Хүүхдийн ёс суртахууны хөгжлийн үе шатууд

Ёс суртахууны хөгжил гэж юу вэ?

Ёс суртахууны хөгжил гэж хувь хүнд нялх наснаас эхлэн зөв, буруугийн тухай ойлголт, хүний мөс, ёс суртахууны үнэт зүйл, нийгмийн хандлага, зан үйл аажмаар бүрэлдэн бий болох, эдгээрийн өөрчлөгдөх үйл явц юм. Хүүхэд тухайн нийгмийнхээ ёс суртахууны талаарх ойлголттой төрдөггүй. Харин энэхүү ойлголт тэдэнд цаг хугацааны явцад бий болж хөгжиж, зан чанарт нь шингэж суудаг байна.

Хүүхдийн ёс суртахууны хөгжлийн 5 үе шат

Судлаач Дебошри Бхаттачаржи (Bhattachargee, D. 2020) хүүхдэд ёс суртахууны хөгжил хэрхэн явагддагийг дараах 5 үе шатаар авч үзсэн байдаг. 

1. Нялх болон балчир насныхан (0 - 2 нас хүртэл)

Энэ насны хүүхэд ёс суртахуун гэсэн ойлголт байхгүй. Юу өөрт нь тав тухтай, юу тав тухгүй гэж мэдэрч байгаа нь л тэдний зөв, буруу гэсэн санаа. Бид нялх хүүхдийн хувьд хэзээ ч ганцаараа байхгүй байх, өлсөхгүй байх, ээжтэйгээ байнгын холбоо харилцаатай байх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв түүний орчин ийм байхгүй бол нялх хүүхэд үүнийг "буруу" зүйл гэж мэдэрдэг.  Хооллох, тэврэх, эрхлүүлэх нь тэдэнд угаасаа тааламжтай бөгөөд үүнийг “зөв” гэж мэдэрнэ.

2. Балчир насныхан (2 - 3 нас хүртэл)

Энэ насанд хүүхэд хэдийгээр зөв, бурууг хараахан ялгаж чадахгүй ч гэсэн "бусад хүн" гэсэн ойлголттой болж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө хүмүүсийг анзаарч эхэлдэг. Тэд яагаад дүүгийнхээ тоглоомыг булааж  авч болохгүй эсвэл яагаад бусдыг цохиж болохгүй гэдгийг хэлж чадахгүй ч ямар нэгэн байдлаар шийтгэл юм уу зэмлэл хүлээнэ гэдгээ ойлгодог тул тэгэхгүй байхад суралцана. Энэ насанд хүүхэд танаар зэмлүүлэхгүйн тулд таны дүрмийг дагах болно.

3. Сургуулийн өмнөх насныхан (3 - 7 хүртэл)

Энэ нь ёс суртахууны төлөвшлийн үе юм. Энэ үед хүүхэд гэр бүлд сургасан үнэт зүйлс болон эргэн тойрондоо харж буй зүйлсээ өөртөө дотроо шингээж авдаг. Тэд танаар байнга хүлээн зөвшөөрүүлэхийг эрэлхийлдэг тул та түүнийг дүрэм баримтлахад удирдан чиглүүлж болно. Тэд хүмүүс үйлдлүүдээрээ бие биедээ нөлөөлж байгааг мэдрэх тул бусдад анхаарал халамж тавих нь чухал гэдгийг ойлгох болно. Тэрбээр аль нэг үйлдэл, түүний хариу үйлдэл хоёр хоорондоо холбоотойг  ойлгох тул буруу үйлдэл хийвэл түүнийг ямар нэгэн байдлаар буруутгахыг мэднэ. Хүүхэд хэн нэгнийг гомдоох юм бол тэр хүний сэтгэл санаа тавгүй байх болно гэдгийг ойлгож, өрөвдөх сэтгэлд суурилсан ёс суртахууны хандлагатай болно.

4. Өсвөр үеийн өмнөх насныхан  (7 - 11 нас хүртэл)

Энэ насанд хүүхдүүд  томчууд магадгүй бүх зүйлийг хяналтандаа байлгаж чаддаггүй гэдгийг ойлгож эхэлдэг. Хэдийгээр тэд томчуудын эрх мэдэлд захирагддаг хэвээр байвч дүрэм журмын шударга байдлыг шүүж, тэгш байдлын тухай ойлголтыг тодорхойлох чадвартай болдог. Энэ насанд тэд юу хийх, юуг цээрлэх хэрэгтэй талаар баттай ойлголттой болно. Тэд хүүхдэд ч бас сонсох шаардлагатай санаа бодол байдаг гэдэгт итгэлтэй байдаг болно.

