Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

Илүү олон сурагч илүү идвэхтэй оролцох тусам япон багш нар илүү баяртай байх ажээ. Дэлхийн бусад хэсэгт хоорондоо чадварын ялгаа багатай ангид 25 сурагчийн оролцоог хангахад ч тун хэцүү бол сурагч хоорондын ялгаа ихтэй ангид ганц багш 35 буюу түүнээс ч олон сурагчийг хичээлд хэрхэн идвэхтэй оролцуулж байгаа нь гайхалтай санагдаж магадгүй. Үүнд өгөх хариулт Японы боловсролын амжилтыг ойлгох гол түлхүүр нь болно.

Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нь Японы заах аргазүйд хамгийн чухал. Япон багш нар хичээлээ ихээхэн бодож төлөвлөдөг байна. Жишээ нь, хичээлийг үргэлж практик асуудал буюу бодлогоор эхэлнэ. Япон багш нар хичээл заахдаа дасгал буюу лекцэд бага цаг зарцуулдаг. Харин сурагчид дасгал ажлыг гэртээ буюу төлбөртэй оройн сургуульд хийнэ.

Япон заалтын өөр нэг чухал онцлог нь алдаанд хандах аргазүй юм. Энэ нь бүлгээр заах аргын тусгал болно. Барууны олон улс оронд алдаа нь зайлсхийх ёстой зүйл юм. Хурдан хугацаанд зөв хариулсан сурагчийг урамшуулж, харин ингээгүй тохиолдолд шийтгэх буюу орхино.

Харин Японд багш бодлогыг танилцуулж, үүнийг хэрхэн шийдэх талаар сурагчдаасаа асууна. Сурагчид ажиллаж байх хооронд багш эгнээний хооронд нааш, цааш алхаж, тэд бодлогыг бодохын тулд ямар арга хэрэглэж буйг ажиглана. Хэсэг хугацааны дараа багш ангийн өмнө хэдэн сурагчийг дуудан гарган ирж, тэдний ажлыг самбарт хуулж бичнэ. Түүний бичиж авсан зүйлсийн зарим нь зөв хариулт, зарим нь буруу хариулт байна. Самбарт бичигдсэн тэдгээр хариултын талаар ангиараа хэлэлцэж үзэл бодлоо илэрхийлэхийг хүснэ. Хэрэв хэн нэг сурагч хариулт буруу гэж бодож байвал тэр сурагчаас яагаад гэдгийг нь асуух бөгөөд тэрээр математик учир шалтгааны үндэслэл бүхий хариулт өгөх ёстой. Сурагч зарим хариулт буруу гэж үзэх сонирхолтой шалтгаануудыг нээж олох ба ангид тэдгээр шалтгааны талаар урт хэлэлцүүлэг өрнөдөг байна. Зарим үед нэгээс илүү шийдэл гарч ирэх бөгөөд тэд эдгээр шийдлийн аль нь яагаад илүү үр дүнтэй, гэхдээ бусад нь яагаад илүү сонирхолтой болох талаар хэлэлцэнэ. Ийм замаар тэд бодлогын шийдийн цаана буй хамаагүй гүн гүнзгий математик ойлголтод хүрч очих ба бодлого бодохдоо математикийг илүү чадмаг хэрэглэдэг болно.

 

Сургууль-ар гэрийн холбоо

Япон сурагчид ангийн багштай бөгөөд ангидаа өдөрт нэг цаг тусгайлан зарцуулдаг байна. Анги нь тухайн сурагчийн хувьд сургууль дахь гэр нь болдог. Японы бага сургуульд ангийн багш нар хөгжим, гар урлал зэрэг тусгай хичээлийг эс тооцвол бүх хичээлийг заадаг байна. Тэдгээр багш дээш дэвших ангиа хэдэн жилийн турш удирдана. Тэд сурагчдынхаа гэрт тогтмол зочлох ёстой ажээ. Багшийнхаа төрсөн өдрөөр сурагчид нь багшийнхаа гэрт үргэлж зочилно. Бага ангиас дээш ангиудад тэдгээр багш нар хичээл ба эрхлэх ажил хөдөлмөрийн талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй

Бага сургуулийн багш нар сурагч гэр, сургуулийн хооронд авч явдаг тэмдэглэлийн дэвтэрээр нь дамжуулан эцэг, эхтэй холбоо харилцаатай байна. Сурагч сурлагын хувьд асуудалгүй байсан ч багш тухайн сурагчид тулгараад буй бэрхшээлийн мөн чанарын талаар эцэг, эхэд мэдэгдэх ба эцэг, эх нь гэртээ зохих арга хэмжээ авна. Хэрэв энэ нь хангалтгүй бол багш орон нутгийн захиргаанаас үзүүлэх боломжтой үйлчилгээнд хамрагдахыг эцэг, эхэд зөвлөнө.

Бүх аргазүй төрөлхийн авъяас бус, харин хүчин чармайлт сурагчийн амжилтын гол шалтгаан гэсэн итгэл үнэмшилд түшнэ. Хэрэв сурагч хоцрогдолд орох юм бол энэ нь тэр сургуулийн хичээлд муугаас бус, харин хангалттай хөдөлмөрлөхгүй байгаагаас шалтгаалж буй хэрэг. Тогтолцоонд үүнд зориулсан шийдэл бий. Түүнд ганц сурагч бус, харин бусад олон хүн сурагчийн өмнөөс хариуцлага үүрч, сурагчийн тааруухан гүйцэтгэл тэдгээр хүмүүсийг муугаар харуулах толь болдог гэсэн санаа байх ажээ. Ингээд сурагчийн хоцрогдолыг арилгахын тулд эцэг, эх болон багш нар боломжтой бүхнийг хийх сэдэлтэй болно.

Дэлхийн 2-р дайны дараа Америкийн эзлэлтийн үед америкчууд АНУ-д түгээмэл байдаг шиг Эцэг, эх-багш нарын холбоо байгуулж эхлэхийг Японоос шаарджээ. Хожим эдгээр байгууллагууд АНУ-д нөлөө багатай болж хувирсан бол Японд тэдгээр нь боловсролын бодлого ба түүний орон нутгийн түвшний хэрэгжилтэд эцэг, эхчүүдийн дуу хоолойг бодитоор хүргэдэг гэдгээрээ илүү хүчирхэг болжээ. Эдгээр байгууллагуудыг сургууль төдийгүй муж, үндэсний түвшинд Боловсролын төв зөвлөлд төлөөлөлтэйгээр зохион байгуулж байна.