Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан

Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан бол Рудольф Штайнерийн үүсгэн хөгжүүлсэн антропософи (Anthroposophie-хүн бол сэтгэлээрээ мэдрэх их чадвартай бөгөөд түүнийг нь хөгжүүлснээр юмс, үзэгдлийн мөн чанарыг ойлгож, мэдлэг эзэмшиж болно гэсэн ертөнцийг үзэх үзэл)–ийн нийгэм ахуй дахь практик дүгнэлт юм. Хүүхэд болон хүмүүжлийн асуудлыг хэрхэн авч үзэх, сургалт гэж юу болох, түүнчлэн энэхүү сурган хүмүүжүүлэх ажлын үндсэн онцлог шинжүүдийг дэлхий нийтийн хэмжээнд ажиллаж буй 1500 орчим Вальдорфийн цэцэрлэг харуулж байна хэмээн Вольфганг Зазманншаусен (Wolfgang Sassmannshausen) энэхүү нийтлэлдээ тэмдэглэжээ.

Вальдорфийн цэцэрлэг

1919 онд Рудольф Штайнер (1861-1925) Вальдорф-Астория-тамхины фабрикийн захирал Емил Молтын хүсэлтээр Штутгартэд анхны Вальдорфийн сургуулийг байгуулсан. Түүнээс долоон жилийн дараагаар Вальдорфийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлжээ. Өнөөгийн байдлаар нийт 1500 орчим Вальдорфийн цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн гуравны нэг нь ХБНГУ-д байна. Вальдорфийн цэцэрлэгүүдийн оршин тогтнож байгаа хэлбэр янз бүр. Тухайлбал, “сонгодог хэлбэр”-ийн цэцэрлэгүүд, хүүхдийн өдрийн байгууллагууд, ээж-хүүхэд-тоглоомын групп, яслийн бүлгүүд, сургуулийн насныхантай хамт байдаг нэгдмэл байгууллага, эмчилгээ сувилалын ба тусгай цэцэрлэг, янз бүрийн түвшний хөгжилтэй (хувь заяаны төөргөөр) хүүхдүүдийн байгууллага зэрэг. Герман улсад буй Вальдорфийн цэцэрлэгүүдийг үүсгэн байгуулагчид нь мөн янз бүр. Бүх байгууллага “Олон улсын Вальдорфийн цэцэрлэгийн холбоо”-нд нэгдсэн байдаг. Муж, улс, олон улсын түвшинд хүүхдийн асуудлаар ажлын уулзалт, туршлага солилцох арга хэмжээ, мэргэжил дээшлүүлэх сургалт тогтмол явагддаг. Түүнээс гадна эв санааны нэгдлийн үүднээс давтан сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлуудыг үүсгэн санаачлах, эрх зүй, улс төрийн хүрээнд сонирхлын төлөөллөө оролцуулах зэрэг ажлууд хийгдэж ирсэн байна.

Хүүхэд болон хүмүүжлийн асуудлыг авч үзэх нь

Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан бол Рудольф Штайнерийн үүсгэн хөгжүүлсэн антропософийн нийгэм ахуй дахь практик дүгнэлт юм. Үүнд хүнийг хэрхэн харж, авч үзэж байсан нь сурган хүмүүжүүлэх ухааны практикт тодорхой хувь нэмэр оруулсан.

Хүнийг буюу хүүхдийг авч үзэж байсан гол зүйл бол:

·         Хүн бол өөрийн хувь тавилан, амьдралын сэдэл бүхий өвөрмөц онцлогтой, нэг л удаа тохиолдох бодгаль. Хүний энэхүү онцлог нь тухайн хүнээс орчинтойгоо харьцах харьцаа, ялангуяа бусад хүмүүстэй харилцах харилцаа буюу бусадтай уулзаж учрах үед илэрнэ. Өөрийн амьдрал, хувь заяагаа авч явахдаа хүн бол чөлөөтэй байх, өөрөө засан тогтнох бүрэн боломжтой байдаг. Хүний хөгжил гэдэг нь зорилготойгоор ажиллан, чөлөөтэйгээр өөрийнхөө амьдралын сэдэлд хүрэх чадвартай болохыг хэлнэ.

·         Хүний бие махбод болон сэтгэл санааны онцлог чанар нь дээр дурдсан мэдрэмжийг бий болгох хэрэгсэл болно. Энэхүү хэрэгсэл хэрхэн хөгжих нь хүүхэд ба өсвөр насны үед тодорхой зүй тогтлын дагуу явагдах бөгөөд үүн дээр тулгуурлан тэдний насны онцлогт зохицсон сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал үүсч бий болно.

·         Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан нь бие биесийнхээ хувь заяанд нөлөөлөхүйц чухал, өвөрмөц харилцаа, уулзалтын хүрээнд хувь хүмүүсийн бие махбод ба сэтгэл санаанд явагдах хөгжилд үзүүлэх нөлөөлөл ямар байхыг харуулдаг. Үүнээс үзэхэд Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухааны мөн чанар нь бүх оролцогчдын хөгжил, түүн дотор насанд хүрэгчдэд ч хамааралтай.    

Шинэ дасгал даалгавар, сорилт болон анзаарагдсан зүйл, бэрхшээл бүртэй тулгарахдаа хүүхдийг хөгжүүлэх ямар дасгал даалгаврыг төлөвлөх вэ гэсэн асуулт ийнхүү хүмүүжүүлэгчид ямагт тавигдана.

Тэгэхээр гол санаа нь бол:  Хүмүүжил гэдэг нь өөрөө өөрийгөө хүмүүжүүлэхийг хэлнэ.

 

Чөлөөт тоглоом

Чөлөөт тоглоом бол хүүхдийн зан чанарын хамгийн боломжтой, шууд илэрхийлэгч. Нэгээс сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийн тоглох үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж боловсронгуй болдогийг  дараах гурван жишээгээр тодруулъя:

·         Хоёр настан хивсэн дээр сууж, эргэн тойронд нь өрж байгуулах моднууд хөглөрнө. Насанд хүрэгч түүний өмнө цамхаг өрж байгуулж эхлэв. Цамхагийг барьж дуусах дөхөж байтал хүүхэд нэн баясгалантайгаар хүрч ирээд түүнийг нураачихлаа.

·         Дөрвөн настан гэрийнхэнтэйгээ (цэцэрлэгийнхэнтэйгээ) намар ой дундуур зугаалж явлаа. Тэрээр туулайн бөөр модны нэг том навч газраас аваад дээш өргөн “далбаа” болгон барьж алхана. Хэсэг хугацааны дараа нөгөө навчаа “малгай”  болгон толгой дээрээ тавиад цааш явлаа.

·         Зургаан настнууд цэцэрлэгтээ “цирк” болон тоглоцгоов. Тоглоом цаг гаруй үргэлжилсэн ч байнга шинэ санаа гарч ирсээр байлаа. Ийнхүү циркийн төрөл бүрийн номерууд бий болж, тэд номер бүртээ орчныхоо эд зүйлс (алчуур, саваа мод гэх мэт)-ийг чимэглэл, хэрэглэл болгон ашиглаж байв. Тэгснээ тэд хажуудаа байсан бага насныханыг циркийн үзэгчид, заримыг нь циркийн амьтад болгож, цаасан дээр юм зурж бичээд билет хийцгээв. Төгсгөлд нь бүлгийнхээ бүх хүүхдэд зориулан циркийн тоглолтоо үзүүллээ. Номер бүрт хөгжилтэй бүтээлч үйл хийгдэж байсан ч номер бүр “цирк” гэдэг бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг болох нь мэдэгдэхүйц ажиглагдаж байлаа.

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх үндсэн хэлбэр

Вальдорфийн цэцэрлэг хүүхдийг асарч хамгаалах, хүмүүжүүлэх үндсэн үүрэг бол хүүхдэд тоглох явцдаа чөлөөтэй, бие даасан байдлаар орчиндоо зохицох боломж олгох, тийм нөхцөлийг бүрдүүлэх явдал юм гэж үздэг. Хүүхэд гаднаас ямар нэг шахалт шаардлага, “тоглох удирдамж”-гүйгээр өөрийнхөө санаагаар тоглох ёстой гэсэн нэг нэгдмэл шаардлага ямар ч төрлийн тоглоомын, аль ч үе шатанд тавигддаг. Тоглоом бол зөнгөөрөө явагдах, өөрөөр хэлбэл, гаднаас тавигдсан ямар нэг зориулалт, зорилгогүй, хүүхдийн өөрийнх нь санаачилгаар эхлээд хөдөлгөөнөөрөө, улмаар хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тухайн цаг үеэ ургуулан бодож, цаашилбал, ирээдүйгээ төсөөлөн дүрсэлж өөрийгөө илэрхийлэх үндсэн үйл байна.

