Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

 

ГЕРМАНЫ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ҮР НӨЛӨӨГ ОЙЛГОХ НЬ

 

Шинэчлэлийг Германы сурагчдын гүйцэтгэл дэх ахицтай холбон тайлбарлахад дараах сорилт, хүндрэл тулгарч байна:

  • Тэдгээр бодлогын өөрчлөлтийг бүгдийг нэг дор хийж хэрэгжүүлээгүй. Гэхдээ тэдгээр нь өнгөрсөн жилүүдэд танигдан түгэж, өөр өөр муж улсад ямагт янз бүрээр хэрэгжсэн. Зарим нь зөвхөн одоо л ямар нэг хэмжээгээр хэрэгжиж байна.
  • Германы СӨБ ба гэртээ герман хэлээр ярьдаггүй бага насны хүүхдүүдийн бичиг үсгийн чадварыг мэдэгдэхүйц сайжруулахаар хэрэгжүүлсэн ажилд хангалттай хугацаа хараахан байсангүй. Иймд үүний үр дүнг 2009 оны PISA судалгаанд оролцсон 15 настай сурагчдын гүйцэтгэлээс харах боломжгүй байв.        
  • Хэдийгээр шинэ стандартаас үүдэн Германы багш нарын дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнөсөн боловч түүнийг хэрэгжүүлж эхэлсэн 2004 оноос хойш энэ нь 15 настай сурагчдын гүйцэтгэлд нөлөөлөхүйц хугацаа байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Шинэ үндэсний стандартыг шалгах 4-р ангийн герман сурагчдад зориулсан анхны үндэсний үнэлгээний дүн дөнгөж 2010 онд буюу герман сурагчид PISA-ийн судалгаанд хамгийн сүүлд оролцсоноос нэг жилийн дараа гарлаа.
  • Хэдийгээр зарим муж улсад Германы алдарт гурвалсан тогтолцоог дахин зохион байгуулахад чиглэсэн зарим арга хэмжээ авсан боловч Германы нийт сургуультай харцуулахад дахин зохион байгуулсан сургуулиудын эзлэх хувь бага байна. Иймд герман сурагчдын гүйцэтгэлд гарсан их ахицыг сургуулийг дахин зохион байгуулах хөтөлбөрт хамаатуулах аргагүй.        
  • Өнгөрсөнд гүйцэтгэлийг хэмжих нь амаргүй хэрэг байв. Хамаагүй сайжруулсан Германы судалгааны байгууллага одоо хэрэгжүүлэлтийг шуурхай, нягт нямбай даган ажиглах чадвартай байх ёстой ба ингэснээр боловсролын салбарт ажиллагсад, бодлого боловсруулагчид сайн чанарын мэдээлэлтэй болно.                     

 

Эдгээр бүх санааг сайн мэдээ хэмээн хөрвүүлж болно. Хэдийгээр өнөөг хүртэл шинэчлэлийг зөвхөн хэсэгчлэн хэрэгжүүлсэн, 2009 онд 15 настай байсан сурагчдын гүйцэтгэлд нөлөөлөх хангалттай хугацаа байгаагүй боловч 2000 оны PISA үнэлгээнээс хойш гүйцэтгэл илт сайжирсан байна. Иймд бидний зүгээс илүү олон сурагч шинэчлэлд хамрагдах тусам ирэх жилүүдэд герман сурагчдын гүйцэтгэл үргэлжлэн сайжирна гэсэн хүлээлттэй байна.

Мөн PISA-ийн цочролоор Германд зүүн ба барууны намуудын боловсролын хөтөлбөрийг хамтатгах боломжтой болсон учраас бодлогоо хүчтэй намын тогтолцоотой орнуудад тохиолддогоос илүү тогтвортой үргэлжлүүлэх ёстой юм.

