Нүернбергийн Монтессори төвийн цэцэрлэг

ХБНГУ-ын Нүернберг хотод жил бүр зохион байгуулагддаг Олон улсын тоглоомын яармагийг үзэх явцад надад тэндэхийн хэд хэдэн хүүхдийн байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиосон юм. Ингээд Та бүхэндээ ХБНГУ-ын Нүернберг хотын Монтессори төвийн хүүхдийн байр (Kinderhaus)-ын талаар үзэж харсан болоод сонсож дуулснаа толилуулъя.

Монтессори төвд биднийг очиход хүүхдийн байрны захирал Майке Полгер гэгч найрсаг эмэгтэй угтаж өөрийн байгууллагын тухай танилцуулсан юм. Монтессори төв нь сургууль болон бидний очсон хүүхдийн байраас бүрддэг. Сургууль нь 1-4 дүгээр анги, 5-6 дугаар анги, 7-12 дугаар анги гэсэн бүтэцтэй ажилладаг. Харин хүүхдийн байр нь 3-6 насны 50 хүүхэдтэй 2 бүлэг бүхий цэцэрлэг болон бага сургуулийн 1-ээс 4 дүгээр ангийн хүүхдүүд хичээлийнхээ дараа ирж байдаг өдөр өнжүүлэх бүлгээс бүрдэнэ. Цэцэрлэгийн бүлэг тус бүрт 2 багш ажилладаг, холимог насны хүүхэдтэй.

Энэ цэцэрлэгийн үзэл баримтлал

Италийн эмч Мариа Монтессоригийн үзэл баримтлалыг баримтлан ажилладаг. Хүүхэд эхээс төрөхдөө л төрөлхийн  сурах хөгжих хүсэл эрмэлзэл, чадвартай төрдөг гэж үздэг. Хүүхэд юу хүсэж, сонирхож байна гэдгийг нарийн ажигладаг. “Өөрөө хийхэд минь туслаач” гэсэн хүүхдийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан багш нар үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэд үйл ажиллагаагаа дараах 2 зүйлд чиглүүлдэг ажээ.
•    Хөгжлийнх нь үе шатанд тохируулан хүүхдийг дэмжих, боломж бүрдүүлж туслах
•    Тусгай зориудын бэлтгэгдсэн орчин бүрдүүлэх

Хүүхэд тоглох биш харин  ажиллана гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхэд хэзээ ч, ямар ч зорилгогүй тоглодоггүй заавал өөрийнхөө хувьд шинийг мэдэж хөгжиж байдаг. Иймээс зориудын бэлдсэн энэ орчинд хүүхэд хөгжихөд зориулагдсан бүх материал  (сургалтын) бүрэн байдаг. Багш нар нь Монтессоригийн диплом эзэмшсэн байдаг. Тэд мэргэжлээрээ 5 жил суралцахаас гадна 1,5 жил Монтессорийн сурган хүмүүжүүлэх ухааныг эзэмшдэг гэнэ. Сургалтын төлбөр нь 1500-2000 евро.

Сургалтын материалууд

Материалуудын хувьд 100 жилийн түүхтэй (Монтессори 1907 онд анх хүүхдийн байр- Kinderhaus байгуулсан) учир нэлээд боловсронгуй болсон гэж үздэг юм байна. Хамгийн гол нь эдгээр материалууд нь хүүхэд өөрийгөө шалгах, үнэлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл гаргасан алдаагаа хүүхэд өөрөө олоод дахин давтан хийж алдаагаа залруулах боломжтой гэсэн үг.
Материал нь:

  • Практик амьдралын
  • Мэдрэхүйн
  • Математикийн
  • Хэл ярианы
  • Байгаль орчин-танин мэдэхүйн гэсэн  5 төрөлтэй.

Эдгээр нь хоорондоо холбоо хамааралтай мөн залгамж холбоотой байдаг. Материалууд нь хүүхэд бүрт хүрэлцээтэй байхаас гадна авч хэрэглэхэд чөлөөтэй байдлаар байрлуулсан байна.

Практик амьдралын материалууд

Хүүхдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг зүйлсийг ангид байрлуулсан байх ба хүүхэд эдгээр зүйлсээр тоглох (ажиллах) явцдаа олон зүйлийг сурдаг.

Сагсанд байгаа олон янзын өнгөтэй оймсыг хүүхдүүд хос хосоор нь нийлүүлж хавчина. Өрөөсөн оймс байж болохгүй, учир нь хүүхэд зөв, буруу хийснээ өөрсдөө шалгадаг.

Хүүхэд хэдийгээр гэртээ ээж аавтайгаа олон цаг хамт байдаг ч тэр бүр тэдний хийдэг ажил хөдөлмөрт хамтран оролцох нь ховор. “Чи чадахгүй, хол бай, том болохоороо хий”  гэдэг үгийг олон хүүхэд өдөр бүр сонсдог. Харин энэ бэрхшээлийг Монтессори ингэж шийдвэрлэдэг нь надад бид хийж болохоор  санагдсан.

