Гадны хүн юу гэж хэлэв?

“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”-2016 улсын зөвлөгөөнд ХБНГУ-ын Бавар мужийн Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны институтын дэд захирал Др.Бернхард Нагел оролцсон бөгөөд тэрбээр манай “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр”, түүний хэрэгжилтийн талаар хэрхэн дүгнэж хэлснийг толилуулъя.

Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хөгжил

Эрхэм хүндэт Сайд аа, хүндэт нөхөд өө,

Би монголоор ярьж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ Мюнхенд амьдардаг 200 гаруй монголчуудтай холбоотой байж, монгол хэлний чадвараа сайжруулна аа.

2015 оны 9 дүгээр сард Монгол улсын СӨБ-ын байгууллагуудад сургалтын цөм хөтөлбөр шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү сургалтын хөтөлбөр нь урт хугацааны бэлтгэл ажлын үр байлаа.   

Олон улсын хөгжил, туршлагыг эрчимтэй судалсан судалгаа нь энэхүү хөтөлбөрийн үндэс суурь нь байв. Янз бүрийн улс орнуудын туршлагыг судалсан нь нэг талаас сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх зүйн хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй түвшинг харгалзах, нөгөө талаас монголын өөрийн өвөрмөц байдал, соёлын онцлогийг түүнтэй хэрхэн уялдуулахад тустай байсан. 

Үүнээс гадна олон улсын харьцуулсан судалгаагаар шинэлэгт тооцогдож байгаа ХБНГУ-ын Бавар болон Хессэн мужийн Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг Монголын нөхцөлд хэрхэн авч үзэх эрэл хайгуул хийсэн. Эдгээр хөтөлбөр нь Монгол улсын СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахад олон талаар бас нэгэн баримжаа болж өгсөн.

Монгол улсын сургалтын цөм хөтөлбөр нь өнөө үед олон улсад стандарт болон мөрдөгдөж байгаа шаардлагатай зүйлс, зарчмуудыг тодорхой тусгасан хөтөлбөр. Хөтөлбөрт зөвхөн хүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй сургалтын чиглэлүүдийг тодорхойлоод зогсоогүй, сургалт, боловсролын үйл ажиллагааны зохион байгуулалт, түүнчлэн сургалтын орчныг  тодорхой авч үзсэн. Хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг тодорхойлох нь хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд энэ нь хүүхэд бүрт өөрт нь тохирсон арга барилаар дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.  

Хөтөлбөрт багш нарын гүйцэтгэх үүргийг зааж өгсөн нь тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд эцэг эхийг татан оролцуулж байгаа нь ялангуяа хүүхдээ цэцэрлэгт тогтмол явуулах боломжгүй уламжлагдан ирсэн малчин эцэг эхчүүдтэй Монгол улсад  маш чухал юм.

Сургалтын хөтөлбөр нь ирээдүйн хөгжил, түүнээс үүдэн бий болох шаардлагуудыг давж гарахад хэрэг болох, хүүхэд бүрт шаардлагатай үндсэн чадамжуудад баримжаалжээ. Үүний цаана үндэс болон оршиж буй сурган хүмүүжүүлэх зарчмууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд бөгөөд хүүхдийн суралцах эрмэлзэл, суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн байна.

Хүүхэд бүр сэтгэл санаагаар таатай байх, олон талаар сонирхлыг нь татаж өдөөсөн тийм орчин нөхцөлд хүүхдийн суралцах сэдэл, дур сонирхолд нөлөөлөх нь сургалт-хүмүүжлийн ажлын зорилго билээ.  

Хүүхэд бүрт тусалж, дэмжих нь хамгийн гол асуудал.  Тогтмол хийгддэг мэргэжлийн  ажиглалтаар хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг тогтоодог. Үүгээр тухайн хүүхдийн давуу, сул тал болон хөгжлийн ахицыг  олж харж болно. Ингэснээр хүүхэд бүрт тохирсон онцлог арга барилаар хөгжилд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Энэ асуудал сургалтын цөм хөтөлбөрт мөн тусгалаа олсон байна.