BIBB дэх судалгааны захирал Рейнхолд Вейссийн хэлснээр “Түргэн хугацаанд үр дүн хүлээх нь амьдрал дээр боломжгүй. Гэхдээ өдрийн сургуулийн тоо нэмэгдэж, бага насны хүүхдийн бололвсролыг өмнөхөөс илүү дэмжиж, сурагчдын гүйцэтгэл ба тогтолцооны талаар илүү мэдээлэлтэй болсон учраас Герман улс зөв зам дээр байна.”

Германы ихэнх ажиглагчид өнөөг хүртэл олсон амжилтад  янз бүрийн бодлогын санаачлагын аль нь холбоотой вэ гэдгийг шууд үнэлж дүгнэхгүй байна. Гэхдээ тэдний ихэнх нь Германы сурган хүмүүжүүлэгчдийг арга хэмжээ авахад хүргэсэн зүйл нь PISA-ийн цочрол байсан, өөрөөр хэлбэл багш нар сурагчид нь тааруухан гүйцэтгэлтэй байсныг нэгэнт мэдсэнээр тэдэнд нөхцөл байдлыг сайжруулах сэдэл хангалттай бий болсон гэдгийг сануулан хэлж байгаа юм. Нэг хэсэг нь шинэ стандарт сурагчид нь юуг сурч мэдэх ёстой талаар тодорхой зураглалыг багш нарт анх удаа өгсөн гэж бодож байна. Нөгөө нэг хэсгийн сануулснаар муж улсуудын угийн өрсөлдөөнч зан нь Ландерийг нэгдмэл үнэлгээгээр харьцуулсан мэдээллийг олон нийтэд хүргэх стратегитай хосолсноор тус амжилтад хүрчээ.

 

ГЕРМАНААС АВАХ СУРГАМЖ

Бид герман сурагчдын гүйцэтгэл сайжрахад хамгийн чухал гэж үзсэн хүчин зүйлийг дор жагсаав:

 

Сайн багш

Германд ахлах сургууль төгсөгчдийн шилдэг гуравны нэгээс багш нарыг сонгож авдаг. Их суруульд багш бэлтгэх нь бусад ихэнх оронд багш бэлдэх болон Германд бусад ихэнх мэргэжилтнүүдийг бэлддэгээс хамаагүй урт удаан үйл явц юм. Бага сургуулийн багшийг оролцуулаад багш мэргэжлээр их сургуульд сурч буй оюутнууд багш болоод заах хичээлийн талаар ихээн зүйл хийнэ. Саяхны шинэчлэлээр сурагчдад тулгарсан тодорхой бэрхшээлүүдийг оношилж, тодорхойлдог чадваруудыг багш нарт олгох шаардлагыг багшийн мэргэжил олгох хөтөлбөрүүдэд тавьж байгаа юм. Бүх муж улсад багш хүн өөрийн үүргээ хүлээж, албан ёсоор орон тооны багш болохын өмнө мастер багш нарын зөвлөгөө, хяналт дор ажиллах шаардлагыг дагадаг. Германы багш нарын дээд зэргийн чанар нь PISA-ийн цочрол тохиох үед хэрэгтэй нөөц болж хувирсан юм. Герман багшийн чанар нь шинээр эхлүүлсэн шинэчлэл нөлөөгөө үзүүлэхээс ч өмнө герман сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлж чадсан ажээ.

Хосолмол тогтолцооны үнэ цэнэ                 

Германы боловсрол ба сургалтад маш чухал функцын үүрэг гүйцэтгэж ирсэн хосолмол тогтолцоо хэрхэн ажилладагийг авч үзэхгүйгээр Германы боловсролын тогтолцооны үр дүнтэй байдлыг авч хэлэлцэх боломжгүй юм. Дэлхий дахинаа аж үйлдвэржсэн дэвшилтэт үндэстнүүдийн өмнө дараах утгатай шаардлага буй: түрүүнд явахын тулд сургууль төгсөгчдөд нь ажлын зорилтоо тавих, түүнд хүрэх төлөвлөгөө гаргах чадвар, тэгээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд  дэгтэй, санаачлагатай ажиллах чавдар, өөрөөр хэлбэл багийн үр дүнтэй гишүүн буюу ахлагч байх, бие даан ажилладаг байх, тулгарсан янз бүрийн асуудлыг шийдэхдээ туршлага, онол хэрэглэдэг байх зэрэг чадвар болон задлан шинжилж, бүтээлчээр сэтгэх чадвар зэрэг цогц чадвар хэрэгтэй юм. Дээрх зүйлсийг эзэмшээгүй ажилтнууд нь хүнд ноцтой асуудал, өрсөлдөөнд хүчлэн хойш чангаагч болдог. Саяхны OECD-ийн орнуудын мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын бодлогын тайланд онцолсноор хосолмол тогтолцоо нь тэдгээр чадварыг бий болгох үр дүнтэй тогтолцоо ажээ.

