Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Нэгдмэл тогтолцоонд шилжих шинэчлэлийн явцад хувийн сургуулиудыг нийтийн сургуульд нэгтгэсэн байна. Ингэснээр 1970-аад оноос Финляндад суурь боловсролыг үндсэндээ улсын сургуулиуд дангаар олгох болжээ. Гэхдээ энэ нь хувийн сургуулиудыг бүрэн хориглосон хэрэг биш байлаа. Паси Сахлбергийн хэлснээр “Америкчуудын хувьд энэ санааг (Финляндад хувийн сургууль байдаггүй гэдгийг) бүрэн ойлгоход хэцүү юм шиг байж магадгүй. Гэвч энэ бол үнэн юм. Финляндад зөвхөн цөөн тооны бие даасан сургууль бий. Хэдий тийм боловч тэднийг улсаас бүрэн санхүүжүүлдэг. Тэдний алинд нь ч сургалтын төлбөр авахыг зөвшөөрдөггүй. Мөн хувийн их сургууль байдаггүй. Энэ нь бодит байдал дээр Финляндад бүх хүн СӨБ, эсвэл Ph.D байна уу ялгаагүй улсын сургуульд явдаг гэсэн үг.” (Орч.)

2005 онд нийтдээ суурь боловсролын гэрчилгээ олгох зөвшөөрөлтэй 3579 сургууль байснаас 59 (1.6%) нь хувийн сургууль байв. Харин ахлах сургуулиудын 8 хувь нь хувийнх ажээ. Гэхдээ хувийн сургуулиуд нь үндэсний сургалтын хөтөлбөрийг хатуу мөрдөх ёстой. Финляндад маш цөөн тооны олон улсын хувийн сургууль байх ба тэдэнд сургалтын төлбөр авахыг зөвшөөрдөг байна (Эх сурвалж: Elina Kilpi) (Орч).

 

Боловсролын үндэсний зөвлөлийн Ерөнхий захирал, Боловсролын яаманд 25 жил ажилласан туршлагатай Жукка Саржала шинэ хууль хэрэгжүүлэх төлөвлөлтийг тэргүүлэн хариуцаж байсан яамны ажилтны хувьд тулгарсан сорилтыг ингэж тодорхойлсон юм:

“Миний өмнө тулгарсан сорилт энэ шинэчлэл Финий өнцөг булан бүрт бүрэн хэрэгжинэ гэдгийг баталсан төлөвлөгөө боловсруулах байв. Тогтолцооны шинэчлэлд хойрго олон тооны орон нутаг байлаа. Иймд хуулийн мандат чухал болсон. Энэ бол хуучин тогтолцоонд дассан багш нарын хувьд үлэмж бөгөөд түвэгтэй маш том шинэчлэл байсан юм. Тэд шилж авсан хүүхдүүдтэй сургуульд хичээл зааж дассан, харин цэцэн сэргэлэн ба тийм бус хүүхдүүд нэг ангид суух сургуулийн тогтолцоонд ердөө бэлэн биш байв. Энэ нь зарим сургуульд хэрэгжихдээ настай багш нар нь тэтгэвэрт гарч, шинэчлэлийг хүлээн авах хүртэл хэдэн жилийг авсан.”

Ахмад багш нарын түгшүүрийг арилгах, тусдаа сургуулийн хуучин тогтолцоог нэгдмэл тогтолцоо болгоход тулгарсаар буй зарим хүндрэлийг шийдвэрлэх гол арга зам нь цогц сургуульд зориулсан үндэсний шинэ цөм сургалтын хөтөлбөр боловсруулах байв. Хөтөлбөр боловсруулах үйл явцад хэдэн зуун багшийг оролцуулсан бөгөөд үүнд 5 жил зарцуулжээ (1965-1970). Нийтлэг сургуулийн талаарх зарим шүүмжлэгчдийг айдсаас нь чөлөөлсөн нэг чухал шийдвэр нь ахлах ангид сурагчдын чадвар ба сонирхолын зарим ялгаа, ялангуяа математик, гадаад хэлний чадварын ялгааг харгалзан үзэж, тохируулах байсан юм. Сургуулиуд эдгээр хичээлээр гурван түвшний сургалт санал болгов. Энэ нь анхан, дунд, гүнзгий шатны сургалт юм. Анхан шатны сургалт нь орон нутгийн сургуульд үздэг түвшний зүйл бол гүнзгий шат нь хуучнаар дүрмийн сургуулийн түвшинд заадаг зүйл байв. Чадвараар нь бүлэглэх энэ хэлбэр байхгүй болох хүртлээ буюу 1980-аад оны дунд үе хүртэл оршин тогтножээ.