Мэдрэхүй хөгжүүлэх материал

Савтай эрдэнэшишийн үрэнд түүнээс арай өөр хэлбэртэй ямар нэг зүйлийг хийгээд хүүхдийг гараар нь тэмтрүүлж юу байгааг олуулж нэрлүүлнэ.     
Улаан бөөрөнхий биетүүдийг хямсаагаар чимхэж цагаан суурин дээр байгаа нүднүүдэд нэг нэгээр нь хийнэ. Зөв гүйцэтгэсэн бол нэг ч дүрс эсвэл нэг ч нүд үлдэхгүй.

Саванд байгаа 3 өнгийн шүрийг 3 саванд өнгө өнгөөр нь ялгаж хийнэ. Зөв хийсэн бол 3 шилэн саванд хийсэн өнгийн шүрнүүд яг нэг адил хэмжээтэй харагдана.
Гаднаасаа харагдахгүй саванд байгаа зүйлийг шилэн саванд юүлж хийнэ. Зөв, асгалгүй хийсэн бол шилэн сав дүүрнэ.

 

Эдгээр дасгалууд болоод материалууд нь хүүхдэд олон төрлийн чадвар бий болгохоос гадна өөрийгөө шалгах, үнэлэх боломж олгодог нь үнэхээр гол чанар нь мөн юм байна гэж санагдсан.

Математикийн материалууд

Бие биенээсээ 2 мм-ээр бага 10 ширхэг модон цилиндр. Үүнийг хүүхэд шууд өөрийн мэдрэмжээр нүдэнд байрлуулна. Энэ дасгалыг хүүхдүүд маш дур сонирхолтой хийдэг. Учир нь хүүхэд дасгалыг хийх явцдаа бас л өөрийгөө зөв гүйцэтгэж буй эсэхийг шалгачихдаг байна. Монтессори энэ материалыг зохиогоод “Хүүхдүүд дасгалыг зөв хийж сурталаа түүнтэй ажиллах сонирхолтой байдаг, харин сурсныхаа дараа сонирхол нь буурдгийг ажигласан” гэж тэмдэглэсэн байдаг байна.

 

Та бүхэнд цөөхөн хэдэн материалыг танилцууллаа. 100 жилийн түүхтэй энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг эдгээр материалууд нь урт  түүхийн хугацаанд баяжигдаж боловсронгуй болсон нь дамжиггүй. Энэ цэцэрлэгийн хамт олон багш нар ч бас хүүхдийг хөгжүүлэх материалуудаа өөрсдөө зохиож баяжуулдаг, ингэхдээ цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэгээ бидэнд ярьж байлаа.
Хүүхдүүд төрөл бүрийн үйл хийхдээ “Хэрэв би эхэлсэн бол заавал дуустал хийнэ” гэсэн зарчмыг баримталдаг.

Монтессори төвийн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа

Тус цэцэрлэг 1-4 дэх өдрүүдэд өглөө 7.30-аас 18.00 цаг,  5 дахь өдөр 7.30-аас 17.00 цаг хүртэл ажилладаг.
Өглөөний хүлээн авалт 7.30-8.30 цагийн хооронд үргэлжлэх ба 8.45 гэхэд бүх хүүхэд ирсэн байна.
Өглөөний тойрог
Өглөө 8.45-д хонх дуугаргана. Хонх дуугарч дуусахаас өмнө хүүхдүүд Өглөөний тойрог хийдэг өрөөндөө өөрийнхөө байрыг эзлэн сууна. Энэ байр нь бүдэг гэрэлтэй, тойруулаад тавьсан сандалтай, голдоо хонх тавьсан байдаг. Хүүхдүүд өглөөний тойрогт суух суудлаа хичээлийн жилийн эхэнд өөрөө сонгох ба хичээлийн жилийн турш сонгосон байрандаа л сууна. Мөн өглөөний тойрогт хүүхэд бүр хүссэн, хүсээгүй заавал оролцоно. Хийж байгаа зүйлийг хамтран хийхгүй ч гэсэн бусаддаа саад болохгүй сууж байх ёстой. Тойргоор багштайгаа хамт суугаад дуулах, бүжиглэх зэргээр өглөөний нэгдсэн арга хэмжээ явагдана. Багш өглөөний тойрогт юу хийхийг урьдчилан цаг үетэйгээ холбон бэтгэсэн байдаг. Багшийн удирдлаган дор энэ үйл ажиллагаа 20-25 минутын хугацаанд явагддаг. Өглөөний тойрог 7 хоногт 1 удаа биеийн тамирын өрөөнд явагддаг байна.