Хосолмол тогтолцоог Германаас бусад газар ашиглах боломжтой юу? Олон орон энэ тогтолцоог зөвхөн Германы соёлын хүчин зүйлст нийцсэн, магадгүй Европын бусад ижил төстэй орнуудад тохирч болох зүйл хэмээн үздэг учраас үүнийг өөрт хамаагүй хэмээн тоолгүй орхисон ажээ. Гэвч хосолмол тогтолцоогүй орнууд нь дээрх чадваруудыг хөгжүүлэх сайн бүтэц үгүй сургуулиудтай боловч тэдгээр чадварыг сурагчдад эзэмшүүл хэмээн сургуулиудаа хүчлэн шахаж байна. Ажлын талбарт цаг нь тулахаар тараа таниулж, бэлтгэлгүй байх юм бол ажилтай байх хэцүү болно гэдгийг сурагчид одоо мэддэг болжээ. Ажлийн талбар нь хэрхэн багийн үр дүнтэй гишүүн, сайн удирдагч байх вэ гэдгийг заадаг. Энэ бол сургуульд сурсаныхаа хэргийг ажил, ер нь хаана ч тулгарч болох янз бүрийн асуудлыг даван туулахад гаргадаг идеал газар юм. Хосолмол тогтолцооны онцлог болох нийгмийн оролцогчдын хүчтэй хамтын ажиллагаа нь МБС-ын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцдэг, хэрэгтэй чадварыг зааж сургах найдвартай тогтолцоо юм гэдгийг батлалцаж байна. Энэ нь залуу хүмүүст ажил олоход нь тусалдаг.

Герман улс албан сургуулийн боловсролыг хосолмол тогтолцоотой уян хатнаар нэгтгэснээр олон улсын өрсөлдөөнд шийдвэрлэх ач холбогдолтой чадвар, мэдлэг, мотивацийг сурагчиддаа зааж сургах маш хүчирхэг тогтолцоотой болсон гэдгээ харуулж байна. Дэлхийн эдийн засаг дахь Германы дахин сэргэлт нь албан сургууль ба хөдөлмөрийн дадлагыг хослуулсан тогтолцоотой нь тодорхой түвшинд холбоотой байх боломжтой билээ.

Олон улсын харьцуулалт ба хариуцлага

Энэ дашрамд өгүүлэхэд Германы тухай ярих нь хариулцлагын тухай яриа болдог билээ. PISA-ийн цочролоос өмнө Герман нь бусад орон боловсролын тогтолцоогоо сайжруулахаар юу хийж байна гэдгийг сонирходоггүй байв. Харин 2000 оноос Герман нь олон улсын харьцуулалтад идвэхтэй, шийдэмгий оролцогч болсон юм. Гэвч Герман нь шалгалт, үнэлгээнд суурилсан хариуцлагын тогтолцоог сонгосонгүй. Энэ нь зарим талаар багш нарыг ажил дээр нь тогтоож, шинэчлэлийг бүхэлд нь дэмжих эрмэлзэлтэй болгох гэсэн санаа байлаа.