Багш болон эцэг эхчүүдийн хүлээх үүрэг, гүйцэтгэх үйл ажиллагаанд хүүхдэд хувь хүний болон бусад бүх талаасаа хөгжих хамгийн боломжит орчин бүрдүүлэхийг чухалчлан заажээ.  

Монголын сургалтын цөм хөтөлбөрт хүүхдэд хэрэгтэй ерөнхий болон тусгай чадваруудыг         Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж

Нийгэмшихүйн чадамж

Хэл ярианы чадамж                                                                                            

Математикийн чадамж                                                                                                    

Хөгжим, дүрслэх урлагын чадамж  хэмээн онцлон тодорхойлжээ. 

Эдгээр нь OECD  буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан үндсэн чадамжуудын шалгуурт нийцэж байна.  

OECD –ийн мөрдөж байгаагаар үндсэн чадамжид  дараах 3 шалгуур тавигддаг:

  • Хувь хүний болон нийгмийн түвшинд амжилт гаргахад хувь нэмэр оруулах.
  • Янз бүрийн нөхцөл байдалд нэгдмэл шаардлага буюу сорилттой тулгарахад хэрэглэгдэх.
  • Хувь хүн бүрт ач холбогдолтой байх.

Үүнд хувь хүний чадамж, боломж болон нийтийн дунд зохих чадамжийг мөн хамруулан авч үздэг.

Сургалтын цөм хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн 12 дугаар зүйлд заасан хүүхдийн оролцооны эрхийг харгалзан үзсэн байна. 

Ийнхүү Монгол улсын СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр нь олон улсын хамтын нийгэмлэгийн хоёр чухал шаардлагыг хангасан байна гэж үзэж болно.   

Сургалтын хөтөлбөрийн хамгийн гол зүйл бол:

а) сурган хүмүүжүүлэх үзэл санаа,  б) хүүхдийг хэрхэн харж байгаа, хүүхэд яаж хөгждөгийг ойлгох ойлголт, в) хүүхэд бүрийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал юм.

Сурган хүмүүжүүлэх үзэл санааг практикт хэрэгжүүлэхэд анхаарах хамгийн гол зүйл бол хүүхэд бүрийн онцлогийг харгалзах, хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн үйл ажиллагаа явуулахад оршино.

Үүнд дараах зүйлс суурь дэвсгэр нь болж өгнө.  

  1. Мэргэжлийн ажиглалт, баримтжуулалт. Хүүхдийн хөгжлийг даган хийж буй ажиглалт бол зүгээр л хийгээд өнгөрөх ажил биш. Хүүхэд бүрийн ерөнхий ба тусгай чадвар, хэвшил дадлыг таньж мэдэхийн тулд сургалтын үйл явцын алхмуудыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Багш тухайн хүүхдийн хөгжил-боловсролын үйл явцын талаар олж авсан ойлголтоо өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглана.
  2. Сургалтын цөм хөтөлбөр болон орон нутгийн онцлог, цэцэрлэгт явж буй хүүхдийн ар гэрийн онцлог зэргийг харгалзсан тухайн байгууллага\цэцэрлэгийн хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэх үзэл баримтлал.
  3. Мэргэжил дээшлүүлэх болон давтан сургах үзэл баримтлал. Шинэ сургалтын хөтөлбөрийг практикт хэрэгжүүлэхийн тулд батлагдахаас нь өмнө загвар байгууллагуудыг бий болгож, сургагч багш нарыг бэлтгэж, бэлтгэлийг хангах.
  4. Төгсөгчид практик дээр гарахдаа шинэ сургалтын хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх бэлтгэлтэй байх үүднээс  их, дээд сургуулиудад багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх.
  5. Чанарын баталгаа, хөгжлийг хангах. Үүнд танай орны хувьд МУБИС дээр салбар хоорондын ажлын хэсэг байгуулж, шинжлэх ухааны талаас нь дагаж, чиглүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж болох юм. 

Дээр дурдсан мөн олон улсад хэрэглэгдэж буй энэхүү “системийн хүрээнд ажиллах арга барил” нь шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үед сургалтын хөтөлбөр практикт амжилттай хэрэгжих чухал нөхцөл юм.  

Др.Нагел нийслэлийн Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгт, 2015 оны 4 сар

Түүнчлэн шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнууд бусад улсад хэрэгжүүлж буй арга барилыг нутагшуулан ашиглаж байна. Үүнд хариуцлага хүлээн оролцох бүх талуудын, тухайлбал яам, засаг захиргаа, үүсгэн байгуулагчийн сүлжээг бий болгох нь бүгд нэг зорилгын төлөө тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.  

Төгсгөлд нь хэлэхэд:

Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-аас монголын хөгжлийг авч явах хүүхдүүдээ ирээдүйд хүлээх үүрэг, хөгжилд нь бэлтгэхэд чиглэсэн, олон улсын түвшин дэх шинжлэх ухааны ололт болон өөрийн улсын соёлын онцлогт суурилсан сургалтын цөм хөтөлбөрийг гаргаж, идэвх санаачилгыг өрнүүлэн хэрэгжүүлэх замд нь оруулж, чадсан байна.   

Сургалтын цөм хөтөлбөр нь хүүхдийн нас бүрт харгалзуулсан олон салангид зүйлс бус хөгжлийн гол чиглэлүүдийг зааж, түүгээрээ сургалтын ажилд чиглэл өгснөөрөө өмнөх хөтөлбөрөөс ялгагдаж байна. Түүнчлэн хүүхэд бүрийн хөгжлийн хурдацын ялгавартай байдлыг харгалзах боломж олгожээ. Үүгээрээ хүүхэд нэг бүрийн онцлог, авьяас чадвар чухал болохыг онцолсон байна.

Сургалтын цөм хөтөлбөр нь хүүхэд сэтгэл санаагаар таатай байх, сурах дур сонирхолтой, баяр баясгалантай байх орчин нөхцөлийг чухалчилсан нь хүүхдийн хөгжилд нэн чухал юм.

Шинэ сургалтын цөм хөтөлбөрт ажиглалтын хуудас чухал үүрэгтэй. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг хүүхдийн хөгжлийн үндсэн чиглэлүүд рүү хандуулах,  тэднийг ажиглах, оношлох чадварт сургах, нөгөөтэйгүүр хүүхдийн хөгжлийн түвшний талаар багш нарт чухал мэдээлэл өгөх ач холбогдолтой.

Хариуцагч бүх талын, тухайлбал, хүүхэд, багш, мэргэжилтнүүд, эцэг эх, мэргэжил эзэмшүүлэх, давтан бэлтгэх байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчдын нэгдэл\хамтын ажиллагаа нь авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн чанар, үргэлжлэх хугацаа, түүнчлэн цаашдын тогвортой хөгжилд чухал суурь дэвсгэр болно.

Шинээр бий болж буй мэдээллийн хэрэгсэл, тухайлбал интернэт ашигласнаар бүх гэр бүл, түүн дотор малчин айл өрхөд хүрэх боломжтой.  

Сургалтын хөтөлбөрийг амьдрал практикт хэрэгжүүлэх, түүнээс хүүхдүүд үр шимийг нь хүртэхэд багш нар шийдвэрлэх рольтой. Энэ асуудлыг Та бүхэн шийдвэрлэж чадсан гэж би ойлгож байна.

Сүүлийн хоёр өдөр надад Улаанбаатарт цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэй ажиллаж байгааг ажиглах боломж олдсон. Эндээс шинэ сургалтын хөтөлбөрөөс хэчнээн их зүйлийг багш нар хэдийнэ хэрэгжүүлснийг харж болохоор байв. Мэргэжлийн чадамж, түүнчлэн багш нарын сургалтын чиглэлүүдийг хооронд нь уялдуулж буй байдал, хүүхэд сэтгэл санаагаар таатай байх уур амьсгалыг бүрдүүлж буй байдал, хүүхэд бүрт хандаж хүрч ажиллаж буй байдал (цөөхөн зүйлийг дурдав) зэргээс харахад  Монголын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын хөгжил шинэ шатанд үлгэр жишээ болохуйцаар гарч ирэх нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй, өөрчлөлтийн замд хол алхсан байна гэж итгэл төгс хэлэх байна.

Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлье.