Ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа ТЭД мэддэг болж өсөж байна

Тугал тугал тоглоно Туул голдоо очно Унага унага тоглоно Онон голдоо очно... хэмээн цовоо дуугаар унших энэ хүүхдүүд бол Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн. Тэд багш нарынхаа сэтгэл гаргаж урласан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан Монгол ахуй, соёлоо танин мэдэж буй нь энэ юм. Хүүхдүүдийн хувьд үнээ саах, тугал татах, эмээл, чөдөртэй харьцах гэх мэт үндэсний ёс заншил, өв уламжлалыг зарим томчуудаас ч илүү мэддэг болжээ.

Тэд хэлэхдээ цэцэрлэгт ирэхдээ нойрмоглодоггүй. Харин ч найзуудтайгаа тоглох, үнээ саах, тугал татах, шагай, оньсон тоглоомоор наадах гэж цэцэрлэг рүүгээ яардаг гэнэ. Тэр ч бүү хэл хөдөө очихоороо таван хошуу малаас айдаггүй, харин ч эмээ өвөө хамаатныхаа ах, эгчид үнээ саах, тугал татах, унаа сэлгэхэд нь тусалж чадна хэмээн хээв нэг ярьж байна.

188 дугаар цэцэрлэг 600 гаруй хүүхэдтэй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан  гэртээ байсан хүүхдүүд хоцрогдол ихтэй байсан хэдий ч сургалтын арга барилаа илүү бодитой болгож Монгол өв соёлоо сонирхолтой аргаар танин мэдүүлсэн нь хоцрогдлыг арилгасан байна. Амьтны дүрс, оньсон тоглоом, олбог гэх мэт сургалтад ашиглагдах бүх хэрэглэгдэхүүнээ тус цэцэрлэгийн багш ажилчид гар доорх материалаар хийсэн гэдгийг онцлууштай. Цэцэрлэгийн бүлгийн багш Г.Уранчимэгтэй уулзлаа.

- Үндэсний өв соёл уламжлалаа танин мэдүүлэхээр өвөрмөц арга зүйгээр ажиллаж байгаагаа ярьж өгнө үү?

-Хүүхэд аливаа зүйлийг бодит байдлаар болон биечлэн хийж үзэх нь мэдлэг чадвар эзэмшихэд илүү үр дүнтэй байдаг. Үүнээс улбаалан манай хамт олон гарын доорх материал ашиглан үзүүлэн, хичээлийн хэрэглэгдэхүүнээ хийсэн. Хүүхдүүддээ монгол ахуй ёс заншлаа өвлөн уламжлуулах асуудал дээр анхаарч ажиллах нь бидний үүрэг гэж боддог. Монгол гэр  хэрхэн барих, адаглаад л таван хошуу малаа мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж ирээдүйд эх орондоо хайртай боловсон хүчин, шинэ залуус гарч ирнэ шүү дээ.

-Гарын доорх материал гэдэгт юу юу орсон бэ?

-Хаягдал цаас, ариун цэврийн цаас, салфетка хүртэл ашиглаж жижиг төл малаа хийдэг. Харин эх малын дүрсийг хулдаасны гол, кардонон цаасаар хийж байна.

Мөн хөвөнгийн хаягдлаар малынхаа үс, ноосыг, эмнэлгийн нэг удаагийн бээлийгээр үнээний дэлэн хийх гэх мэт аль болох сонирхолтой байлгах гэж хичээдэг.

-Хүүхдүүдэд хэр сонирхолтой байна. Өв соёлоо танин мэдэх үйл явц нь хэр байна?

-Хүүхдүүд бодит зүйлтэй харьцахаар хэзээ ч мартахааргүйгээр мэдлэг болгон авч байна. Зүгээр нэг зурагтаар харуулахаас илүү бодитой зүйлийг гар болон бусад мэдрэхүйгээрээ мэдэрч тоглох нь илүү сонирхолтой байгаа нь мэдрэгддэг. Мөн дээрээс нь үзүүлэн сургалтын материал гэхээсээ илүү мини театр, ёс зүйн хөгжлийн төв, ёс заншлын өргөө гэх мэт тусгайлан хийсэн зүйлс ч гэсэн байгаа шүү.

-Мини кинотеатр гэхээр их сонирхолтой юм?

-Зөвхөн нэг ангид, агааргүй бүгчим газар кино үзүүлснээс кино театраас үзвэр үйлчилгээ авч байгаа мэт орчныг бүрдүүлж байгаа юм. Бага насны хүүхдүүд учраас одоогоор кинотеатрт кино үзэж байгаа юм шиг дэг журамтай биш байна. Гэхдээ яваа яваандаа соёл, ёс зүйд суралцчихна шүү дээ. Нэгэндээ саад болохгүй, хог хаяхгүй үйлчлүүлдэг гэдгийг манай хүүхдүүд сайн мэддэг.

-Багш нарын нуруун дээр ирэх ачаалал ямар байна. Нэг ангид хэдэн хүүхэд хамрагдаж байгаа вэ?

-Ачаалалтай байлгүй яах вэ. Нэг анги дөчөөд хүүхэдтэй. Гэр цэцэрлэгт гэхэд 25-26 хүүхэд  хүмүүждэг. Гэхдээ ачаалал гэхээсээ илүү энэ хүүхдүүдэд мэдлэг, чадвар, харилцааны эв дүй, дадал олгох нь бидний үүрэг учраас халширч шантардаггүй. Харин ч хүүхдүүдээ хараад урам авдаг шүү. Хамт олноороо хичээлийн хэрэглэгдэхүүн хийгээд сууж байхдаа энэ зүйл хүүхдүүдэд маань маш том мэдлэг, хөрөнгө оруулалт болно гэж бодохоор улам л цоглог, эрч хүчтэй болчихдог юм.

-Гэрт хичээл орж байгаа нь ямар учиртай вэ. Анги танхим хүрэлцэхгүй байгаатай холбоотой юу?

-Агаар сэлгэлтээрээ хүүхдийн эрүүл мэндэд эерэг үр нөлөөтэй гэж бодож байна. Гэр гэж мэдэхгүй хүүхдүүд ч байдаг шүү дээ. Харин гэр цэцэрлэгт хамрагдсанаараа унь, тооно гэх мэт бүтэцтэй бүрэн танилцана. Өмнө нь ёс заншлын өргөөгөө гэрт байрлуулж хүүхдүүдээ оруулж танилцуулдаг байсан. Харин сүүлд хэдэн хүүхдийг ч гэсэн цэцэрлэгт хамруулчих юмсан гэсэн үүднээс нэмэлтээр гэр цэцэрлэг барьж хүүхдүүд авч байгаа. Гэр цэцэрлэг дөрвөн бүлэгтэй, зуугаад хүүхэд хамрагддаг.

-Ирээдүйд хийх төлөвлөгөө, шинэ санаа байгаа юу?

-Байлгүй яах вэ. Замын хөдөлгөөний талаар танин мэдүүлэхээр хичээлийн хэрэглэгдэхүүн хийж байгаа. Хүүхдүүд эндээс маш том соёлд суралцах, биеэ зөв авч явах суурь нь тавигдана. Цэцэрлэгийн наснаасаа хүүхдүүд маань өв уламжлал, ёс заншил, түүх соёлтойгоо танилцахын зэрэгцээ сургуульд ороод бие даахаараа замын хөдөлгөөнд хүртэл хэрхэн оролцохоо одоо энд суралцаж байна. Олон залуус гадаад улсыг зорилоо, зорих мөрөөдөлтэй болсон л гэдэг. Харин өнөөдрийн энэ хүүхдүүд улс эх орондоо хайртай, баялаг бүтээдэг хүмүүс болж төлөвшөөсэй гэдэг л манай цэцэрлэгийн зорилго шүү дээ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: “Манай хүүхдүүд ёс заншлаа мэддэг болж буйд баяртай байна”

Харин эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар ийнхүү ярьж байна.

Ц.Болдбаатар “Өв уламжлалаа танин мэднэ гэдэг хамгийн чухал зүйл. Манай хүүхдүүд Монгол гэрийн бүтэц, таван хошуу мал гээд сайн мэддэг болж байна. Энэ нь ч зөв. Хүн ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа мэддэг байх нь чухал. Харин энэ суурь хүмүүжил мэдлэгийг багаас нь суулгаж өгч байгаад баяртай байна. Нөгөө талаасаа бүх цэцэрлэг сургууль сургалтын чанартаа анхаарч тэгш, чанартай боловсрол эзэмшдэг болчихвол мөн сайхан аа”.

СХД-ийн иргэн С.Нандин-Эрдэнэ “Өв соёлтой холбоотой зүйлсийг манай хүүхэд надаас л илүү мэддэг болж. /инээв/. Өглөө цэцэрлэгтээ их дуртай явна. Орой ирээд сурсан мэдсэн зүйлээрээ гэртээ тайлан тоглолт хийнэ шүү дээ”.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хүн төлөвшлийнхөө 85 хувийг 0-5 насандаа олж авдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр эрүүл нийгэм бүтээхийн тулд цэвэр ёс суртахуунтай иргэдийг эхлээд төлөвшүүлэх шаардлагатай болж таарна. Өөрсдөө бүхнийг санаачлан бүтээж, ирээдүй хойчдоо нүүдэлчин монголчуудын түүх соёлыг өвлүүлэн яваа 188 дугаар цэцэрлэгийн багш нараар бахархмаар бас суралцмаар.

 

Х.Умаахан

Гэрэл зургийг:  Б.Тэмүүлэн

Эх сурвалж: eguur.mn