Бидний хийсэн бөмбөр

Бид анх 2014 онд үхрийн гүзээгээр бөмбөр хийж, 40 хүүхдийн бөмбөрийн чуулгын тоглолтыг 2 дугаар цэцэрлэгийнхээ хүүхэд багачуудад сонирхуулж байлаа. Туршилтаас үзэхэд үхрийн гүзээгээр хийсэн бөмбөр хэврэг, цоорох тохиолдол их байсан.

Иймд бид хоёр дахь туршилтаар бөмбөрөө сайжруулж, гахайн арьсаар хийж үзлээ.

Гахайн арьсаар хийсэн бөмбөрийн давуу тал нь дуугаралт сайтай, бат бөх, өнгө үзэмжтэй бөгөөд түүгээр хүүхэд суугаад мөн зогсоогоороо тоглох боломжтой байдаг.

Хүүхэд өөрсдийн хийсэн бөмбөрөөр хэмнэлийг мэдэрч хөгжимдөх их дуртай. Тэд хийсэн хөгжмөөрөө ялангуяа өндөр, нам; чанга, сул дуугаралт; хэмнэлийг ялган тоглож сурч байна.

Хэрэглэгдэх зүйлс

  1. Гахайн арьсны хэсэг
  2. Амсар нь 40 см орчим диаметртэй 2 ширхэг цэцгийн сав  
  3. Тухайн цэцгийн саванд тохирсон 2 ширхэг цэцгийн савны суурь таваг
  4. Хоёр ширхэг жижиг дөрвөлжин мод (Модны гол хэсэгт боолтны хэмжээгээр нүхэлсэн байна.)
  5. Боолт (төмөр)
  6. Нарийн төмөр утас, 1 метр
  7. Гоёлын тууз, 1,5 метр

 

Бөмбөр хийх арга

1. Гахайн арьсаа халуун усаар угааж, дэвтээгээд үсийг нь хайчилна.

 

2. Хоёр ширхэг цэцгийн савныхаа ёроолыг суурь тавагтай нь хамт боолтны хэмжээгээр нүхэлнэ. Цэцгийн савнуудаа суурь тавагтай нь хамт хоёр тийш нь харуулан нийлүүлж, бэлтгэсэн дөрвөлжин модоороо дээд, доод талаас шахаж боолтоор бооно.

 

3. Нойтон арьсаа тэнийлгэн, үсгүй талыг нь  дээш харуулж цэцгийн савны амсар дээр тавиад, тал талаас нь сайтар татаж, ирмэгийг дагуулан нарийн төмөр утсаар давхарлан ороож бэхэлнэ. 

 

4. Ороосон төмөр утаснаас доош илүү гарсан арьсыг хайчилж авна. Тэгээд 48 цаг орчим хугацаанд хатаана.

 

5. Төмөр утасны дээрээс гоёлын цацгаа шар цавуугаар давхарлаж наана. Чимэглэлийг янз бүрийн материалаар хийх болно.

 

6. Бөмбөрийн цохиурыг модоор хийнэ. Ингээд бөмбөрөөр тоглоход бэлэн болно. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжмийг санаачилан хийсэн Дорнод аймгийн 15 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Туул