СӨБ-ын багш, мэргэжилтнүүд БНСУ-д туршлага судлаад ирлээ.

БМДИ-ийн БСУГ болон цэцэрлэгийн төлөөлөл бүхий баг 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл, Инчон хотод цэцэрлэг, Их сургууь,  байгууллагуудын өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцан, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сургалтад хамрагдаж, туршлага судлаад ирлээ. Энэхүү сургалт, туршлага судлах үйл ажиллагаа 4 үндсэн чиглэлээр явагдсан. Үүнд:

1. Буг-ин, Мёонжи ясли, Сону цэцэрлэгийн хүүхдийг сургаж төлөвшүүлж байгаа туршлагатай танилцах

2. Сонгюу, Сонгюүнкван, Чуан Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, профессор багш нарын зохион байгуулсан сургалтад хамрагдах

3. Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай хүүхдийг хөгжүүлж буй өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцах

4. Good vision боловсролын холбооны үйл ажиллагаатай танилцах зэрэг байлаа.

“Бугин” төрийн өмчийн ясли

Бидний хамгийн гол зорилго бол төрийн болон төрийн бус өмчийн ясли, цэцэрлэгээр зочилж, туршлага судлан, эх орондоо хэрэгжүүлж болох санааг олж харах явдал  байлаа. Ингээд хамгийн эхэнд зочилсон Бугин төрийн өмчийн яслийн үйл ажиллагаанаас танилцуулъя.  

Тус ясли одоогоос 20 жилийн өмнө 1997 онд байгуулагдсан. 0-5 хүртэл насны 87 хүүхэдтэй, 13 багш, ажилтантай. Эрүүл чийрэг, аз жаргалтай Солонгос хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой, “Бүгдээрээ хамтдаа хайрыг хуваалцъя” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байна.

Бага насны хүүхдийн аюулгүй ажиллагааг хангах болон асаргаа сувилгаа, эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас өндөр үнэлгээтэй шалгагдсан.

Ясли 1-5 дахь өдрүүдэд өглөө 07.30-аас  орой 19.30 хүртэл, бямба гарагт 07.30-15.30 цагийн хооронд ажилладаг. Ангиуд нь “шар”, “улаан”, “ногоон” анги гэсэн нэртэй. Цагийн ангитай, тэр ангийг багш нар цаг цагаар ээлжлэн хариуцаж ажилладаг.

Цэцэрлэгийн гол онцлог

Үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ асаргаа сувилгаа, аюулгүй байдал, эрүүл мэндийг түлхүү анхаардаг. “Нүри” хэмээх улсын нэгдсэн сургалтын хөтөлбөрийн дагуу жил, улирал, сараар сургалтын төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаа явуулдаг.

Сургалтын онцлог

Хүүхэд өөрөө үйлийн эзэн байхыг чухалчилж, ямар зорилготой, яаж хийх вэ гэдгийг ойлгуулан, амархан үйлүүд гүйцэтгүүлж, туршилтаар танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байв. Үүний зэрэгцээ үлгэр уншиж өгөөд асууж ярилцах замаар ярих, сэтгэх чадварыг хөгжүүлдэг.

Жилд нэг удаа бүх хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Өвчтэй хүүхдэд эмч карт хөтөлж, багш нар эмийг нь эмчийн заавраар уулгадаг. Өвдсөн хүүхэд ирэхэд тусгаарлах өрөөнд оруулж асаргаа, сувилгаа хийдэг. Аюулгүй байдлыг хангаж ажиллахад маш их анхаарал тавьдаг. Үүний нэг жишээ нь анги танхимын бүх ирмэгтэй зүйлд зөөлөвч хийсэн байсан. Аюулгүй байдлын тухай хуультай.

Хүүхдийн хоолны цэсийг өдөр бүр цэцэрлэгийн вэб сайтад байршуулдаг. Хүүхдийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг тайлбарлан тусгадаг.

Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж

1. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаардаг. Жишээлбэл: Хана, хаалга, шатны бариул, хашлага, шатны гишгүүр болон өнцөг булан бүрт хамгаалалтын зөөлөвч хийсэн нь манай цэцэрлэгүүд, ялангуяа 2 настнуудын ангид хэрэгжүүлэх боломжтой. Манай улсын цэцэрлэгүүд хүүхдийн аюулгүй байдалд илүү анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж байлаа.

2. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн. Монгол улсад зарим цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо хэт олон учир багшийн тоог нэмэх, туслах багшийг багш мэргэжилтэй болгох зэргээр багшид бүх талаар туслах боломжийг нэмэгдүүлж болмоор санагдлаа.

