Бид цэцэг ургамалд умбасан сайхан талбайтай болсон

Манайх Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг. Бид хүүхэд цэцэрлэгийн орчинд дасан зохицох, тоглонгоо сурч хөгжихөд зориулан гадаа талбайдаа тэдний сонирхлыг татахуйц ногоон байгууламж бүхий сургалтын төвүүд байгуулахаар шийдэж, өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Гол ажлаа нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Үүгээрээ бид хүүхдэд гадаа талбайд нар, ус, агаараар чийрэгжих, туршилт хийж, ургамал амьтнаа хайрлан хамгаалах, арчлах, ургуулах боломж олгохыг зорьсон.

Санаагаа хэрэгжүүлэхийн тулд бид төлөвлөгөөгөө боловсруулж, багш, ажилтнууд маань 4 баг болон хуваарилагдаж, ажилдаа орсон. Баг тус бүр ахлагчтай.

1. “Удирдлага” баг

2.  “Чулуу” баг

3.  “Мод” баг

4. “Ундааны сав” баг 

“Удирдлага” баг юуны өмнө жижиг төсөл бичиж, төлөвлөж буй ногоон байгууламжийн 3D зураг гарган,  Жаргалант сумын засаг дарга С.Гантөмөрт танилцуулж, явган замд хийгдэх зүйлсийн материалын дэмжлэг хүслээ. Энэ дашрамд С.Гантөмөр дарга бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. Мөн эцэг эхчүүд маань бидэнтэй сэтгэл нэгдэн хамтран ажилласан.

 

Ингээд бид хэрхэн ажиллаж, юу хийж бүтээснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя.

Эхлээд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн талбайн хөрсийг трактороор хагалж бэлтгэлээ.

 

Сумын ИТХ-аас зохион байгуулсан “ХОГ БИШ, МОД ТАРЪЯ” аяны хүрээнд төлөвлөж буй талбайгаа тойруулан хашаа хэлбэрээр мод тарив.

 

Ногоон байгууламжид ашиглах бордоо бууцаа буулгалаа.

 

“Чулуу” баг явган хүний замд орох байгалийн чулууг ачиж буулгалаа.

 

“Мод” баг гудамжинд тайрч буулгасан модыг холбогдох хүнээс зөвшөөрөл аван ачиж буулгав.

 

“Ундааны сав” баг ундааны хаягдал сав ашиглан цемент цутган хатсаны дараа савыг хайчлан авч, зам талбайн хашлага хийхээр бэлтгэв.  

 

Ажил ид өрнөлөө.

 

Харуй бүрийгээр ч шантралгүй ажилласаар байлаа.

 

Ийнхүү бид хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан талбайтай болсондоо сэтгэл баясан хичээлийн шинэ жилээ эрч хүчтэйгээр угтсан. Энэ нь бидний COVID-19-ийн үеийг үр бүтээлтэй ашигласан бүтээлч үйл байлаа. Манайх байрандаа 3 бүлэг, гэрт 3 бүлэг, нийт 175 хүүхэдтэй, 25 багш, ажилтантай.

 

Бидний байгуулсан гадаа талбай нь хүүхдүүд сургалтын хөтөлбөрт заасан бүх суралцахуйн  чиглэлээр үйл гүйцэтгэн хөгжиж төлөвших боломжтойгоороо онцлог.

 

Хүүхдүүд талбай дахь гэрээ өөрсдөө барьж, буулгаж, тавилга хэрэгслийг нь байрлуулаад, дотор нь тоглодог.

 

Хүүхдүүд маань талбайдаа дуртай, баяр хөөртэй тоглон наадаж байгаа.

 

Хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө сэтгэл, зүтгэл гарган ийм сайхан талбайтай болоход хөрөнгө, хүч хөдөлмөрөөрөө тусалсан Жаргалант сумын Тамгийн газрын хамт олон, эцэг эх, эмээ өвөө, хамтран ажилладаг байгууллагууд, багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

Ховд аймаг, Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Өлзийбаяр

2020.09.25