5. Өсвөр үеийнхэн

Өсвөр үеийнхэнд үе тэнгийнхнийх нь нөлөөлөл их байдаг. Тэд бусдын үйлдэл ямар нэг үр дагавар дагуулдаг бөгөөд заримдаа сөргөөр нөлөөлж болохыг ойлгодог. Тэдний ёс суртахууны ойлголт илүү хийсвэр бөгөөд бусдын хэрэгцээнд нийцүүлэн тохиролцох боломжтой гэж үздэг. Тэд үе тэнгийнхнийхээ нөлөөнд автамтгай тул үе тэнгийнхэндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд ёс суртахууны буруу арга хэрэглэж болно. Энэ насанд эцэг эх нь эрх мэдэлтэй хүмүүс гэхээсээ илүүтэй тэдний зөвлөгчийн байр сууринд шилждэг.

Ёс суртахууны хөгжлийн талаарх бусад онол, үзэл баримтлал

Ёс суртахууны хөгжлийн чиглэлээрх томоохон онолчдооос Зигмунд Фрейд (Sigmund Freud), Жан Пиаже (Jean Piaget), Эрик Эриксон (Erik Erikson), Б.Ф.Скиннер (B.F. Skinner), Лоуренс Кольберг (Lawrence Kohlberg) нарыг дурдаж болно.  

Лоуренс Кольбергийн ёс суртахууны хөгжлийн онол

Хувь хүнд ёс суртахуун төлөвших үйл явцыг сэтгэл зүйч Лоуренс Кольберг дараах зургаан үе шат бүхий гурван түвшинд авч үзсэн байдаг (Serhut Kurt. 2020).

1 дүгээр түвшин: "Хэм хэмжээнээс өмнөх” (pre-conventional) ёс суртахуун

  1. Үе шат 1: Дуулгавартай байдал, шийтгэлийн чиг баримжаа (Би шийтгэлээс яаж зайлсхийх вэ?)
  2. Үе шат 2: Өөрийн ашиг сонирхлын чиг баримжаа (Үүний юу нь надад ашигтай вэ? Магтуулахыг хичээх.)

 

2 дугаар түвшин: "Хэм хэмжээт” (conventional) ёс суртахуун

  1. Үе шат 3: Хүн хоорондын нийцэл (Нийгмийн харилцааны хэм хэмжээнд суралцах, сайн хүү, сайн охин байх хандлага)
  2. Үе шат 4: Нэр төрөө хамгаалах,  нийгмийн хэв журмыг сахих чиг баримжаа (Хууль дүрэм, ёс суртахууны хэм хэмжээг баримтлах)

 

3 дугаар түвшин: “Хэм хэмжээг давсан” (post-conventional) ёс суртахуун

  1. Үе шат 5: Нийгмийн зөвшилцлийн чиг баримжаа (Шударга ёс, хуулийн мөн чанар)
  2. Үе шат 6: Бүх нийтийн зарчим, ёс зүй  (Бусдын сайн сайхны төлөөх чин сэтгэл)

 

Ёс суртахууны хөгжлийн түвшин тус бүрийн зарим онцлогийг авч үзье.

1 дүгээр түвшин: "Хэм хэмжээнээс өмнөх” ёс суртахуун

Энэ түвшинд есөөс доош насны хүүхдүүд хамрагдана. Кольбергийн үзэж байгаагаар нялх хүүхдэд ёс суртахууны мэдрэмж бага буюу огт байдаггүй, учир нь тэд хүний харилцааны мөн чанарын талаарх ойлголттой төрдөггүй. Хүүхдүүд бага сургуулийн өмнөх наснаас ёс суртахууны ойлголтын эхний чухал үе шатанд ордог бөгөөд үүнийг "хэм хэмжээний өмнөх” (pre-conventional) түвшин гэнэ. Хэм хэмжээний өмнөх үед хүүхдүүд ихэнхдээ хувиа бодсон байдалтай  өөрийнхөөрөө байдаг. Тэд ямар зан үйл нь нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх талаар боддоггүй, харин өөрсдөдөө юу ашиг тустай байх талаар л боддог. Тэд юуны түрүүнд хүч үзэн хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд шийтгэлээс зайлсхийхийн тулд дүрэм журмыг дагаж мөрдөх юм байна гэж ёс суртахууныг ойлгодог.

