Улс орнуудын бага насны хүүхдийн үнэлгээний зорилго, арга, хэлбэрүүд

Нэг. Үнэлгээний зорилго

Сингапур

“Хүүхдэд багшлах цорын ганц арга бол түүнийг сайн мэддэг байх явдал юм. Хүүхдийг сайн таньж мэдсэн тохиолдолд л түүнд тохирсон дэмжлэг үзүүлж чадна. Хүүхдийн ахиц дэвшлийг ажиглаж тэмдэглэх нь сургалтын төлөвлөлт, үнэлгээнд шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв насанд хүрэгчид хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах гэж байгаа бол тэдгээр ажиглалт, тэмдэглэлийг тогтмол авч үзэх хэрэгтэй” [Singaporeforskola.pdf].

БНСУ

Бага насны хүүхдийн хөгжлийн ахиц амжилтыг дээшлүүлэх үйл ажиллагааг сайжруулах арга замыг эрж олох,  хүүхэд бүрийг чиглүүлдэг багш нарын заах аргыг сайжруулах, агуулга, арга зүйг үнэлэхэд оршино.  [연령별누리과정평가도구책%5B1%5D.pdf]

ХБНГУ

Берлин муж: “Ажиглалтын зорилго нь хүүхэд бүрийн хувийн боломж, онцлог, сонирхол болон хөгжлийн процессыг тогтсон цаг хугацаанд анхаарсны үндсэн дээр тухайн хүүхдэд юу хэрэгтэй байгааг мэдэж, түүнийгээ тусган ажиллах, эцэг эхтэй мэдээлэл солилцоход оршино. Үүнд компетенциор тодорхойлсон зорилгууд нь чиглүүлэг болж өгнө.

Ажиглахад хүүхэд ямар хэрэгцээ, сонирхолтой байгаа, түүнийгээ яаж илэрхийлж, үйл ажиллагаараа харуулж байгааг баримтжуулах нь багшийн үүрэг юм” [Berliner Bildungsprogramm].

“Суралцах ба хөгжлийн процессыг ажиглах нь цэцэрлэгт явагдах сурган хүмүүжүүлэх ажлын үндсэн суурийг бий болгоно. Ажиглалтын мэдээлэл сайтай үр дүн нь хүүхдийн суралцах, хөгжих ойлголт чиглэлийг өгнө, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаануудын чанарын баталгааг хангаж, цаашид хөгжүүлнэ” [Der Bayerische Bildungs-und Erziehungsplan].

Швейцарь

“Цэцэрлэг дэх ажиглалт, үнэлгээ нь дараах зарчмыг баримтална. Үүнд: Амжилтын үнэлгээ бус харин хүүхэд бүрийн хөгжлийн түвшин хаана байгааг тодорхойлох мэдээлэл.

Ажиглалт, үнэлгээний зорилго

  • Хувь хүний байгаа байдлыг тодорхойлно. Энэ нь хүүхэд бүрийг дэмжих, хөгжүүлэхэд нөлөөлнө.
  • Сурган хүмүүжүүлэх алхмуудыг төлөвлөх, эцэг эх, багш нар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

Боловсролын арга хэмжээний амжилтын чиглэлийг заасан хэрэгсэл” [konzeptBeobachtungundBeurteilungkiga.pdf].

АНУ

Массачусеттс муж: “Хүүхдийн үнэлгээ нь хүүхэдтэй холбоотой мэдээлэл цуглуулж, хянаж үзээд, түүнийгээ хүүхдэд ойлгомжтой, суралцах боломжтой сургалтын үйл ажиллагаануудыг төлөвлөхөд ашиглах үйл явц юм. Хүүхдийн бүтээл, гүйцэтгэлийг жилийн туршид ажиглаж, баримтжуулснаар  багшид тухайн хүүхдийн өсөлт , хөгжлийг тогтоох боломж бүрддэг. Энэхүү мэдээллийн үндсэн дээр багш  хүүхдэд зохицсон сургалтын хөтөлбөр боловсруулж, хүүхэд бүрд үр дүнтэйгээр нөлөөлөх үйл ажиллагааг төлөвлөж эхэлдэг” [Resources for Early Laerning].

ОХУ

“Хөгжлийн ойрын бүс”–ийг харж, хүүхдийн хувийн амжилтын хурд дээр тулгуурлан хүүхэд бүрд СӨБ олгох онцлог (ганцаарчилсан) маршрут гаргах нь сурган хүмүүжүүлэх оношлогооны зорилго болно.

Сурган хүмүүжүүлэх оношлогооны үр дүнг дараах боловсролын асуудлыг шийдвэрлэхэд ашиглана:

1) боловсролыг хувь хүнд ойртуулах (үүнд тухайн хүүхдийг дэмжих, түүний боловсролын замнал буюу хөгжлийн онцлогийг мэргэжлийн талаас засах)

2) ангид явагдах үйл ажиллагааг оновчтой болгох” [ФГОС ДО, раздел 3, п. 3.2.3].

          Хоёр. Үнэлгээний арга, хэлбэрүүд

Сингапур

“Багш системтэй ажиглалт, баримтжуулалтаар хүүхдийн суралцахуй болон хөгжлийн талаарх мэдээллийг цуглуулна” [A Curriculum Framework for Kindergartens in Singapore, 2012].

“Хүүхдийн ахиц, хөгжлийн ажиглалтууд жишээлбэл, харандаа, усан будгаар зурсан зураг, эскиз, бичсэн зүйлс, тэмдэглэгээ болон төслүүдээс компьютерт хадгалж хэвлэсэн материал зэрэг нь  хувийн хавтсанд хадгалагдана”  [Singaporeforskola.pdf].

БНСУ

“... Хүүхдийг өдөр тутмын практик үйл, тоглоом, сургалт зэрэг үйл ажиллагааны явцад ажиглах, бүтээлүүдэд шинжилгээ хийх, ярилцлага явуулах, янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах зэрэг олон төрлийн системчилсэн аргуудыг ашиглан үнэлэхийг зөвлөсөн байдаг.  Баримт бичигт мөн ажиглалт, баримтжуулалт чухал болох, хүүхдийн үнэлгээний үр дүнг ашиглахдаа мэдээллүүдэд шинжилгээ, тайлбар хийхийг онцолсон” [Kwi-Ok Nah, 2011].

Өнөөгийн мөрдөж буй 3-5 насны хүүхдийн сургалтын “НҮРИ” хөтөлбөрт дараах аргуудыг дурджээ.

  • Ажиглалтын хуудас /тоон үзүүлэлттэй/-аар үнэлэх
  • Хяналтын хуудас /тоон үзүүлэлттэй/-аар үнэлэх
  • Ажиглалт, тэмдэглэл хөтлөх
  • Асуулга явуулах
  • Бүтээлүүдэд шинжилгээ хийх
  • Хувийн хавтас (PORTFOLIO) бүрдүүлэх [연령별누리과정평가도구책%5B1%5D.pdf]

 

ХБНГУ

Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, дэмжлэгийн хууль [Kinderbildungsgesetz – KiBiz]-ийн § 13b-д “Ажиглалт ба баримтжуулалт” гэсэн заалт бий. Түүнд: “(1) Боловсролын зорилгын хэрэгжилт, ялангуяа хүүхэд бүрд хүчтэй төвлөрөн тухайн хүүхдийг  тал бүрээс нь дэмжихэд хүүхдийг тогтмол,  өдөр тутам мэдэрч ойлгох ажиглалт суурь нь болно. Энэ нь хүүхдийн чадавхи, үйлдэл, төсөөлөл, санаа, бүтээл, шийдлүүдийн олон талт байдалд чиглэнэ.  Ажиглалт болон үнэлгээ нь хүүхдийн хөгжил ба суралцах процессыг тогтмол баримтжуулахтай холбогдоно (Боловсролын баримтжуулалт).  Эхний баримтжуулалт нь хүүхэд цэцэрлэгт элсэх үеэр эцэг эхтэй хийсэн өргөн хүрээний ярилцлага, цэцэрлэгт дасан зохицсоны дараагаар цэцэрлэгт хамрагдсанаас хойш зургаан сараас илүүгүй хугацааны дотор хийгдэнэ. Баримтжуулалт нь эцэг эхээс бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэнэ” гэсэн байдаг.   