Магадгүй, сургуулийн нэгдмэл тогтолцоонд шилжих шилжилтийн хамгийн ач холбогдолтой, удаан хугацааны үр дагавар юу вэ гэвэл энэ нь ар гэрийн байдлаас үл хамааран бүх сурагчид тэгш хүртээмжтэй үйлчилж чадах сургуулийн тогтолцоо байгуулах нь маш өндөр түвшний мэдлэгтэй багшлах боловсон хүчин шаардана гэдгийг ойлгосон явдал байв. Паси Сахлбергээс дахин иш татвал:

“1970-аад оны эхээр бодлого боловсруулагчид хэрэв бүх фин сурагчийг нэг төрлийн сургуульд оруулж, нэгэн ижил хөтөлбөр бүрэн эзэмшихийг шаардах ийм үлэмж санаархал бүхий цогц сургуулийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлье гэвэл энэ нь дэмжлэгийн янз бүрийн тогтолцоо төдийгүй багш бүрээс өөр түвшний [өөрөөр хэлбэл, илүү дээд түвшний] ойлголт, мэдлэг шаардах болно гэдгийг ойлголжээ.”

Дээрх танилт нь багшийн сургалтыг семинариум (багшийн коллежтэй дүйх Финий сургууль)-аас их сургуульд шилжүүлж, улмаар бага ангиас ахлах анги хүртэлх бүх багш магистрын зэрэгтэй байхыг багшийн ажил эрхлэх нөхцөл болгон шаардсанаар багш мэргэжлийн шалгуурыг мэдэгдэм өөрчилсөн өргөн хүрээний цогц шинэчлэлд хүргэв. Багш бэлтгэх шинэ хөтөлбөрийн аргазүй ба агуулгыг дараагийн хэсэгт дэлгэрэнгүй өгүүлэх болно. Финлянд нь мөн үндэсний сургалтын хөтөлбөр нь хувиран өөрчлөгдөх удаан хугацааны явцад хөгжиж ирсэн ажлын байранд багшийг сургах тогтолцооны уламжлалтай орон юм. 1972-1977 оны хооронд боловсролын шинэ бүтцэд эрчимтэйгээр дасан зохицох үйл явцад Финлянд бүх мужийн бүх багш заавал хамрагдах тусгайлсан, цогц багшийн сургалтийн хөтөлбөртэй болжээ.

9 жилийн суурь боловсролын сургуулийн тогтолцоог хэрэгжүүлсний гуравдахь гол үр нөлөө нь ахлах дунд боловсролын эрэлтийг үлэмж нэмэгдүүлсэн явдал байв. 1970-аад онд фин насанд хүрэгчдийн зөвхөн 30 хувь нь ахлах дунд (буюу бүрэн дунд) боловсролын гэрчилгээтэй байжээ. Өнөө үед энэ нь 80 хувийг давсан ба 24-35 насныхны дунд 90 хувьтай байна. Энэ гойд өсөлт 1985 онд явуулсан радикал цогц шинэчлэлтэй тодорхой хэмжээгээр холбоотой юм. Энэ шинэчлэлээр ерөнхий ахлах дунд сургуулийн уламжлалт бүтцийг тогтолцоон дотроо олон сонголт бүхий хамаагүй уян хатан, модул бүтцээр орлуулжээ (Зураг 1). Ойрын жилүүдэд ерөнхий дунд сургуулийн модернизаци нь 9 жилийн суурь боловсролын сургууль төгсөгчдийн 42 хувийг элсүүлэх хэмжээнд өргөжин тэлж, бэхжиж буй (мэргэжлийн боловсрол, сургалт гэдгээр танигдсан) техник, мэргэжлийн дунд сургуулиас тодорхой харагддаг юм. Мэргэжлийн дунд сургуулийн нэр хүнд өсөн нэмэгдэж буйн нэг шалтгаан нь Финлянд улс саяхнаас политехникийн цогцолбор коллежууд байгуулж, үүгээр мэргэжлийн сургуулийн сурагчдад дээд боловсрол эзэмших бололцоог олгосонд байгаа ажээ. Өнөөдөр техник, мэргэжлийн ахлах дунд боловсрол нь их сургуульд суралцах боломжийг давхар олгож байна. Иймд дээд боловсрол нь техник, мэргэжлийн сургуулийн сурагчдад бүрэн нээлттэй бөгөөд техник, мэргэжлийн боловсрол нь дээд боловсролд хөтлөх найдвартай зам болжээ. Үүний үр дүнд залуу финчүүдийн 43 хувь нь хорин насандаа дээд боловсролын байгууллагад элсэн орж байна. Энэ нь OECD-ийн орнуудын дундаж 25 хувь байдгаас хамаагүй дээгүүр бөгөөд Европын хамгийн дээгүүр хувь юм. Түүгээр зогсохгүй Финляндад техник, мэргэжлийн боловсрол ба мэргэжлийн амьдралын хооронд бат бэх холбоо бий болгох хүрээнд ажлын байранд суурилсан сургалтын санаачлагыг нэмэгдүүлэх талаар их зүйлийг хийж байна.