Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

 

Энэ хугацаанд Онтариогийн боловсролын яамнаас дараах хоёр гол санаачлагыг эхлүүлж мөрджээ:

Бичиг үсэг, тооны боловсролын санаачлага:  Энэ нь бага сургуульд унших бичиг ба тооны сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилготой. Энэ санаачлага нь гүнзгий түвшинд чадавхийг бэхжүүлэх стратегиар дамжуулан 3-р ангийн унших бичих, математикийн хичээлээр мужийн шалгалтын дундаж оноог ойролцоогоор 55 хувиас (2003) 70 хувь (2010) хүртэл өсгөх хэмжээнд амжилт олсон. Мөн дээрхтэй ижил хичээлээр 6-р ангийн сурагчдын оноо 10-12 хувиар өссөн нь тодорхой болжээ.

Сурагчийн амжилтын санаачлага: Энэ нь ахлах сургууль төгсөж буй сурагчдын тоог 85 хувь хүртэл нэмэгдүүлэг зорилготой. Энэ хөтөлбөрийн үндэслэл ахлах сургуулиас завсардах явдал эрт эхэлдэг гэдэгт байв. 9-р ангидаа нэг буюу түүнээс дээш тооны хичээлд амжилтгүй үр дүн үзүүлсэн сурагчдыг судалж тогтоосноор сургууль завсардалтыг эрт үед таниж тогтоох боломжтой. “Сурагчийн амжилтын мэргэжилтэн”-ийг санхүүжүүлж, сурагчдын амжилт үзүүлээгүй хичээлүүдэд зориулсан “дахин итгэл өгөх” хөтөлбөр бий болгосноор төгсөлтийн тоог 68-аас 78 хувьд хүргэсэн байна.

Онтарио мужын амжилтад тухайн үеийн нөхцөл байдал ихээхэн дэм болсон ажээ. Улс төрийн хувьд Мак Квинтийн эрх баригч Либерал нам багш нар, боловсролын салбарын ажиллагсадын дунд нэр хүндгүй болсон өмнөх консерватив засгийн газрын хийж чадаагүй зүйлээс олз олж чадсан байна. Консерватив засгийн газар нь мужийн түвшний сургалтын хөтөлбөрийг бий болгож, үнэлгээ ба хариуцлагыг хамтатгах арга нэврүүлснээр ерөнхийдөө итгэл олж байсан юм. Гэвч тус засгийн газар санхүүжилтийг багасгаж, мэргэжил дээшлүүлэх цагийг тал хувиар танаж, телевизээр багш нарыг мангас болгон харуулсан нэвтрүүлэг цацаж, хувийн сургуулийг илүү дэмжсэнээрээ боловсролын нийгэмлэгийг өөрөөсөө холдуулж орхижээ. Энэ хугацаанд 55 000 сурагч улсын сургуулийн тогтолцооноос гарсан ба санал асуулгаар улсын сургуулийн эцэг, эхчүүдийн 15-аас илүү хувь нь хувийн сургуулийг сонгох талаар бодож байв. 1997 онд засгийн газрын хууль тогтоомжыг эсэргүүцэн багш нар хоёр долоо хоног ажлаа зогсоосныг оролцуулаад багш нар хэд хэдэн удаа ажил хаяжээ. Ёс суртахуун туйлаар унаж, засгийн газар, багш нарын хооронд харилцаа хурцаджээ. Онтарио мужийн дунд сургуулийн багш нарын холбооны ерөнхийлөгч асан, эвлэлийн удирдагч Ронда Киберли Янг ярилцлага өгөхдөө Мак Квинтийн засгийн газар эрх барихаас өмнөх жилүүдийн талаар ингэж өгүүлсэн юм:

“Бидэнд тэгээд консервативчууд үлдэж, тэд гайхамшиг бий болгох “Common Sense Revolution” гэж өөрсдийн нэрлэсэн зүйл рүү явж орсон юм. Тэд хүн бүрийн татварыг бууруулна гэсэн. Тэд үргүй зарлагыг хэмнэнэ гэсэн. Тэд бага зүйлээр ихийг хийнэ гэсэн-Бага зардлаар илүү чанартай үйлчилгээг хүргэнэ. Харамсалтай нь тэд сонгогчдыг энэ санаанд итгүүлж чадсан. Тэд засгийн эрхэнд гарахад Майк Харрис ерөнхий сайд болсон ба түүний томилсон анхны боловсролын сайд нь “ахлах сургуулиас завсардагчид” байсан юм. [Тэд] сурган хүмүүжүүлэх ухаан, судалгаа болон энэ төрлийн зүйлийг авч хэлэлцээгүй, харин лантуутай ирсэн. Тэгээд тэд хийсэн. 1998 онд бид муж даяар жагссан-энэ бол улс төрийн тэмцэл байсан.”

