Багш-хүүхэд хамтдаа буюу Ко-конструктив суралцахуй

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн Монголын үндэсний телевизид өгсөн ярилцлагадаа тус төвөөс хийсэн судалгаагаанаас үзэхэд “Монголын хүүхдүүд бусад улс орны хүүхдүүдийг бодвол юмс, үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлан ярихдаа дутмаг” байсныг дурдаж байсан. Яагаад хүүхдүүд маань ийм үр дүн харуулав? Энэ нь эцсийн эцэст эцэг эх, ялангуяа багш нар хүүхэдтэй ажиллах арга барилаа өөрчлөх шаардлагатайг харуулж буй хэрэг.

Арга зүйгээ шинэчилж, сайжруулах шаардлага

Цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй ажиллах арга барилаа яагаад өөрчилж шинэчлэх шаардлагатай вэ гэдгийг хоёр хүчин зүйлээр тодруулъя.   

а) Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хүүхэд, түүний орчин (багш, эцэг эх, бусад хүүхэд) хоёулаа идэвхтэй  байх тохиолдолд хүүхэд хамгийн сайн суралцдаг ажээ.  

б) Дэлхийн улс орнууд сургуулийн өмнөх боловсролоор бие биеэс ялгагдах 2 үндсэн чиглэлийг барьж байна.

  1. Сургуулийн өмнөх боловсрол нь юуны өмнө сургуулиас тавигдаж буй шаардлагад төвлөрдөг. (Англи-саксоны орнууд энэ чиглэлийг голдуу барьдаг.)
  1. Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийг сургууль болон цаашдаа нийгмийн амьдралаас тавигдах шаардлагуудыг даван туулахад чадваржуулахад чиглэдэг. Үндсэн чадамжууд (competence)-д түлхүү төвлөрч, тэр чадамжуудыг хүүхэд социал-конструктив (social-constructiv) үйл явцад идэвхтэй оролцсоноор эзэмшинэ гэж үздэг. (Хойд болон төв Европын орнууд энэ чиглэлийг барьдаг.)

 

Монгол улс Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024), Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (2013 он)-оороо 2 дахь чиглэлийг барьсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр (2015 он)-т “Багш-хүүхдийн хамтын үйл” гэсэн арга зүйн шаардлагыг дэвшүүлж, багш, хүүхэд аль аль нь идэвхтэй байх тохиолдолд хүүхэд илүү хурдацтай суралцдагийг тэмдэглэсэн.

Багш, хүүхэд хамтдаа буюу Ко-конструктив суралцахуй гэж юу вэ?

Ко-конструктив суралцахуй нь мэдлэг (fact) эзэмшихээс илүүтэй утга учрыг судлахад чиглэдэг. Энэ сурган хүмүүжүүлэх-арга зүйн түлхүүр нь хүн хоорондын (social) харилцан нөлөөлөл юм (E.Fthenakis,2009). Суралцах үйл явц багш, хүүхдийн хамтын үйл ажиллагаагаар явагдаж, тэд юмс, үзэгдлийн учрыг хамтдаа эрж хайж, судалж, олно. Энэ нь хүүхдийн өдөр тутмын амьдралын үйл явцад тулгуурладаг бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчдийн аль аль нь идэвхтэй оролцогч, хамтран ажиллагч байна.

Санаагаа бүтээлчээр солилцож, харилцан ярилцах явцад хүүхэд хамгийн сайн суралцдаг (B.Kellner).

Ко-конструктив суралцахуй нь жишээлбэл, нэрлэх, ангилах, өнгө, хэлбэр дүрс, хэмжээгээр нь ялгах, сонсох, давтах, тайлбарлах зэрэг үйлээр хязгаарлагдахгүй, харин юмс, үзэгдлийн талаар асуулт тавьж, түүний утга учрыг олоход оршдог. “Яагаад ийм зүйл тохиолдов?”, “Ямар учраас энэ чухал вэ?" “Бусад хүмүүс яагаад үүнийг хийдэггүй вэ?” гэх мэт. Ко-конструктив суралцахуй нь хүүхдийн бүх талын хөгжилд нөлөөлдөг.

Жишээлбэл, хүүхэд:

  1. Асуулт тавина.
  2. Өөрийн санааг илэрхийлнэ.
  3. Бусад (багш, хүүхдүүд)-ын санааг сонсоно, ойлгоно.
  4. Эрэл хайгуул хийнэ.
  5. Бодож эрэгцүүлнэ.
  6. Шинээр санаа гаргана, санаагаа солилцоно.
  7. Хариултыг хамтдаа олно, асуудлыг шийднэ.
  8. Хорвоо ертөнцийн талаарх ойлголт төсөөлөл нэмэгдэнэ.
  9. Өөр өөр бодол санаа байдгийг мэднэ.
  10. Ярилцлагад оролцоход суралцана.
  11. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 

 

Бага насан дахь Ко-конструктив суралцахуй 

Хүүхэд төрөхөөсөө эхлэн тойрон хүрээлж буй орчинтойгоо харьцаж эхэлдэг. Тэд  голдуу мэдрэхүйгээрээ туршлага хуримтлуулдаг тул мэдрэх, амтлах, үнэрлэх, хүрч барьж авах, сонсох, хөдөлгөөн хийх өргөн боломжтой байх шаардлагатай.

 Балчир насныхан олон шинэ үгийг мэддэг болж, анхны өгүүлбэрүүдээ хэлж эхлэхийн зэрэгцээ дохио зангааг өргөн хүрээтэй ашиглаж өөрийгөө илэрхийлдэг. Тэд төрөлхийн сониуч зангаараа орчин тойрондоо байгаа зүйлсийг оролдож судална, бусадтай харилцана. Хөгжим, хөдөлгөөн, зураг, тоглоомоор хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцана.

3 наснаас эхлэн хүүхэд бүхнийг мэдэх хүсэлд автдаг. Хэл яриаг эрчимтэй эзэмшиж,  бусадтай төвөггүй харилцана, “Яагаад?” гэсэн асуулт тасрахгүй. Бусадтай тоглох явцдаа байнга шинийг мэдэж авч, бүтээлч байдал нь нэмэгддэг. Тэд бусад хүүхэд болон насанд хүрэгчидтэй харилцаж, юмс, үзэгдлийн утга учрын талаар санаа бодлоо солилцох явцдаа хорвоо ертөнцийг илүү сайн ойлгосоор байдаг. Яваандаа тоглох явцдаа суралцахаас ухамсартайгаар суралцах үйлийг илүү сонирхож эхэлдэг.

Тэгэхээр хүүхэд аль ч насандаа бусадтай идэвхтэй харилцаж, ко-конструктив байдлаар суралцах боломжтой. Гагцхүү багш, эцэг эх тухайн хүүхэд юуг илүү сонирхдог, ямар давуу талтай, юуг дутуу ойлгож байгааг мэдэрч, шаардлагатай чиглүүлэг, дэмжлэг өгөх шаардлагатай. Ямар ч үед хүүхдийг ярихад идэвхжүүлж, тэдэнд ярилцлагад оролцох боломж олгож, яриа өрнүүлж байх нь хамгийн чухал.

Ярилцлага нь ко-конструктив суралцахуйн үндсэн үйл

Ярилцлага тодорхой асуултаас үүдэн явагддаг. Тэгэхээр ямар асуултыг сайн асуулт гэх вэ? Хүүхдэд ойлгомжтой, эргэцүүлэн бодуулдаг, зоригжуулсан мөн эргүүлээд асуулт гарч ирдэг тийм асуултыг сайн асуулт гэнэ (E.Reichert-Garschhammer,Ch.Kieferle, 2011).

Хүүхэд өөрийн санааг илэрхийлж хэлнэ, бусадтай хэлэлцэнэ. Энэ явцад оролцогчид бусдын ярьсныг ойлгохыг эрмэлзэнэ. Багш хүүхдээс гарсан санаа, тайлбар, төсөөлөл, зөрчилдөөн, буруу ойлголтыг анзаарч, хэлэлцэнэ. Энэ явцад багш хүүхдийн ярих оролдлого зүтгэлийг эерэгээр үнэлж, хэл ярианы хөгжлийг дэмжинэ. Хүүхэд адил бус, ялгаатай санаануудыг олноор гаргаж ирэх тохиолдолд бие биеэсээ ихийг суралцдаг (Gispert 2004, S.171).

     Цэцэрлэгт ярилцлагыг үр дүнтэй явуулах зарим санаа (www.pro-kita.com)

а) Мэдэхийн оронд гайхах

Өмнөх практикаас харахад бид хүүхдэд янз бүрийн сэдвээр мэдлэг олгоход илүү төвлөрдөг байсан. Одоо энэ хандлагаа өөрчилж, хүүхдэд мэдлэг дамжихгүй гэдэг зарчмыг баримтлан, ямар нэг асуулт, асуудалд хариулт олохдоо хүүхэдтэйгээ яг адилхан байр сууринд очно. Тэгээд тухайн үед хөндөгдсөн аль нэг асуулт (Хүүхдийн санаа бодол, тойрон хүрээлж буй орчин, ахуй амьдрал, өөрсдийн тухай гэх мэт)-ад гайхаж хандана, харилцан ярилцаж учрыг нь олно.

б) Хариулахын оронд асуух

Тухайн асуултын хариултад яаж хүрэх вэ гэдгээ багш бодож байна. Хүүхдэд шууд хариулт өгөхгүйгээр асуултаа буцаагаад тавьж болно. “Чи өөрөө юу гэж бодож байна?”, “Яагаад тэгж бодов?” гэх мэт. Ийм энгийн асуултаар хүүхэд өөрийнхөө хариултыг хайж эхэлнэ. Багш энэ үед нь хүүхдэд өөрөө бие даан сайн бодож сэтгэх чадвартай гэдгийг мэдрүүлнэ.   

в) Удирдахын оронд хөтлөх

Багш ярилцлагыг удирдахгүй, харин хөтөлнө. Зохистой хөтөлснөөр ярилцлагыг тавьсан зорилго руугаа чиглүүлж, хүүхдэд ойлголт төсөөллөө гүнзгийрүүлэхэд тусална. Ярилцлагыг хөтлөхөд тодорхой асуултууд чухал. Жишээлбэл, тухайн асуудлаар хүүхдийн өөрийнх нь санаа бодлыг хэлүүлэхэд “Яагаад чи үүнийг чухал гэж бодов?”, “Чи яг ижилхэн саналтай байна уу?”, арай өргөн хүрээгээр байр суурийг нь сонсоход “Энэ чинь бүх хүнд адилхан уу?”, “Чи адилхан бодолтой байна уу, арай өөр бодолтой байна уу?”,  ямар нэг зүйлийн учир, шалтгааныг гүнзгийрүүлэн олоход “Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ?”, “Энэ дандаа л ийм байгаад байх уу?” гэх мэт.

Хүүхдэд ойлгомжтой, эргэцүүлэн бодуулдаг, зоригжуулсан мөн эргүүлээд асуулт гарч ирдэг тийм асуултыг сайн асуулт гэнэ. (Eva Reichert-Garschhammer ,Christa Kieferle, 2011)

Багшаас ярилцлагад үзүүлэх дэмжлэг

  1. Хүүхдийн хэлсэн санааг чин сэтгэлээсээ анхаарах, заавал хариу үйлдэл үзүүлэх
  2. Мэдээлэл солилцоог нь эерэгээр дэмжих (Харааны контакт, нүүр царайны хувирал, биеийн хэл, дуу авиа)
  3. Багшийн асуулт (нээлттэй)
  4. Хүүхэд өгүүлбэрээ дутуу орхисон тохиолдолд түүнийг нь давтан хэлээд, нэмж зөв дуусгах, гэхдээ зааварчлахгүй байх
  5. Завсарлага, хүүхдийн идэвх (Завсарлага нь хариултаа төлөвлөх боломж олгодог. Хэл ярианы тохирсон хурд)
  6. Эерэг дүгнэлт болон чиглүүлгээр дэмжих (“Чи буруу хэллээ” гэхгүй, засан сайжруулж хэлсэн үг ямагт эерэгээр)
  7. Янз бүрийн санаа гаргаж байгааг нь үнэлэх, зоригжуулах
  8. Хүүхэд бусдын саналыг ойлгож, хүндэтгэж байгааг нь урамшуулах
  9. Эерэг уур амьсгал бүрдүүлэх (айхгүй, стрессгүй)

 

Хүүхдийн асуултад үзүүлэх хариу үйлдэл

  1. Асуулт бүрд нь ач холбогдол өгч, чухалд авч үзнэ. (“Хэн их асууна, тэр ихийг мэдэж байгаа”)
  2. Асуулт, хариулт (хүүхдийн асуултад ко-конструктив аргаар хариулт олох)
  3. Асуултад нь зөв, хүүхдэд ойлгомжтойгоор, тодорхой хариулна. (Учир шалтгааныг нь тодруулна.)
  4. Хэрэв асуултад нь хариулж чадахааргүй бол, хүүхэдтэй хамт хариултыг эрж хайна. Жишээлбэл, толь бичгээс харах, хамт ажиллагсдаасаа асуух, хүүхэд ээж ааваасаа асуух.
  5. Хэрэв асуултад нь хариулах завгүй байвал дараа хэдийд ярилцахаа хүүхэдтэй тохирно.
  6. Хүүхдийн асуултыг ойлгоогүй бол хүүхдээс дахин асууж, тайлбарлуулна.

 

Та бүхэн багш хүүхдийн ярилцлагыг хэрхэн хөтөлж байгаа нэгэн жишээтэй танилцана уу. http://buuvei.mn/?q=%D1%85%D1%8D%D0%BB-%D1%8F%D1%80%D0%B8%D0%B0-%D1%85%D...

 

Н.Норжхорлоо

 

Ном зүй:         

  1. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024), Монгол Улсын их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолын хавсралт
  2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого, БСШУ-ы сайдын 2013 оны А\327 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
  3. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, БСШУ-ы сайдын 2015 оны А\301 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
  4. Prof. Dr. mult. Wassilios E. Fthenakis: „didacta Kinderzeit“ – Zeitschrift für Pädagogik und Bildung 3/2009. http://aba-fachverband.info/ko-konstruktion-lernen-durch-zusammenarbeit/
  5. Bernhard Kellner Mies, Hintergrundinformation: Ko-Konstruktion in Fakten,  https://www.langenscheidt.de/Pressemeldungen/Hintergrundinformation-Ko-Konstruktion-in-Fakten
  6. Die wichtigsten Regeln für Gespräche mit Kindern,

https://www.pro-kita.com/kreative-bildungsarbeit/sprache-und-literacy/die-wichtigsten-regeln-fuer-gespraeche-mit-kindern/

  1. https://www.pro-kita.com/kreative-bildungsarbeit/sprache-und-literacy/3-ideen-wie-sie-mit-kindern-wirklich-wertvolle-dialoge-fuehren
  2. Eva Reichert-Garschhammer ,Christa Kieferle, Sprachliche Bildung in Kindertageseinrichtung, Herder, 2011, Kap.3.2.1.