2 дугаар түвшин: "Хэм хэмжээт ёс суртахуун

Энэ түвшинд арваас дээш хүүхдүүд, өсвөр насныхан, ихэнх насанд хүрэгчид хамрагддаг.  Хүүхэд өсөж томрох тусам ёс суртахууны ойлголтын "хэм хэмжээний" түвшинд очдог. Хэм хэмжээний ёс суртахууны ойлголтод хүрсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн хүлээх үүргийн талаар бодож эхэлдэг; илүү сайн сайхныг дэмжихийн тулд шаардлагатай зүйлийг хийх үүргээ уамсарлана. Тэд бусдын хүндлэл, сайшаалыг татахуйц зан үйлд өөрийгөө чиглүүлдэг. Хэм хэмжээт ёс суртахууны нэг хэсэг бол хууль ёсны дагуу биеэ авч явах үүрэг юм. Зарим хүн энэ үүргээ улам гүнзгийрүүлж, эргэн тойрных нь бусад нөлөө бүхий хүмүүсийн хүсч буй зүйлд өөрийгөө нийцүүлэх нь зүйтэй гэж үздэг.

3 дугаар түвшин: “Хэм хэмжээг давсан ёс суртахуун

Ихэнх хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсээс ёс суртахууны үнэт зүйлийг шингээж авдаг.  Энэ түвшинд хүрсэн хүмүүсийн ёс суртахуун өөрсдийнх нь сонгосон үндэслэл, зарчимд суурилдаг тул ихэнх насанд хүрэгчид ёс суртахууны эцсийн энэ шатанд хэзээ ч хүрч чаддаггүй. Үүнд хүрэхийн тулд хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн хүсэлд нийцэх үүргээсээ илүү (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) "үнэнч", "харилцан нөлөөлөх үйлдэл", "нийгмийн халамж" гэх мэт зарчмууд бүхий ёс суртахууны мэдрэмжээ илүү өндөр түвшинд авч үздэг. Ийм хүмүүс нийтэд түгээмэл байдаг байр суурь баримтлалгүйгээр асуудлыг шийдэж чаддаг бөгөөд тэрхүү шийдвэр нь зөв байдаг. Жишээлбэл, энэ түвшинд хүрсэн Гүйцэтгэх захирал шийдвэрээ зөв гэж үзээд ашиг олох гэсэн хувьцаа эзэмшигчдийнхээ дургүйцлийг хүргэсэн ч хамаагүй бүх ажилчдаа эрүүл мэндийн бүрэн даатгалд хамруулах шийдвэр (компаниараа дамжуулан бүх оролцогчдоо өсгөж дэвжүүлэхийн тулд) гаргаж болох юм. Бидний уламжлалт амьдралд ёс суртахууны энэ түвшинд хүрэхэд маш хэцүү. Харамсалтай нь бидний энэ жишээн дээрх Гүйцэтгэх захирал ажлаа удаан үргэлжлүүлэх боломжгүй болж мэднэ (MentalHelp net).

 Б.Ф.Скиннерийн ёс суртахууны хөгжлийн үзэл баримтлал

Скиннер хүүхдийн өсөж торниж буй орчин буюу юун түрүүнд түүний захирагддаг орчин нь хүүхдийн ёс суртахууны үндэс суурийг тавьдаг гэсэн санааг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдын зан байдал, хандлага нь хүүхдийн ёс суртахууны төлөв байдлыг бүрдүүлдэг гэсэн үг.

Жан Пиажегийн ёс суртахууны хөгжлийн талаарх үзэл санаа

Пиаже хүүхдийн оюуны хөгжил ба ёс суртахууны хөгжил нь зэрэгцээ явагддаг гэж үзсэн. Тэрбээр хүүхдийн ёс суртахуун нь тэд хэсэг бүлэг хүүхэдтэй  харилцах, шийдвэр гаргах тохиолдолд хамгийн сайн хөгждөг гэжээ. Балчир насанд хүүхдийн зан үйл нь түүнд ямар үйлдэл үзүүлэхээс хамаарч чиглүүлэг авч байдаг. Энэ насанд дүрэм маш чухал бөгөөд тэд үүнийг өөрчлөх боломжгүй зүйл гэж үздэг. Хүүхэд оюуны хувьд хөгжихийн хэрээр зөвхөн үр дагаврыг бус аливаа үйлдлийн цаад сэдлийг судлах шаардлагатайг ойлгож эхэлдэг. Энэ насанд хүүхэд дүрэм журмын шударга байдалд дүн шинжилгээ хийж эхэлдэг бөгөөд оролцогч бүх талууд шударга байдлыг хангахад хувь нэмрээ оруулж болно гэж үздэг.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. Bhattachargee, D. 2020. Moral Development in Children – Stages and Concepts. Deboshree Bhattacharjee

2. Serhut Kurt. 2020. Stages of Moral Development – Lawrence Kohlberg. https://educationaltechnology.net/stages-of-moral-development-lawrence-kohlberg/

3. Mentalhelp.net. Values and Morals Clarification. https://www.mentalhelp.net/self-help/values-and-morals-clarification/

 

Нүүр зураг:  https://link.springer.com/chapter/10.1007/978-3-662-47028-2_14