Зориг тэмүүлэл бий болгох (ялангуяа сурагчдад)

Германд ажил амьдралын боломж нь албан боловсролоор олж авсан баталгаа бөгөөд энэ нь тухайн хүн сургуульд хэр сурч байснаас хамаардаг.  Иймд  герман сурагчид сургуульдаа их хичээдэг байна. Энгийнээр жишиж хэлбэл, Германд тоосго өрөгч, авто механик нь тархины мэс засалч мэт хариуцлагатай ажилладаг байна. Германы энэ жишээ сургуульд гүнзгий түвшинд хичээлээ судалж, хөдөлмөрлөх зориг тэмүүлэл сурагчдад бий болгодог шат, зэрэг, мэргэжлийн тогтолцооны нэг том жишээ юм.

Гэвч түрүүнд явах нь тэр чигтээ сорилт юм. Зөвхөн өнгөрсөн зун гэхэд Германд сурагч, багш нар шинэчлэлийн талаарх маргаанаас болж сургуульдаа очоогүй явдал тохиосон байна. Олон муж улсын өндөр шаардлагатай стандартад шахагддаг гэж өөрсдийгөө үздэг Гимназын сурагчид тэд өмнөхөөс ч илүү дарамт шахалтад орж байна гэж үзжээ. Тэдний үзэж буйгаар тэд илүү их шаардлагын дор сурах боловч сургуулийн хугацаа нь өмнөхөөс нэг жилээр богиноссон ажээ.

 

ГЕРМАН УЛС БОЛОВСРОЛЫН ХЭМЖҮҮРИЙН ХААНА НЬ БАЙНА ВЭ?  

Герман нь дэлхийн агуу их аж үйлдвэржсэн улсуудын нэг бөгөөд Европын эдийн засгийн хөдөлгүүр гэгддэг билээ. Дэлхийн бусад улстай харьцуулахад Германд цалин, тэтгэмж өндөр. Энэ улсын эдийн засаг нь өргөн хэрэглээний эд бараа бус, харин нэмүү өртөг ихээр шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдаанд суурилдаг юм. Өнөөгийн өрсөлдөөн дэх Германы амжилт нь тус улсын ажиллах хүчний чанар, бүтээлч байдал, чадварт байгаа юм. Энэ бүх хэмжүүрээр тус улс эдийн засгийн хөгжлөөр тэргүүний эгнээнд орж байна.

Багшлах боловсон хүчний чанарын хэмжүүрээр авч үзвэл Герман улс олон жилийн өмнөөс Абитурын шалгалт давсан байх шаардлагыг бүх багшид тавьснаараа чухал шийдвэр гаргасан юм. Үүний зэрэгцээ багшийн чанарыг батлах бусад шаардлагуудыг боловсруулсан байна. Хэдийгээр Германд бүгд хүлээн зөвшөөрдөггүй боловч ихэнх шинжээчид Германыг багшийн чанараар тэргүүлэх улсын эгнээнд байрлуулжээ.

Герман PISA-ийн цочролд орох үед бодлого боловсруулагчид үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрийн стандарт тогтоосон төдийгүй олон улсын түвшний харьцуулалтаар дамжуулан өөрийгөө үнэлж байхыг шаардах болсон юм. Энэ нь өндөр цалинтай, аж үйлдвэржсэн улсуудад асуудлыг шийдэхэд шаардагдах өндөр түвшний чадвар ба цогц чадваруудад анхаарлаа хандуулсан хэрэг байв. Урлаг, утга зохиол төдийгүй математик шинжлэх ухаанд ач холбогдол өгдөг зуун зууны Герман уламжлал нь шинэ сургалтын стандарт сурагчдын бүтээлч чадварыг хөгжилд харшлахгүй гэдгийн баталгаа юм. Гэхдээ зарим германчууд шинэ стандарт нь мөн чанараараа бүтээлч сэтгэлгээ ба гоо сайхны сэтгэлгээнд аюул учруулна гэж болгоомжилсоор байна. Гэвч сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээр Герман нь мөн л хамгийн сайн үнэлгээ авч буй орнуудын нэг юм.          

         

Орчуулсан эх сурвалжийн тухай: http://gashuun.mn/84

 

Хуудаснууд