүлэх

2000 оны PISA судалгаа герман сурагчдын сургууль дээрээ зарцуулдаг цаг бусад улсын сурагчдаас цөөн байна гэдгийг харуулсан. Өмнө нь сурагчид зөвхөн өглөөний цагийг сургууль дээр зарцуулдаг байв. Одоо олон сургуулийн сурагчид үдээс хойш 16 цаг хүртэл, эсвэл түүнээс удаан хугацаанд сургууль дээр байдаг. Гэхдээ сургуулиуд энэ схемд хамрагдах шаардлагагүй бөгөөд хамрагдаагүй сургуулиуд долоо хоногийн зөвхөн гурван өдөр л үдээс хойш хүртэл нээлттэй байх ёстой ажээ.

 

Багшийн чанарыг сайжруулах                    

Олон улсын үнэлгээгээр илрэн гарсан асуудлуудын гол сурвалж нь Германы багш нар байж болох юм. Тухайлбал, Карл Улрих Майерийн таамаглаж буйгаар “80-аад онд боловсролын тогтолцоо муудсан нэг шалтгаан нь багшлах боловсон хүчний хэт насжилт байсан. 60, 70-аад онд хүүхэд төрөлт гэнэт нэмэгдсэнээс үүдэн олон тооны багш шаардлагатай болжээ. Тухайн үед олноор ажилд орсон багш нар одоо идвэхгүй, ялангуяа цагаач гэр бүлийн хүүхдүүдтэй ажиллах бэлтгэлгүй нэг үеийн багшлах хүчин болжээ. Хэрэв PISA-ийн дараагаар гүйцэтгэл сайжирахад үзүүлсэн нөлөөллийн зарим нь саяхан ажилд авсан залуу багш нараас шалтгаалсан бол би лав гайхахгүй.”

Германд Абитурын шалгалт давахгүйгээр багш болж чаддаггүй. “Америкийн төлөө зааж сурга”-ын Герман хувилбар болох “Эхлээд зааж сурга”-ын захирал Кайжа Лэндсберг Германд багш болох үйл явцыг ингэж тайлбарлсан юм:

“Абитурын шалгалт өгч Гимназ дүүргэсний дараа ирээдүйн багш нар их сургуульд явна. Тэнд тэд хоёр судлагдахууныг бусад их сургуулийн оюутнуудтай өрсөлдөх хэмжээний түвшинд тусгайлан сонирхон судалж, мэргэших хэрэгтэй болдог. Ингэснээр их сургууль тэд нарт тухайн судлагдахуунаар өндөр түвшний мэдлэг олгодог. Их сургууль дүүргэсний дараа тэд судлагдахуунаа заахаар төлөвлөжээ. Багш болохын тулд тэд урьдаар өөрийн судлагдахууны сургах зүйгээр багшийн дадлага ба түүнтэй холбоотой курсын ажлыг хамтатгасан хоёр жилийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй ба тэгээд ч зогсохгүй жинхэнэ мэргэжлийн багшийн үүрэг хүлээхийн өмнө зөвлөгөө, хяналт дор наад зах нь нэг жил болж, бас нэг өөр шалгалт өгнө. Бид тухайн заах гэж буй судлагдахууны хувьд шаардлагатай хэмжээнд боловсрол эзэмшсэн хүмүүсийн тархалтын шилдэг гурвны нэгээс эхний тохиолдолд сонгогдсон хүмүүсийг л авч хэлэлдэг ба тэд тодорхой хугацаанд нэгээс дээш жилийн дадлага бүхий багшлах мэргэжлийн боловсрол эзэмшээд хичээлээ заадаг.”

Герман улс “PISA-ийн цочрол”-д орох үед олон хүн багш нарын үйлвэрчний эвлэл нь шинэчлэлд хөдлөшгүй саад байх болно гэж төсөөлж байв. Гэвч эсэргээр багшийн үйлдвэрчний эвлэл шинэчлэлийг дэмжиж, замыг нь засахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн сурагчдийн гүйцэтгэлийн талаарх шинэ мэдээлэл багшийн хариуцлагын тогтолцоонд ашиглагдахгүй гэсэн засгийн газрын гэрээ багш нарын эерэг хариу үйлдэлд нөлөөлсөн нь эргэлзээгүй юм. Багш нар тэр шинэ шалгалтад багшийн нөхөн олговор тогтооход болон багшийн ажил хийсний урамшуулалд нөлөөлөх боломжгүй түүврийн арга хэрэглэнэ гэдгийг баталгаажуулж авсан байна. Харин багш нар сургуулийн өдрийг цалин хөлсний дүйцэх нэмэгдэлгүйгээр уртасгахаар тохирчээ. Энэ бүхний үр дүнд багш нар Германы олон нийтийн дунд нэр хүндээ үргэлжлүүлэн өндөрт өргөж, бодлого боловсруулахад чухал үүрэгтэй оролцох эрхтэй болжээ.

Хэрэв PISA-ийн цочролоос өмнө багшийн чанар нь сайн байсан юм бол үнэлгээний дараа юуг нь өөрчилсөн бэ гэж асууж магадгүй юм. Бусад оронд боловсролын талаар тааруухан зүйл дуулдахад багш нар л зэмлэлийн эхний бай болдог. Харин Германы багш нар, тэдний үйлдвэрчний эвлэл шинэчлэлд дайруулж арчигдахгүйн тулд энэ үйл явцын өмнө нь гарч ирэх ямар чухал болохыг мэддэг юм. Мөн тэдний мэргэжлийн бахархалд учир байна. Тааруухан үр дүнгээс болж мэргэжлийн нэр хүнд нь унасан ч илүү сайн үр дүнгийн төлөө өөрийгөө дээд зэргээр дайчлах нь сайхан чанар юм.