Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

ӨНӨӨГИЙН ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ОНЦЛОГ 

 

Стандарт, өндөр шаардлага бүхий сургалтын хөтөлбөр    

Боловсролын бодлогын судалгааны үндэсний төвийн захирал Риёо Ватанабэ “Япон сурагчид PISA үнэлгээнд сайн амжилт үзүүлж буй нь сургалтын хөтөлбөрөөс шалтгаалж байна. Япон нь үндэсний хөтөлбөрийн стандарт буюу анги, хичээл бүрийн заах агуулгыг үе шат бүрээр тодорхойлсон төлөвлөгөөтэй бөгөөд сургалтын хөтөлбөрийг 10 жил тутамд засаж сайжруулна. Улс даяар багш нар үндэсний сургалтын хөтөлбөрт суурилан хичээлээ заадаг” гэж хэлсэн юм.

Онолын хувьд Японы Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам (БСШУТЯ) нь Боловсролын төв зөвлөлөөс зөвлөсний дагуу сургалтын хөтөлбөрийг тогтдог байна. Харин бодит байдалд сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцдог гол хүмүүс нь их сургуулийн професорууд, яамны ажилтнууд юм. БСШУТЯ-аас боловсруулсан сургалтын хөтөлбөрийг удирдамж болгон хэрэглэх бөгөөд БСШУТЯ-аас санхүүждэг мужууд удирдамжийг ягштал мөрдөнө. Удирдамж буюу сургалтын хөтөлбөрт их хэмжээний агуулгыг нарийвчлан тогтоож өгөх бөгөөд БСШУТЯ нь хөтөлбөрт зориулан сургуулийн түвшинд ашиглах гарын авлагыг хичээл тус бүрээр боловсруулж хэвлэдэг ажээ. Сургалтын хөтөлбөрийг тогтмол хуваарийн дагуу засаж сайжруулна.

Саяхныг хүртэл Японы сургалтын хөтөлбөрийг сургууль өөрөө мэдэж зохицуулах зүйл бараг байхгүй хэмжээнд бүрэн хатуу мөрдөж байв. Сургуульд ямар нэг зүйл өөрөө мэдэж хийх хугацаа туйлын хомс, зөвхөн үндэсний стандартыг баримтална. Японы ахлах сургуульд ойролцоогоор цагийн 70 хувь нь зөвхөн таван хичээлд зориулагдана: япон хэл, нийгэм судлал, математик, шинжлэх ухаан, гадаад хэл (ихэвчлэн англи хэл). Үлдсэн цагийг биеийн тамир, хөгжим, дүрслэх урлаг, ангидаа болон бусад сонгох хичээлд зориулна.

Гэхдээ саяхны чөлөөт шинэчлэлээр ч гэсэн (“Японы боловсролын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?” хэсгийг харна уу) Өрнөдийн аль нэг улстай харьцуулахад Японы сургалтын хөтөлбөрт сурагч өөрөө хичээл сонгох боломж бага олгосон байна. Сургалтын хөтөлбөр болон япон сурагчид сургууль дээр ихээхэн цаг зарцуулдаг гэдгээс харахад тэд бусад ихэнх орны сурагчдаас илүүтэйгээр дээрх цөм хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалдаг гэдэг нь илт юм. Нэгэнт нэмэлт хичээл үзэж хүч чармайлтаа тарамдуулдаггүй тул тэд цөм хичээлдээ төвлөрч чаддаг байна.

Сургалтын хөтөлбөр шаардлага өндөртэй. Үүний зэрэгцээ дараа жилд заах материалыг ойлгохын тулд эхлээд бүрэн эзэмших ёстой сэдвүүдийг жил бүрээр зааж өгч, ингэхдээ маш логиктойгоор жилээс жилд алхам алхамаар дэвшил гаргана хэмээн тооцсоны дагуу хөтөлбөрийн уялдаа холбоог тун өндөр түвшинд хангасан ажээ. Чухал хичээлүүдэд цаг арвин оногддог байна. Хичээлийн сэдэв бүрийг няхуур хянамгай, агуулгыг нь маш нарийвчлан боловсруулна. Математик, шинжлэх ухааны хичээлийн хувьд бүхий л ач холбогдол сурагчдад тодорхой бөгөөд шууд хэлж өгөхөд зориулсан суурь ухагдахуун (концепц)-д оршдог байна. Дунд сургуулийн сурагчид бусад орны дунд сургуулийн сурагчдын хувьд ахдах математик, шинжлэх ухааны сэдвүүдийг аажмаар бүрэн эзэмшдэг ажээ. Японы сургалтын хөтөлбөрийн онцлогийг агуулгын хувьд явцуу, гэхдээ маш гүнзгий түвшнийх гэж тодорхойлж болох юм.

Сургалтын хөтөлбөр нь уурхайгаас олзворлодог олон төрлийн нүүрс, дэлхийн бөмбөрцгийн нөгөө талын улс орнуудын гол, мөрний байршил, Японоос өөр газарт олон жилийн өмнө болсон үйл явдлуудын он цаг гэх мэт их хэмжээний факт мэдэх шаардлагыг бүх түвшний сурагчдад тавьдаг байна.

