Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Ажиглагчид Финий анги танхимыг сурагч-төвтэй гэж тодорхойлдог. Фин сургуульд сурагч өөрийгөө үнэлэхэд ач холбогдол өгдөг тул сурагч өөрийн сурах үйл ажиллагааны дизайныг хөгжүүлэхэд идвэхтэй үүрэгтэй байхыг бас шаарддаг байна. Төсөл дээр хамтран ажиллах явдлыг сурагчдаас хүлээх ба уламжлалт судлагдахуун буюу салбар хоорондын интеграци бий болгох төсөлд ихээхэн анхаардаг ажээ. Сурагчид ахлах дунд сургуульд (10-12-р анги) орох үедээ өөрөө бие даан хөтөлбөр боловсруулах хэмжээнд өөрийн суралцахуйг хариуцах хангалттай чадвартай байх ёстой. Өнөө үед ахлах дунд сургуулиуд нь ихэвчлэн бие даасан сургалтын төлөвлөгөөнд суурилан үйл ажиллагаа явуулдаг байна. Ахлах сургуульд дээд, доод ангийн бүтэц байхаа больсон бөгөөд сурагч бүр модулан бүтцийн дагуу өөрт тохирсон хурдаар түвшин ахидаг ажээ. Сурагч бүр өөрөө бие даасан сонгосон янз бүрийн хичээл бүхий сурах төлөвлөгөөг өөрөө боловсруулна.

Сурагчдад бие даан суралцах илүү их хариуцлага хүлээлгэх нь санаандгүй зүйл биш юм. Энэ бол дунд сургуулийн үндэсний цөм хөтөлбөр суурилж буй гол үнэт зүйл ажээ. Үүнийг дараах байдлаар тодорхойлсон байна:

“Сургалтын орчин нь сурагчийн хөгжил ба суралцахуйг дэмжих ёстой. Энэ нь бие махбод, сэтгэлзүй, нийгмийн хувьд аюулгүй байж, сурагчийн эрүүл мэндийг дэмжих ёстой. Түүний зорилго сурагчдын сурах сониучирхал, сэдлийг нэмэгдүүлж, тэднийг сонирхолтой сорилт ба асуултын өмнө аваачсанаар тэдний идэвх, өөрийн удирдлага, бүтээлч сэтгэлгээг дэмжих юм. Сургалтын орчин нь өөрийн зорилгыг тодорхойлж, өөрийн үйл хөдлөлийг үнэлэхэд нь сурагчдыг чиглүүлэх ёстой. Сурагчдад өөрийн сурах орчныг бүтээж, хөгжүүлэхэд оролцох боломж өгөх ёстой.”

 

Нийгэм, соёлын хүчин зүйлс

Финляндын боловсролын амжилт нь тогтолцоо даяар тогтмол амжилт гаргаж чадахуйц цэгцтэй арга замыг бий болгож буй хэд хэдэн өөр хүчин зүйлийн харилцан нөлөөллийн үр дүн юм. Тэдгээрийн зарим нь соёлын хүчин зүйлс болно. Сахлбергийн онцолсноор “баруун талаараа аварга хаант улс, зүүн талаараа бүр ч том эзэнт гүрний хооронд шахагдсан” Финляндын түүх, газарзүй нь үндэстний сонирхолыг тэргүүнд тавьж, харин боловсролын бодлогоо аль нэг үзэлд сохроор шүтсэн улс төрийн золиос болохыг эс зөвшөөрөхөд хүргэжээ:

“Бид бол хэн ч үл ойлгох хэлээр ярилцах хачин газар хэмээн бусдад харагддаг жижиг үндэстэн. Өнгөрсөн хагас зуу гаруй жилд жижиг, тусгаар үндэстний хувиар тэсч үлдэх цорын ганц арга зам бол ард түмнээ бүгдийг нь боловсролтой болгох гэдгийг бид ойлгосон юм. Энэ бол том үндэстнүүд, бидэнд байхгүй давуу тал эзэмшиж буй хэн бүхний өрсөлдөөн дундах бидний цорын ганц найдвар юм.”

Финлянд нь их үнээр олж авсан тусгаар тогтнолоо сэтгэл түгшин хамгаалахын зэрэгцээ нийгмийн бодлогын олон салбарт өөрийн Скандинавын хөршүүд, ялангуяа Шведийн нөлөөнд ихээхэн автжээ. Дээр өгүүлсэнчлэн суурь боловсролын цогц сургуулийн санаа нь нийгэм, эдийн засгийн тэгш байдлын төлөөх 1960-аад оны томоохон хөдөлгөөний нэг хэсэг болон Финляндад гарч ирсэн бөгөөд дараагийн хорь гаруй жилд Финлянд нь Шведийн төрийн халамжийн тогтолцооны олон тооны онцлогийг авч хэрэглэжээ. Үүний үр дагаварт фин сургуулиуд Аалтио захирал өөрийн сургуулийн хүүхэд асрах бүлгийн талаар хэлсэн шиг хүчирхэг нийгмийн хамгааллын сүлжээ, хүүхдийн сайн сайхан ба эрүүл хөгжлийг хангах өргөн бөгөөд гүн их үүрэг хариуцлагаар дамжин нийгэмдээ гүн бат суужээ.

Хүүхдийн өмнө үлэмж үүрэг хүлээсэн Финий нийгмийн өөр нэг тусгалыг тус улсын сургуулийн барилгуудаас бас олж харж болно. Дэлхийн 2-р дайны дараах жилүүдэд Финлянд даяар муж, суурингууд нь нурж сүйдсэн сургуулиудаа сэргээн байгуулж, хаана ч байгаагүй шинэ сургуултай болох үйл хэрэгт оролцсон юм. Үр дүнд нь Финляндын ихэнх хүүхэд сургуулийн бүх томчуул нь хүүхэд бүрийг таньж мэдэж чадах тийм жижиг сургуульд явах болжээ (сурагчдын 50-иас илүү хувь нь 300-аас цөөн сурагчтай сургуульд явдаг). Хэдийгээр сургуулийн байр нь архитектурын хувьд гоо үзэмжийг илэрхийлэхгүй боловч саруул, агааржуулалт сайтай, тохилог ажээ. Хэмжээгээр жижиг сургуулийн байр нь Финий боловсролын нэгэн гайхалтай онцлог болох бие хүний төлөвшлийг хангах, ганцаарчлан анхаарал тавих явдлыг боломжтой болгодог байна.