Энэ хуваагдмал нөхцөл байдалд Либерал нам боловсролыг мужийн дараагийн сонгуулийн гол асуудал болгох шийдвэрийг урьдаар гаргасан байна. 2001 онд Мак Квинти сөрөг хүчний удирдагчийн хувиар бодлогын үндсэн илтгэл тавихдаа хэрэв тэд сонгогдвол анги дүүргэлтийн тоог бууруулах зэрэг тусгайлсан цогц шинэчлэл хийх үүрэг хариуцлагыг нам нь үүрнэ хэмээн мэдэгжээ. Энэ илтгэлийн мөрөөр 65 бодлогын санал бүхий маш нарийвчилсан боловсролын шинэчлэлийн зорилтыг боловсруулсан байна. Либерал намынхан 2003 онд засгийн эрхэнд гарахаасаа өмнө тэд их шинэчлэлийн үүргийг өөрт хүлээсэн гэдэгтээ итгэлтэй байсан юм.

Мак Квинтийн анхны Боловсролын сайд Жерард Кеннеди эхнээсээ л боловсролын хэрэгт санаа тавьж иржээ. Тэрээр тухайн үед сөрөг хүчний намын боловсролын шүүмжлэгч, өөрөөр хэлбэл сүүдрийн сайд болоод байсан юм. Түүний өөрийнх нь хэлснээр тэрээр сайдын шинэ албанд ирэхдээ аль хэдийнээ бэлтгэлтэй байсан:

“Шүүмжлэгч байх үедээ би муж даяар аялж, олон тооны сургууль, сургуулийн зөвлөлөөр зочилсон. Би үдийн цайны зааланд багш нартай, хичээлийн дараа эцэг, эхчүүдтэй их хугацаа зарцуулж, боломж л гарвал хэдийд ч хамаагүй сурагчдын зөвлөлтэй уулзалт хийдэг байлаа. Би голлох оролцогч талуудын бүлэг бүртэй  холбоо харилцаа тогтоох төдийгүй бодлогын хөтөлбөрөө боловсруулахад тэднийг оролцуулахын тулд уулзсан. Энэ хугацаанд би 6000 хүнтэй уулзсан байх ёстой. Бид боловсролын талаар улс төрийн зөвшилцөлд хүрэх ёстой байлаа. Тогтолцоог улс төржүүлсэн өнөөгийн түвшин олон нийтийн итгэлийг эвдэж байсан юм. Консерватив засгийн газрын өмнөх найман жилд зуун зуун хичээлийн цаг ажил хаялт ба үл зөвшилцлөөс болж үрэгдэж, энэ түвшний эмх замбараагүй байдал нь олон нийтийг тогтолцоонд сэтгэл хангалуун бус болгож байсан гол зүй байсан. Хэрэв бид шинэчлэлийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ямар нэг боломжтой болох юм бол маш эрч хүчтэй өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэдэрч байсан. Бид засгийн газар ба мэргэжлийнхний хооронд, сургуулийн зөвлөл ба багш нарын хооронд итгэлцлийг дахин бий болгох хэрэгтэй байсан юм.”

Сайд Кеннедигийн манлайллын үүргээс гадна Мак Квинтийн засгийн газар нь сургуулийн шинэчлэлийн талаар өргөн хүрээнд бичиж, дэлхийгээр аялж лекц уншсан Торонтогийн их сургуулийн эксперт, гүн мэдлэгтэн, сургуулийн шинэчлэгч Майкл Фулланы зөвлөгөө ба манлайллын ач тусыг хүртсэн юм. Тэрээр Мак Квинтийн боловсролын тусгай зөвлөгч байсан бөгөөд өөр нэг гүн мэдлэгтэй эрдэмтэн Бен Левинийг Кеннедигийн орлогч сайдын хувиар засгийн газарт элсүүлж шинэчлэлийн хэрэгт хамтдаа зүтгэхэд нь тусалжээ. Эдгээр бүх дүр зураг удаан хугацаанд шинэчлэлийг тогтвортой хадгалахад тусл болж чадахуйц чадавхи сайжруулах тогтолцооны өөрчлөлтийн алсын харалтыг бас агуулж байсан юм. Мак Квинти зарим талаар төстэй шинэчлэл явуулж байсан Британид өөрийн биеэр айлчилсан бөгөөд Онтариогийн страгтеги нь зарим чухал засвар хийж Британыхыг ашигласан ажээ.

Санхүүгийн хувьд Онтариод санхүүжилтийг 1997 онд шинэчилж өөрчилснөөр сургуулийг 100 хувь мужаас санхүүжүүлж байна. Иймд тус тогтолцоо олон түвшинтэй байхын сацуу мужийн хэмжээний энэ санхүүжилт нь яамны эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна.