Сургалтын хэрэглэгдэхүүн бүтээж буй туршлагаас

Манай Дэгдээхий цогцолбор цэцэрлэг нь БНСУ-ын Койка Олон улсын байгууллагатай 2 жил  хамтран ажиллаж, сайн дурын ажилтан багш Хун Хун Шилээс БНСУ-ын цэцэрлэгийн үйл ажилллагаа, сургалтын орчин, тоглоомоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа арга зүй, туршлагаас суралцан хэрэгжүүлж ирлээ.

Хун Хун Шил сургагч багштай хамтран ЗАН-ийн ажлаа явуулж, гарын доорх материал болон даавуугаар төрөл бүрийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хийж, аймгийнхаа цэцэрлэгүүдийн 200 гаруй, Зуунмод сумын цэцэрлэгийн 40-өөд багшид сургалт зохион байгууллаа. Мөн 2 удаа үзэсгэлэн гаргаж, туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажил хийсэн.

 Ингээд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ мэргэжил нэгт бусад багш нартайгаа хуваалцаж байна. Та бүхэн эдгээрийг хийж бүтээхдээ хүүхдүүдээ мөн оролцуулахыг хичээгээрэй.

          Төв аймгийн Зуунмод сумын Дэгдээхий цогцолбор цэцэрлэгийн хамт олон

Шидэт хайрцаг

Энэ тоглоом нь хүүхдийн өнгө, хэлбэр дүрсийг ялгах, бүтээсэн зүйлээ илэрхийлэн ярих чадвартай болох, гар, хурууны хөдөлгөөний эв дүй сайжрахад тустай. Мөн хүүхдэд тоглох сонирхол төрүүлэх, бүтээлчээр сэтгэн бодоход нөлөөлнө. Багш тоглоомыг олон хувилбараар баяжуулан бүтээж болно.

Хэрэглэгдэхүүн:

Өнгө өнгийн даавуун материал, зузаан цаасан хайрцаг, зүү, утас, зангуу, товч, цавуу, цавууны буу

 

 

1.Даавуун материалыг хэмжин хайчилж, цаасан хайрцагны гадуур бүрж оёно.

                 

 

 

 

 

 

 

 

2.Бүрж оёсон хайрцгандаа нэг талд нь товчнууд оёж тогтоож, нөгөө талд нь зангуу байрлуулан наана.

                       

 

 

 

 

3. Даавуугаар янз бүрийн дүрс хайчилж, бэлтгэнэ. Тэдгээрийн ард нь зангуу наах юм уу эсвэл товчинд өлгөх гогцоо оёж бэлтгэнэ.

   

 

 

 

 

 

4.Бэлтгэсэн дүрсүүдээ хайрцган дээрээ наах юм уу, өлгөж тогтооно. Шидэт хайрцаг бэлэн боллоо.

    

 

 

 

Даавуун ном

Даавуун номыг хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өнгө үзэмжтэй хийвэл хүүхэд номыг илүү сонирхох болно. Хэлбэр, зургийг нь өөрчлөн тодорхой сэдвээр номыг бүтээж болно. Та хүүхдүүдтэйгээ хамтдаа хийгээрэй.

Хэрэглэгдэхүүн:

Өнгө өнгийн даавуун материал, үдээс, зангуу, цавуу, цавууны буу

 

 

 

1.Номны хэлбэр болон амьтдын эсгүүрийг гаргаж даавуугаа хайчилж бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

2.Бэлтгэсэн эсгүүрээ даавуун хуудсан дээрээ нааж, орчин болон бусад зүйлсийг нэмж дүрсэлнэ.

 

 

 

 

 

 

 

3.Бэлэн болсон номын хуудсыг уяагаар үднэ.

 

 

 

 

 

Загас

Энэ тоглоом нь хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх, хараагаар баримжаалах, өнгө ялгах, тоолох чадвар эзэмшихэд илүү ач холбогдолтой. Үүнийг өөр янз бүрийн хувилбараар хийх боломжтой.

Хэрэглэгдэхүүн:

Өнгө өнгийн даавуун материал, зүү, утас, товч

 

 

 

1.Эсгэсэн даавуугаа  хавсарч хүрээг оёно.

 

 

 

 

 

 

 

2.Оёж дууссаны дараа загасны нүд болгон товч оёно.