Швейцарь

“Асран хамгаалагч өдөр бүр хүүхдийг юу сонирхож байгааг нь мэдрэхийн тулд ажиглана. Ингэснээр хүүхэд суралцахдаа амжилт гаргахад нь тохирсон дэмжлэг үзүүлнэ. Төсөлт ажлын явцад ... хүүхдийг фото зураг болон зурсан зургаар нь баримтжуулна. Ажиглалтын тэмдэглэлийг хүүхдийн баримт бичигт хийж хадгална”  [paedagogisches_konzept_Iej_1.pdf].

АНУ

Массачусеттс муж: “Багш нар үнэлгээ хийхдээ хүүхэд юу мэдэж, юу хийж чадаж байгааг ажигладаг. Хүүхдийн үнэлгээний арга нь албан бус (байгаа байдлыг ажиглах, хүүхдийн бэтээл, бусад мэдээллүүдийг хувийн хавтсанд зориулан цуглуулах, сурган хүмүүжүүлэгчид болон багшийн тодорхойлолтыг ашиглах), албан ѐсны (асуулга болон стандартчилсан тест  гэх мэт үнэлгээний арга хэрэгслийг ашиглах) байж болно” [Early Childhood Assessment].

ОХУ

“Сурган хүмүүжүүлэх оношлогооны аргууд

  • Ажиглалт (үндсэн)
  • Сурган хүмүүжүүлэх чөлөөт ярилцлага
  • Хүүхдийн үйл ажиллагааны бүтээлүүдийн шинжилгээ
  • Асуудалтай нөхцөл байдал
  • Дидактик даалгавар (сурган хүмүүжүүлэх тест) [ФГОС ДО, раздел 3, п. 3.2.3]

 

Н.Норжхорлоо, З.Мөнхтуул

 

Ном зүй:

1. NURTURING EARLY LEARNERS, A Framework For A, Kindergarten Curriculum, In Singapore, Singaporeforskola.pdf, P.35

2.  3,4,5세연령별누리과정평가도구 - 연령별누리과정평가도구– SEOUL EARLY CHILDHOOD EDUCATION DEVELOPMENT INSTITUTE, линк: 연령별누리과정평가도구책%5B1%5D.pdf

3.  Berliner Bildungsprogramm Fuer die Bildung, Erziehung und Betreuung von Kindern in Tageseinrichtungen bis zu ihrem Schuleintritt, S.37, Senatsverwaltung fuer Bildung, Jugend und Sport, Verlag das Netz, 2004

4.  Der Bayerische Bildungs-und Erziehungsplan fuer Kinder in Tageseinrichtungen bis zur Schulung, 4.Auflage, 2010, S.464, Bayerische Staatsministerium fuer Arbeit und Sozialordnung, Familie und Frauen, Staatsinstitut fuer Fruehpaedagogik, Muenchen, Cornelsen Scriptor

5.  Early Childhood Assessment, http://resourcesforearlylearning.org/fm/early-childhood-assessment/, website:Resources for Early Laerning

6. Оценка индивидуального развития детей дошкольного возраста в рамках педагогической диагностики (ФГОС ДО), https://docplayer.ru/30699927-Ocenka-individualnogo-razvitiya-detey-doshkolnogo-vozrasta-v-ramkah-pedagogicheskoy-diagnostiki-fgos-do.html

7. Kwi-Ok Nah,  Child Assessment in Early Childhood Education and Care Settings in South Korea, 2011 https://www.researchgate.net/publication/272691865_Child_Assessment_in_Early_Childhood_Education_and_Care_Settings_in_South_Korea

8. Beobachtung und Dokumentation, Gesetz zur frühen Bildung und Förderung von Kindern (Kinderbildungsgesetz - KiBiz) - Viertes Gesetz zur Ausführung des Kinder- und Jugendhilfegesetzes - SGB VIII -, Geltende Gesetze und Verordnungen (SGV. NRW.)  mit Stand vom 1.9.2018, § 13b (Fn 7