Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Финлянд дахь эдийн засгийн хөгжил ба сургуулийн соёл                                           

Сүүлийн хорь гаруй жилийн хугацааны Финий боловсролын тогтолцооны хувьслын түүх нь орчин үеийн Финий эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. 1970-1990-ээд оны 9 жилийн суурь боловсролын сургуулийн хөгжил цэцэглэлтийг Финий төрийн халамжийн хөгжил ба нийгэм, эдийн засгийн илүү тэгш байдлын төлөөх үндэстний зорилттой нь холбон харах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Финляндын сургуулиудад дээрх шиг төдийлэн ил харагдаагүй, гэхдээ ижил хэмжээнд гарсан их өөрчлөлт нь Финий эдийн засагт гарсан гүнзгий өөрчлөлтийн хөрс суурьтай холбоотой байлаа.

1990-ээд оны эхээр Финляндын засгийн газар ба хувийн секторын манлайлагчдын албан ёсоор тунхаглаж байсан эдийн засгийн хөгжлийн стратегид нь чухал өөрчлөлт гарахад хүргэсэн хоёр гол үйл явдал тохиов. Эхнийх нь 1995 онд Финляндыг Европын холбоонд элсүүлж авах эхлэлийг тавьсан үйл явцын эхлэл байв. ЗХУ (худалдааны гол түнш нь) мөхснөөр Финлянд нь экспортын стратегиа өөрчилж, ойн бүтээгдэхүүн ба бусад уламжлалт үйлдвэрлэлд найдаж ирсэн урт удаан уламжлалаас холдож эхлэхээс өөр сонголтгүй болжээ. Хоёрдахь, гэхдээ илүү хүчтэй нөлөөлсөн үйл явдал нь саяхан АНУ-ын туулсан банкны хямралыг санагдуулам санхүүгийн салбарын уналтаас үүдэлтэй, 1990 оны эхэн үеийн эдийн засгийн сааралт байв. Финляндын ажилгүйдэл 20 хувьд хүрч, ДНБ нь 13 хувиар буурч, улсын өр ДНБ-ний 60 хувиас хэтрэв.

Засгийн газар энэ хямралыг хувийн секторын шинэчлэлийг дэмжих үндэсний  өрсөлдөөний шинэ бодлоготой болох боломж гэдгээр харсан бөгөөд Nokia-г төв тоглогчийн хувиар дэмжин теле холбооны салбарын хөгжилд онцгойлон анхаарчээ. Гайхалтай богино хугацааны дараа Финлянд улс эдийн засгийн сааралтаас бие даан гарсан төдийгүй байгалийн баялагт найдаж ирсэн явдлыг багасгаж, мэдээлэл, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжин орж чадсан байна. Судалгаа, хөгжил (R&D)-д хөрөнгө оруулсан нь энэ өсөлтийн хүчин зүйл болов. 1991 онд 1000 фин ажилчнаас зөвхөн 5 нь судалгаа, хөгжлийн салбарын ажиллах хүчин байв. 2003 он гэхэд энэ тоо 22-д хүрсэн нь OECD-ийн орнуудын дундажаас бараг 3 дахин илүү ажээ. 2001 он гэхэд тус улс Дэлхийн эдийн засгийн форумын глобал өрсөлдөөний индексээр 15-аас 1-р байр хүртэл урагшилсан байв. Түүнээс хойш тус улс энэ эрэмбийг оройлох буюу оройлгочдын эгнээнд тогтмол байх болжээ.

Инноваци ба судалгаа, хөгжлийг ийнхүү шинээр анхаарсан нь Финляндын дээд боловсрол ба үйлдвэрлэлийн хооронд шинэ түншлэлийг хөгжүүлсэн төдийгүй бага, дунд боловсролын салбарт гүнзгий нөлөө үзүүлжээ. Фин ажил олгогчдийн зүгээс шинэ эдийн засагт амжилт гаргахад залуу хүмүүст ямар төрлийн мэдлэг, чадвар, зан чанар хэрэгтэй талаар сургуулиудад хүчтэй дохиог илгээв. Финий аж үйлдвэрийн манлайлагчид албан ёсны сургалтын хөтөлбөрөөр заадаг математик, шинжлэх ухаан, технологийн хичээлд улам ач холбогдол өгсөн төдийгүй бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэлт, багийн ажил, интеграцчилсан судлагдахууныг сургуульд заах явдлыг чухалчлан дэмжжээ. 1990-ээд оны зарим шүүмжлэлийг эс тооцвол корпорацийн удирдагчдын зүгээс сургуулиудад сануулж байсан нэг дохио нь Сахлберг үндэсний шинжлэх ухааны сургалтын хөтөлбөр боловсруулах хэсгийн дарга байхдаа ярилцсан Nokia-ийн ахлах менежерийн хэлсэн энэ өгүүлбэр байсан юм:

“Хэрэв би энд ажиллахад хэрэгтэй математик буюу физикийн талаар юу ч мэддэггүй залуу хүнийг ажилд авбал тэдгээр зүйлсийг хялбархан зааж чадах хамтрагчид энд надад байна. Гэвч би бусад хүмүүстэй хэрхэн ажиллах, хэрхэн өөрөөр сэтгэх, эсвэл хэрхэн шинэ санаа олохыг мэддэггүй, алдаа хийхээс айдаг хэн нэгнийг ажилд авбал түүний төлөө хийж чадах зүйл бидэнд энд байхгүй. Манай боловсролын тогтолцоог шинэчлэхийн тулд та нар юу хийж байна вэ? Гэхдээ манай сайхан peruskoulu-д байгаа бүтээлч сэтгэлгээ, шинийг хүлээн авах хүслийг бүү үгүй хийгээрэй дээ.”

Хамгийн сүүлийн өгүүлбэрт буй далд санаа нь суурь боловсролын сургуулиуд наад зах нь Финляндын шинэ эдийн засагт ажил олгогчдын хүсч буй зарим зан чанарыг хөгжүүлэхэд аль хэдийн анхаарал хандуулжээ гэдэгт Nokia-ийн менежер итгэж байсныг сануулж байна. Үнэн хэрэгтээ, хэрэв фин сургуулиуд аж үйлдвэрээс шаардаж байсан тэдгээр хөрвөх чадвартай, шинэчлэлд нээлттэй төгсөгчдийг бэлдэж гаргаагүй байсан бол 1990-ээд онд мэдээлэл, мэдлэгт суурилсан эдийн засаг хэрхэн тийм хурдан өсөн бойжиж чадах байсныг төсөөлөхөд бэрх юм. Дээрх чанаруудын хөгжил нь сургуулиудын соёл ба орчин сургалтын албан албан хөтөлбөрийн адил их үр нөлөөтэй байсных билээ.

 

ФИНИЙ БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ

Сүүлийн арван жилд фин сургуулийг дэлхийд таниулж буй бодлогыг тодорхойлсон гол хууль тогтоомжуудыг энд тэмдэглэх нь чухал боловч тэдгээр нь Финляндын гайхамшигт амжилтын түүхийг бүрэн хэмжээгээр тайлбарладаггүй юм. Финлянд нь сурагчдыг чадвараар нь ангилах тогтолцоог халж, нэгдмэл суурь боловсролын сургууль байгуулсан Умард Европын цорын ганц орон биш гэдгийг энд санах ёстой. Мөн бусад улс багшийн боловсролын хөтөлбөрөө засаж шинэчлэн сайжруулж, дунд боловсролд модернизаци явуулахдаа Финляндтай ижил алхам авч хэрэгжүүлж байна. Тэгвэл Финляндын амжилтыг өөр юугаар тайлбарлах вэ? Энэ асуултыг нягтлах нэг зам нь Финляндын суурь боловсролын сургуулиудын хамгийн гол зарим онцлогийг тус судалгаанд оролцсон фин оролцогчдын хэлснээр тодорхойлж гаргах юм.