Хооллолт хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг

АНУ-д хийгдсэн судалгаагаар зарим хүнсний зүйл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтад ихээхэн нөлөө үзүүлдэг (1) болох нь тогтоогджээ. Хүүхдээ ухаалаг, амжилттай байлгахын тулд та хүүхдэдээ ямар хүнсний зүйлс түлхүү хэрэглүүлэх, юунаас татгалзах шаардлагатай вэ?   

Эхийн сүүний нөлөөлөл

Эхийн сүүгээр хооллосон хүүхэд оюун ухааны хөгжил сайтай байдаг нь хэн бүхэнд тодорхой болоод байгаа. Монреал (Montreal)-ын их сургуулийн судлаачид шинээр төрсөн 14000 хүүхдийг хамарсан  судалгаа явуулжээ. Эмнэлэгт хэвтэж байгаа эхчүүдийн нэг хэсэг нь хүүхдээ хөхүүлдэг байхад нөгөө хэсэг нь хүүхдээ хөхүүлэхгүй угждаг байсан байна.

Ингэхэд хөхөөрөө өссөн хүүхэд зургаан нас хагастай болох үед оюун ухааны хөгжил нь мэдэгдэхүйц сайн байсан аж. Тэд угжны хүүхдийг бодвол илүү сайн уншиж, бичиж байсан гэж судлаачид  „Archives of General Psychiatry“сэтгүүлд тэмдэглэжээ.

Тосны хүчлийн нөлөөлөл

Тархин дахь мэдрэлийн эсүүд тослог эдээр бүрхэгдсэн байдаг ба тэгж байж мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа хэвийн явагддаг байна. Тийм учраас хоол хүнсээр дамжуулан Омега-3, Омега-6 зэрэг тосны хүчлийг бие махбод хангалттай хэмжээгээр авч байх шаардлагатай ажээ.

Оксфордын их сургуулийн судлаачид харилцааны доголтой, мөн сурлагаар хоцронгуй хүүхдүүдэд тосны хүчил бүхий нэмэлт бүтээгдэхүүн тогтмол өгч, тэднийг судалсан байна. Тэд 3 сарын дараа нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй хүүхдүүдийг бодвол унших, зөв бичихдээ сайжирсан бөгөөд бусадтай харилцахдаа ч нааштай хандаж байв. Иймд тосны хүчил бүхий хоол хүнс хүүхдэд тогтмол хэрэглүүлж байх шаардлагатай бөгөөд тэр нь бие махбодод үүсч бий болдоггүй аж. Тосны хүчил нь яргай загас мэтийн өөх тостой загас, ургамлын тос, үр тарианы соёоны тосонд агуулагддаг.

Мөн хоол судлаач Др.Астрид Лаймигхофер (Astrid Laimighofer) өндөр чанарын уураг нь хүүхдийн өсөлт болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж зөвлөсөн байдаг. Уураг нь мах, загас, сүүн бүтээгдэхүүн, хушганд агуулагддаг.

Хүүхдээ зөв хооллох

  1. Юу хамгийн муу вэ?

Нүүрс ус ихээр агуулсан чихэрлэг зүйлсээс зайлхийх хэрэгтэй. Чихэрлэг гаазтай ундааг хорих нь зөв, ялангуяа бага насныхан болон бага ангийн хүүхдүүдэд.  Хүүхэд тань аль нэг удаагийн хоолоо идэхгүй өнгөрөх вий. Түүнд нь анхаар. Энэ нь хүүхэд өлсөж, юуг ч хамаагүй ихээр идэхэд хүргэдэг.

  1. Түргэн хоол ямар вэ?

  Хүүхдээ түргэн хоолоор хооллохоос аль болох зайлсхийсэн нь дээр. Түргэн хоолны ихэнх нь тос ихтэй, хэт чихэрлэг, мөн давс, амтлагч ихтэй байдаг.

  1. Хүүхдийн хоолны цэс ямар байвал зохистой вэ?

Хүүхдийн эрүүл зөв хооллох цэсэнд юуны өмнө хүнсний ногоо байнга, мөн үр тариан бүтээгдэхүүн (ялангуяа бүхэл үрийн), сүүн бүтээгдэхүүн байна. Мах долоо хоногтоо хэд хэдэн удаа, харин загас долоо хоногт 1 удаа байвал нэн сайн. Жишээлбэл, нэг удаагийн өдрийн хоол гэхэд ногоотой шөл, нарийн махан хуурга гоймонтой, саладны хамт байж болох.

  1. Хүүхэд тань өглөөний цай уухдаа дургүй бол:

Хүүхдээ эртхэн босгоод цай уух ширээндээ хамт сууж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлээрэй. Өглөөд идэх зүйл нь дан нэг төрлийнх биш, янз бүр байвал зүгээр. Нэг өглөө боов боорцог байхад маргааш нь мюсли, нөгөөдөр нь жимстэй тараг гэх мэт.

  1.  Хүүхдийн тархины хөгжилд өөрөөр яаж нөлөөлөх вэ? 

Хөдөлгөөн нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Хүүхэд өдөр бүр 2 цаг биеийн хүчний ямар нэг үйл, хөдөлгөөн гүйцэтгэж байх шаардлагатай. Цэцэрлэг, сургуульдаа явган явах, дугуй унах, шат өөд өгсөх гэх мэт. 10 нас хүртэлх хүүхэд долоо хоногтоо хоёр удаа 15-30 минут сайн хөлөрч хөдөлгөөн хийвэл нэн сайн.

Хүүхдийн тархинд нөлөөлөх 10 гол хүнс (1)

Овьёосны нэвс: Сүүнд хутгаж хэрэглэвэл амттай. Энэ нь анхаарал төвлөрүүлэх, буухимдлаас сэргийлэхэд тустай.

Алим:  Алимны хальсанд чухал амин дэмүүд (А, В, С амин дэм) агуулагддаг. Оюуны алжаалаас сэргийлэх болон ой тогтоолтод сайн.

Хушга: Хушга нь олон төрлийн ханасан тосны хүчил болон В амин дэм агуулдаг. Харин хуурсан болон давсалсан хушга хэт их тос, давс агуулсан байдгийг анхаарах.

 Гадил: Шууд энерги нийлүүлнэ, тархийг кали, фосфор зэрэг чухал эрдэс бодисоор хангана, амархан шингэнэ. 

Бяслаг (сыр): Ихээхэн амин хүчил бүхий уураг агуулна. Энэ нь тархинд эрч хүч өгч, анхаарал төвлөрүүлэхэд нөлөөлнө.

Шар буурцаг: Амархан шингэдэг уураг болон төмөр, магни, цайр агуулдаг. Мөн В1, В2 болон В6 амин дэм агуулдаг.

Хатаасан жимс: Хатаасан хар чавга, алим зэрэг нь амархан энерги нийлүүлнэ, хөнгөн зуушинд тохиромжтой.

Гоймон, хэрчсэн гурил: Нүүрс ус агуулна, ялангуяа бүхэл үрийнх бол. Ногооны соустай хэрэглэвэл таатай.

Бүхэл үрийн талх: Бие махбодод ихээхэн нүүрс ус болон В амин дэм нийлүүлнэ. Завсарлагаанаар идэхэд тохиромжтой.

Салад: 95% -ийг нь ус эзлэх бөгөөд С амин дэм, кали, кальц зэрэг эрдэс бодис агуулна.

 

Н.Хорлоо

Ашигласан материал:

  1. http://www.bild.de/ratgeber/kind-familie/kind-und-familie/klug-durch-essen-ernaehrung-13060992.bild.html