Хөтөлбөрийг Японы өнцөг булан бүрт ягштал хэрэгжүүлснээр хэн бүхний хувьд үр дүнгийн хариуцлага хүлээх илүү хялбар тогтолцоотой болжээ. Хариуцлага бүх сурагч хөтөлбөрийг бүрэн эзэмших ёстой гэсэн шаардлага, мөн үүн дээр нэмэгдэх хөтөлбөрийн ил тод байдалд байгаа юм.

Бусад аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад Японы сурах бичгүүд маш товч, цомхон юм. Тэдгээр нь маш хямд өртгөөр үйлдвэрлэсэн нимгэн хавтаст ном ажээ. Улирал бүрт 100-аас цөөн хуудас бүхий тусдаа ном хэрэглэнэ. Тэдгээр сурах бичгийн үндсэн онцлог нь тухайн хичээл суурилж буй хамгийн гол ухагдахуунуудад анхаарсанд буй. Багш нар сурах бичгийн заах агуулгаас дур мэдэн шилж түүдэггүй. Тэд Японы бүх сурагч нэг стандартын дагуу сурах ёстой гэдгийг хамгийн тод илэрхийлэх сурах бичгийн бүх хэсгийг орхигдуулалгүй заана. Саяхныг хүртэл Японы сургуульд хэрэглэдэг бүх сурах бичиг БСШУТЯ-аар зөвшөөрөгддөг байв. Сурах бичиг хянах яамны үүргийг саяхнаас ихээр танасан байна: одоо яам сурах бичгийн бичвэр нь агуулгын хувьд төв голч, анги бүрийн түвшинд тохирох сэдэв агуулсан уу гэдгийг л баталдаг. Гэхдээ Японы сургалтын хөтөлбөрийн мөн чанар нь тодорхой, нарийвчилсан, хоорондоо нягт логик уялдаатай гэдэгт орших тул сурах бичиг хэвлэгчид хөтөлбөрийг хэлбэрэлтгүй дагадаг нь мэдээж юм.

 

Заах арга: Сурагчийн оролцоог чухалчилах нь

Анх ажвал Японы заах арга нь сургалтын хамгийн түгээмэл зарчмуудыг зөрчсөн мэт харагддаг. Барууны жишгээр авч үзвэл анги дүүргэлт их бөгөөд нэг анги 35-45 сурагчтай. Заалт нь ихэвчлэн ангийг бүхэлд нь хамруулахад зориулагдана. Бусад олон оронтой харьцуулахад заах арга, технологи цөөтэй бөгөөд бусад төрлийн сургалтын нэмэлт материал, техник ч цөөн ажээ. Японд сурагчдыг чадвараар нь анги болгон хуваадаггүй байна. Авъяастай сурагчдад зориулсан тусгай анги, эсвэл онцгой чадвартай гэж үзвэл анги дэвшдэг сурагч байхгүй. Үүнтэй адилаар бэрхшээлтэй, хоцрогдолтой сурагчдыг ч ухраадаггүй байна. Тусгай боловсрол шаардлагатай олон тооны сурагч энгийн ангид хуваарилагддаг ажээ. Багшийн ажил нь бүх сурагч сургалтын хөтөлбөрийн дагуу сурч байгаа гэдгийг батлах юм. Багш нар бэрхшээл үзэж буй сурагчдын талаар хоорондоо тогтмол хэлэлцэж, сургууль дээрээ ажлын цагт тэдгээр сурагчидтай чадах чинээгээр ганцаарчлан ажиллахад анхаардаг байна. Сурагчдын хувьд хичээлийн дараа сайн ойлгохгүй байгаа хичээлээр нэмэлт давтлага авах нь тийм ч ховор зүйл биш.

Дэлхийн хамгийн шилдгүүдийн нэгд тооцогдох сурлагын амжилт чухам ийм ангиас л гарчээ. Тэд хэрхэн энэ амжилтад хүрэв? Япон багш нарын үндсэн зорилго нь сурагчдын оролцоо ажээ. Бусад газрын олон хүн Японы сургуулиудыг сурагчид нь багшийнхаа хэлсэн болгоныг чимээгүй тогтоож суудаг нам гүм, завгүй газар гэж төсөөлдөг. Гэвч бодит байдал үүнээс өөр юм. Японы бага сургуулиар зочилсон хүмүүс тэндэхийн дуу чимээ нь Барууны сургуулийнхаас хамаагүй чанга бөгөөд сургуулиар нэг инээд хөөр, идвэхтэй харилцан яриа дуулддаг гэдгийг хэлдэг. Сурагчид асуудлыг хамтран шийдэхээр хоорондоо ярьж буй нь үргэлж дуулдана. Зочин тэдгээр сургуулийн заал, танхимд жүжиг тоглож, ганцаараа буюу чуулгаараа хөгжим тоглож, цайны ёслол хамтаар үйлдэж буй сурагчдыг харж болно.