 

 

 

 

 

 

 

 

3.Товчлоход зориулж, загасны сүүл хэсэгт нүх гаргаж, хүрээг оёно.

 

 

 

 

 

4.Бэлэн болсон загаснуудыг нийлүүлэн товчилж, гинжин холбоо үүсгэн тоглоно.

             

 

 

 

 

 Амьтдын баг

Энэхүү тоглоом нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, дүрд хувиран тоглох, хамтран тоглох, амьтдын шинж чанар, онцлогуудыг мэдэх гээд олон талын ач холбогдолтой.

Хэрэглэгдэхүүн: Өнгө өнгийн даавуу, зангуу, цавуу, цавууны буу

 

 

1.Даавуун дээрээ багныхаа эсгүүрийг зурж, хайчилж авна.

 

 

 

 

       

 

 

2. Амьтдын багтаа нүд, чих, хамар, ам зэргийг нааж бэлтгэнэ.

     

 

 

 

 

 

 

3.Багныхаа арын хэсэгт толгойд зүүх туузан даавууг нааж эсвэл оёж бэхэлнэ.

                          

 

 

 

 

Жимсний сагс

Сагс өнгө үзэмж, эдэлгээ сайтай учир хүүхэд барьж тоглоход дуртай байх болно.

Хэрэглэгдэхүүн:

Өнгө өнгийн даавуу, зүү, утас, цавуу, цавууны буу

 

 

1.  Сагс хийх даавууг хэлбэр гарган эсгэж, бусад чимэглэлийн зүйлс болон бариул хийх даавууг бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

2. Даавууг сүлжиж, бариул хийхээр бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

3.Ёроол хэсгийг голд нь хатуу картонон цаас хийж, хавсарч оёно.

 

 

 

 

 

 

 

4.Бэлдсэн хэсгүүдийг нийлүүлэн оёж, сагс бэлэн болно.

 

        

 

 

     Амьтны хүрээлэн

Энэхүү тоглоом нь хүүхдийн ажигч гярхай чанар, дүрд хувиран тоглох, тооны цифр болон тоолох чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Хэрэглэгдэхүүн: Даавуун материал, зангуу, цавуу, цавууны буу, тооны цифр

 

 

1.Цаасаар хийх амьтдын эсгүүрийг  гаргана.

 

 

 

 

 

 

 

2.Цаасан эсгүүрээ даавуун дээрээ тавьж, даавуугаа эсгэж бэлтгэнэ.

 

 

 

 

 

 

 

3.Бэлдцүүдийг хооронд нь нийлүүлэн оёж, амьтдын хүрээлэн тоглоом бэлэн болно.

            

 

 

 

Цаасан хуйлбар  (Квилинг)

Цаасан хуйлбар нь цаасыг нарийн зүсээд түүнийгээ янз бүрийн хэлбэр гаргаж хуйлдаг цаасан урлалын нэгэн сонирхолтой төрөл юм. Хуйлах техник нь тийм ч хэцүү биш, цаасыг нарийн спираль маягаар орооно.Ойролцоогоор 30 орчим квилингийн суурь элемент байдаг ч өөрийн төсөөллөө ашиглаад квилингийн шинэ элемент зохиож болох юм.

Хэрэглэгдэхүүн: Өнгийн цаас, хайч,цавуу, шүдний чигчлүүр мод

 

 

 

1.Өнгийн цаасаа 0,5 см-ын өргөнтэйгээр туузан хэлбэртэй хайчилж бэлтгэнэ.

 

 

 

2.Цаасыг 2 хуруугаар хавчин барьж чанга татаж орооно. Ороомгийн диаметр нь 3-4 мм болох үед чигчлүүрээ суллан авч цааш нь орооно.

 

3.Бэлэн болсон ороомгийн 1 үзүүрээс нь хавчвал “дусал” хэлбэрт орно. Цаасыг хонхойлгох, хавчих зэргээр дурын хэлбэрт оруулж болно.

4.Хийх бүтээлдээ тохируулан бүх бэлдцүүдийг бэлтгэнэ.

5.Цаасаа тавихгүйн тулд 2 гараар сайн барьж ороон, хуруугаа бага зэрэг суллаад цаасны төгсгөлийг тарган цавуугаар наана.

6.Бэлдцүүдийг нийлүүлэн нааж, таны бүтээл бэлэн боллоо.

Орон орны шилдэг бүтээлүүд