Миний бодлоор өглөөний тойрог гэж нэрлээд байгаа энэ үйл ажиллагаа нь хүүхдийг жинхэнэ дэг журам дүрэм баримтлахад сургадаг гол арга нь мэт санагдсан.
 

Өглөөний тойргийн дараа хүүхдүүд өөрийн сонирхлоор хуваагддаг. Цэцэрлэгт олон тооны янз бүрийн зориулалттай өрөөнүүд байна. Хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийж тэр өрөөнүүдэд орно гэсэн үг. Гэхдээ өрөө бүр өөрийн зохион байгуулалт, дүрэмтэй байдаг  байна. Жишээлбэл: Биеийн тамирын өрөөнд 6 хүртэл тооны  хүүхэд багшгүй байж болох ба харин 7 буюу түүнээс дээш тооны хүүхэд байх тохиолдолд заавал багштай байна, шат өөд авирахад шатны доор шалан дээр заавал матрас тавьсан байна гэх мэт. Хүүхдүүд үүнийгээ яг баримталдаг ажээ.

Өдөр 11.00 цаг болоход гадаа цаг агаар ямар ч байсан хамаагүй хүүхдүүд гадаа гарч 1 цаг  тоглоно.

Үдээс хойших үйл ажиллагаа дараах цагийн хуваарийн дагуу үргэлжилнэ.
12.15 - үдийн хоолны цаг.  Бүх хүүхэд үдийн хоолонд орно. Үдийн хоолыг тэндээ өөрсдөө хийдэг.
13.00 – унтлага. Унтах хүүхдүүд биеийн тамирын өрөөнд унтаад сэрсэн цагтаа босно. Хэрэв унтах сонирхолгүй бол хүүхэд багштайгаа чимээгүй, өөр юм хийдэг.
13.45-14.00 – эрт хүүхдээ авах эцэг эх хүүхдээ авна.
14.45-15.00 – дараагийн эцэг эх хүүхдээ авна. (Хүүхдээ хэдэн цагт авч байхаа эцэг эх тус бүр гэрээндээ тусгасан байх бөгөөд төлбөр нь ялгавартай байна)
16.00 цагаас хойш эцэг эх хүүхдээ дуртай цагтаа авна. 16.00 цагаас хойш хүүхдүүд өдөр өнжүүлэхийн өрөөнд орж, том хүүхдүүдтэй хамт байна. Үүнд цэцэрлэгийн насныхан их дуртай байдаг гэнэ.

Монтессори төв ба эцэг эхийн хамтын ажиллагаа

Цэцэрлэгээс хичээлийн жилийн эхэнд эцэг эх бүртэй гэрээ байгуулдаг. Гэрээнд тулгуурлаж цэцэрлэг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулна.
Жишээ нь: Эцэг эх хүүхдээ хэдэн цагт цэцэрлэгт өгч, авч байхаа гэрээнд тусгана. Түүнд тулгуурлаж цэцэрлэг өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулна. Үүнээс гадна Цэцэрлэг-эцэг эхийн гэрээнд эцэг эхчүүд жилд 30 цаг цэцэрлэгийн сайн сайхны төлөө ажиллах тухай заасан байдаг. Хэрвээ эцэг эх энэ заалтыг ямар нэг шалтгаанаар биелүүлж чадахгүй тохиолдолд цагийн 10 евро төлдөг гэнэ.

Жилд 4 удаа “Эцэг эхийн орой” гэдэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жилд хоёроос доошгүй удаа цэцэрлэгээс эцэг эхтэй хүүхдийнх нь хөгжлийн талаар 1 цагийн ганцаарчилсан ярилцлага зохион байгуулдаг зэрэг нь манай цэцэрлэгүүд өөрийн нөхцөл байдалдаа тохируулан хэрэгжүүлж болохоор ажлууд мэт санагдсан юм.

Хамгийн сайхан  санагдсан  нэг чухал  зүйл нь эцэг эхийн хүсэл сонирхолд тулгуурлан цэцэрлэг үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж болохыг эндээс олж харсан билээ.

Танай цэцэрлэг яагаад заавал Монтессорийг баримтлан ажиллах болсон бэ гэсэн бидний асуултад цэцэрлэгийн эрхлэгч Maike Volger “Энэ бол манай эцэг эхчүүдийн сонголт. Бид хүүхдүүдээ ямар хүн болж төлөвшиж байна вэ гэдгийг ажиглаж байдаг. Бидний энэ үзэл баримтлал, агуулга, арга зүйгээр явсан хүүхэд илүү бие даасан, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, амьдралд идэвх, сонирхолтой байдаг” хэмээн хариулсан билээ.

Дундговь аймгийн Боловсролын газрын сургуулийн өмнөх

боловсролын мэргэжилтэн Ц.Эрдэнэсүрэн