3. Ажил хийж байгаа иргэддээ карт өгч, хүүхдийнх нь боловсролд зарцуулах мөнгийг улсаас олгодог. Үүнийгээ эцэг эх боловсролын салбарт зарцуулах боломжтой нь манайд мөн судлан үзэх хэрэгтэй санагдав. Энэ тохиолдолд эцэг эх хүүхдийнхээ хөгжил төлөвшилд илүү анхаарах, нөгөө талаас боловсролын салбарын төсөвт зардлыг хэмнэх, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд тустай.

Ангийн орчноос

 

БНСУ-ын цэцэрлэгүүдийн талаар

БНСУ-ын Цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Пак Инхэ ясли, цэцэрлэгийн  дүрэм журам, эрх зүйн баримт бичгүүдийн тухай танилцуулга хийсэн. Боловсролын яам нь цэцэрлэг буюу Ючиван, Нийгмийн халамжийн яам нь ясли буюу Орини чибийг хариуцан ажилладаг ажээ.

Цэцэрлэгт 5-7 нас, яслид 1-5 хүртэл насны хүүхдүүд хамрагддаг. Яслийн үйл ажиллагаа нь Нийгмийн халамжийн хуулиар зохицуулагддаг.  

Бүх хүүхдийг хамруулан тусламж үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг. Хүүхдэд ямар нэг асуудал тулгарахад юу чухлыг багш нарт сургасан байдаг. 

Ясли, цэцэрлэгийн хэв шинж:

  1. Нийгэм халамжийн цэцэрлэг
  2. Байгууллагын цэцэрлэг
  3. Хүүхэд харах үйлчилгээ (20 хүүхэдтэй)
  4. Эцэг эхчүүдийн хамтарсан ясли
  5. Амралтгүй ажилладаг цэцэрлэг-365 хоног
  6. Тусгай цэцэрлэг
  7. Цагийн бүлэг
  8. 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг

 

Хүүхэд хүлээн авах цагийн хувьд:

  1. Бүтэн өдрийн цэцэрлэг нь 07.30-19.30 цагт ажилладаг.
  2. Хагас өдрийн цэцэрлэг 07.30-15.00 цагт ажилладаг.

Эцэг эхчүүд өглөө хүүхдээ дуртай цагтаа авчирдаг

2015 онд яслийн тоо - 42517 (улсын 2629, хувийн 39888). Улсын цэцэрлэгүүд чанартай үйлчилгээ үзүүлдэг.

Яслид эрхлэгч, багш, туслах багш, тогооч ажилладаг. Үндсэн багш нь 1,2,3 гэсэн 3 түвшний зэрэглэлтэй. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр:

  1. Үндсэн халамжийн хөтөлбөр
  2. 3,4,5 настай хүүхдийн хөтөлбөр
  3. Үнэлгээ гэсэн хэсгээс бүрддэг.

 

Ясли, цэцэрлэгт хэл яриа, урлаг, биеийн тамир, байгальтай танилцах, математикийн сургалт явагддаг. 

Ясли, цэцэрлэгийн өдрийн дэглэм нь хоорондоо ялгаатай. Ясли нь бага насны хүүхдэд халамжийн үйлчилгээ түлхүү үзүүлдэг. Тухайлбал: Живх солих, аюулгүй байдал, унтах, амар тайван байлгах гэх мэт. 5-7 настай хүүхдийн хувьд сургалтад нь түлхүү анхаардаг. Нэмэлт хөтөлбөр буюу дугуйлангийн зардлыг эцэг эхчүүд хариуцдаг.

 

Сону цэцэрлэг

Бидний дараагийн зочилсон газар “Сону” хэмээх хувийн цэцэрлэг байлаа.

Тус цэцэрлэг 19 багш, ажилтан, 116 хүүхэдтэй. Хүмүүнлэг иргэн хүнийг бэлтгэх зорилготой. “Өдөр болгон бусдад тусалж, аз жаргалтай, хүмүүнлэг хүн болно” гэсэн уриатай. Цэцэрлэгүүдийн уриа нь энгийн, хэрэгжихүйц байсан нь бас нэг онцлог байлаа.

Цагийн бүлэг болон өдөр өнжүүлэх бүлэгтэй. Улсаас хэрэгжүүлж буй “Нүри” буюу 3,4,5 настнуудын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 3 наснаас эхлэн “би-чи-бүгдээрээ хамтдаа” гэдгийг ойлгуулахыг чухалчилдаг. Сургалтын үйл ажиллагаанууддаа тоглоом, байгаль, танин мэдэхүйг түлхүү оруулж өгдөг. Эрхлэгч Эцэг эхийн зөвлөлд ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлдэг. Нээлттэй цэцэрлэг юм байна.

Цэцэрлэгийн онцлог

Бэлэн бэлдэц аваад суралтын хэрэглэгдэхүүнийг ихээр хийдэг, хангамж сайн, багш нар нь бүтээлч хамт олон байлаа.

 

Чуншин их сургуулийн харьяа улсын цэцэрлэг

Бид дараа нь Чуншин их сургуулийн цэцэрлэгтэй танилцсан.

5-7 насны 150 хүүхэдтэй, 6 бүлэг, 23 багш, ажилтантай. Нэг ангид 2 багш ажилладаг, нэг нь туршлагатай багш, нөгөө нь дадлагажигч багш. Энэ цэцэрлэг өглөө 9.00-оос өдөр 14.30 цаг хүртэл ажилладаг. Бурханыг хайрладаг хүүхэд, эрүүл чийрэг хүүхэд, бүтээлч хүүхэд”  гэсэн уриатай. 7 хоног бүр мэргэжлийн хөгжмийн багш нар ирж, хүүхдүүдэд сонгодог хөгжим заадаг.

Сургалтын орчин

  • Эцэг эхчүүд, багш, судлаачид хүүхдийн үйл ажиллагаанд саад болохооргүй ажиглалтын өрөөтэй.
  • Ханын өнгө завсрын өнгө голлосон. Багшийн ширээ, сандал ангид байдаггүй тусдаа багш нарын өрөөнд байрладаг.
  • Бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг тусгай өрөөнд байрлуулан хураадаг.
  • Багш нарын сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг улсаас хариуцдаг.
  • Хүүхдийн хичээлийн хэрэглэлийг 1 сар тутам эцэг эхчүүдээс авдаг.
  • Хүүхдүүдэд 7 хоногт 2 удаа ном өгч явуулаад түүнд нь тохирсон даалгавар өгдөг.

 

Сургалтын хөтөлбөр

1. Нүри хөтөлбөр

2. Христийн үзлийг баримтлах хөтөлбөр

3. Тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр гэсэн 3 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хөтөлбөртөө элсээр тоглох явцад нь хүүхдийн сэтгэл зүйг судлан, эмчилж, багш нар ажиглалт судалгаагаа хийдэг. Нэмэлт сургалт дугуйлангаар явагддаг.

Эрүүл мэнд, хэл яриа, хөдөлгөөн, нийгмийн харилцаа, урлаг, байгалийн ухааны чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явагддаг. 7 настай хүүхдүүд 1 сэдвээр 2 долоо хоног тутам үйл ажиллагаагаа төлөвлөдөг бол бусад бүлэг нь 1 сараар сэдвээ төлөвлөдөг.

7 настай хүүхдүүд нь өөрсдөө сэдвээ сонгодог. 7 хоногт 1 удаа хүүхдүүд өөрсдөө тоглоомоо сонгон үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдүүд сургалтандаа сэдэвт, өрж байгуулах, оньсон, компьютер, байгалийн ухааны тоглоомуудыг голдуу хэрэглэдэг.

Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж

1. Хүүхдэд саад болохооргүй ажиглалтын өрөө байгуулах.

2. Багш нар тухайн өдөрт хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг ангид байрлуулаад, бусдыг нь хураах.

3. Багш нарт сургалт, үйл ажиллагаанд бэлтгэх цаг гаргах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардагдах зардлын дэмжлэг үзүүлэх.

 

“Мёонжи” төрийн өмчийн цэцэрлэг

Бид дараа нь “Мёонжи” хэмээх төрийн өмчийн цэцэрлэгээр зочилсон.

2001 онд яслийн хэв шинжээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2016 оноос цэцэрлэг болсон. 4 бүлэг, 6 багштай. Кунзийн сургаалаас үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг.

Сар бүр дараах үйл ажиллагааг төлөвлөн явуулдаг.

  1. Хүүхэлдэйн өдөр
  2. Улс орны хөгжлийн өдөр
  3. Хааны өдөр
  4. Живхгүй өдөр
  5. Амьтны өдөр
  6. Машины өдөр
  7. Албан газруудаар аялах өдөр
  8. Нийгмийн харилцаанд оролцох өдөр
  9. Гадуур зугаалах өдөр
  10. Олон соёлыг таниулах өдөр

Энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа нь зочдыг хүлээн авахаас эхлэн халуун, дулаан, дотно уур амьсгалтай байв. Оролцогчдын зургийг  авах, гарын үсгийг зуруулах, Солонгос улсад ирсэн сэтгэгдлээс нь зургаар илэрхийлүүлэх зэрэг үйл ажиллагаа өрнөж байсан бөгөөд мөн хүн тус бүрээр бүтээлийг нь тайлбарлуулаад дараа ном болгон өгч байв. Энэ нь энэ байгууллага хүүхэд бүрийг бүхий л үйл ажиллагаанд татан оролцуулдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа.  

Нийт 4 бүлэгтэй.

Цэцэрлэгийн хүүхдүүд бусад байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцдаг, туршилт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь манай монголын цэцэрлэгийн бодит орчинд очиж үйл ажиллагаа явуулдагтай ижил төстэй байлаа.

Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж

1. Монголын багш нар сар тутам явуулдаг үйл ажиллагааны хүрээнд багш, эцэг эхэд зориулсан ном боловсруулан гаргаж болохоор санагдлаа.

2. Олон соёлыг таниулах нэг өдрөөр Мёонжи цэцэрлэгийн хүүхдүүд Монгол үндэсний хувцастай танилцах боломжтой боллоо.

 

Чуан их сургуулийн харьяа хувийн цэцэрлэг

Тус цэцэрлэг нь одоогоос 100 жилийн өмнө 1916 онд байгуулагдсан. 3-6 насны хүүхдийн 8 бүлэгтэй.

Цэцэрлэгийн шинэ барилга 1999 онд ашиглалтанд орсон. Анх сүмийн дэргэдэх цэцэрлэг байсан бол өнөөдөр Чуан их сургуулийн харьяа болсон.

Цэцэрлэгийн уламжлалт хөтөлбөрт хүүхдийн хүсэл дээр тулгуурлан тоглоомоор дамжуулан хичээл, үйл ажиллагааг явуулдаг.

Цэцэрлэгийн онцлог 

  1. 1916 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа өөрийн орны эх хэл, түүх соёл, уламжлалаа хадгалж ирсэн.
  2. Цэцэрлэгийн хөтөлбөр нь тоглоомон дээр суурилахдаа уламжлалт хөтөлбөр гэдгийг хамт авч явдаг.
  3. Ангиуд нь энгийн бөгөөд цэвэрхэн. Хүүхэд чөлөөтэй тоглох, төрөл бүрийн үйл хийх орчинг бүрдүүлсэн.
  4. Багш нар нь туршлагатай, бүтээлч, мэргэжилдээ дуртай нь харагдаж байлаа.
  5. Хүүхдийг бодит үйл хийхэд оролцуулах боломжтой тусгай өрөөтэй. (модоор төрөл бүрийн зүйл хийх бэлдэц материалууд бүхий)
  6. Гадаад талбай нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан.
  7. Багш хүүхэд бүртэй ажилладаг. Энэ явцад хүүхдээ ажиглаад цаашид яаж ажиллахаа хөтөлбөртэй тусгаад явдаг.
  8. Улсаас явуулдаг цэцэрлэгүүдийн түвшин тогтоох шалгалтад 3 жил дараалан амжилттай үнэлэгдсэн.
  9. Эцэг эхчүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
  10. Багш нарыг сонгохдоо шалгаруулалт хийгээд нэг, нэг жилээр гэрээ байгуулан ажилладаг. Хоёр эрэгтэй багштай.

 

Шинэ санаа, хэрэгжүүлэх боломж

1. Цэцэрлэгийн түүхийг хэвээр нь хадгалж үлдэх нь чухал байдгийг эрхлэгч нар анхаарах.

2. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол ардын зан заншил, тоглоом наадгайг орхигдуулахгүй өдөр бүрийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх.

3. Бага насны хүүхдэд өөрөө суралцах үйлийн орчинг улам сайн бүрдүүлж өгөх.

4. Эрхлэгч, арга зүйч нар багш нарыг сургалт болон хүүхэдтэй ажиллах арга барилд зөв чиглүүлдэг байх.

5. Цэцэрлэгүүд эцэг эх болон бусад хүмүүст нээлттэй байх, өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга танилцуулдаг байх.

 

Гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн олноор хийсэн байлаа.  

Зураг 15-19.

Ийнхүү манай багш нар санаа авч болохоор олон хэрэглэгдэхүүнүүд байлаа.

 

Гадаа талбайн  хэсэг:

Тоглоом бүрийн дор зөөлөвчтэй. Манай цэцэрлэгүүд хэрэгжүүж болмоор. Зураг 20-23

 

Манай цэцэрлэгүүд ханын самбараа төрөл бүрийн хэлбэртэй хийж болох санааг харж явлаа. Зураг 24-29

 

Хүүхдүүдэд зориулсан мужааны өрөө, Зураг 30-33

Энэ өрөөнд хүүхдүүд төрөл бүрийн модоор өөрсдийн дуртай зүйлээ урлан бүтээдэг ажээ.

 

БМДИ-ийн арга зүйч  Д.Нарантуяа

                             Г.Дуламжав