Хэрэв тоглоомын санаа, агуулга нь хүүхдийн хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан гарч ирдэг юм бол түүний хэлж ярьж буй зүйл нь ямагт тухайн хүүхдийн өөрийнх нь амьдрал байдлын илэрхийлэл байна. Хүүхдийн чөлөөт тоглоом нь зөнгөөрөө үүсч гарч ирж байх ёстой юм бол орчны зохион байгуулалт нь хүүхдийн илэрхийлэх хэлбэрүүдийг дэмжихүйц байхаас биш хүүхдэд шууд нөлөөлөхөөргүй байна. Орчныг зохион байгуулахдаа хүүхэд шууд тоглоомдоо татагдан орох тийм нөхцөл байдал, нөлөөллийг бий болгосон байх шаардлагатай. Үүнд гол нь материал ба зай талбай бүхий орчин, цаг хугацаа, томчууд үүргээ биелүүлж буй байдал хамрагдана.

Материаллаг ба орон зайн орчин

Эсгий балтай сав энд л байгаа даа гээд хүүхэд тавиур руу аяндаа гараа явуулна. Тэмтрэх явцдаа тэрээр хайсан сав нь байрандаа байхгүй байгааг мэдэрч гайхна. Хүүхэд эд зүйлс бол байсан байрандаа байх ёстой гэж үзсэнээс тэр. Үүнээс “Орчин маань эмх цэгцтэй байх ёстой” гэсэн хүүхдийн үндсэн үзэл бодол харагдана. Тэд хийж буй зүйлээ тасалдал сааталгүй баталгаатай сайн хийхийн тулд эхлээд ой ухаандаа шаардагдах нөхцөлөө бүрдүүлнэ.

Хэдэн хүүхэд модны энгийн тайрдасууд (өрж байгуулах моднууд)-аар олон сайхан санаа гарган тоглож, нэгэн ордонг хажуугийнх нь байшингуудын хамт барьсан харагдана. Тэд хэсэг хугацааны дараа тоглож байсан байраа орхин явав. Тэдний хөглөрүүлж хаясан өрж байгуулах моднууд руу өөр хүүхдүүд хүрч ирлээ. Тэд шинээр барилга байшин барьж тоглохгүй байсан бөгөөд харин ч хүүхдүүд модон дээгүүр гишиглэн явцгааж байлаа.  Хүмүүжүүлэгч явах замдаа тараасан моднуудыг цуглуулан саванд нь хийв. Төдөлгүй өөр хэдэн хүүхэд тэрхүү өрж байгуулах моднуудыг авч шинээр тоглож эхэлж байгаа нь харагдав. Тэгэхээр хүүхэд бол ямагт “бүрэн дүүрэн зүйлээс юмыг шинээр эхэлдэг”, энэ нь тэд уран санаа сэдэж тоглох нөхцөл нь болдог.

Нэг хүүхэд маш гоё хийцтэй машинаар тоглож байна, гэхдээ тоглоомын үйл явц голдуу бусад тоглоомын материал ашиглан бүтээж бий болгоход чиглэж байв. Тэр машинаар  хүүхэд зөвхөн зориудын нөлөөллийн дор чөлөөтэй, бүтээлчээр тоглож байв. Тоглоомын хэрэгслүүд хэдий үед хүүхдэд сонирхолтой байх вэ гэвэл, тэрхүү тоглоомын хэрэгслийн үүргийг хүүхэд сэтгэлдээ ургуулан бодсон тохиолдолд сонирхолтой байна. Иймд хүүхдэд зориулалт нь чөлөөтэй (янз бүрээр ашиглаж болох) нэг их хэрэгцээтэй бусаар тусгагдах тийм материаллаг орчин шаардлагатай. Тэгвэл зориулалт нь чөлөөтэй тоглоомын материал гэж юу вэ гэхээр “бодит байдлаараа” байгаа зүйлс болон соёлд автагдаагүй (үйлдвэрийн аргаар хийгдээгүй) зүйлс байна. Тийм учраас энгийн байгалийн материалууд бол чөлөөт тоглоомыг өдөөх чухал хэрэгсэл юм.

http://www.waldorfkindergarten-baden-baden.de/wp-content/uploads/2011/03/IMG_0747.jpg

 

Цаг хугацааны зохицуулалт

Хүүхдийг тогтмол цагт унтуулаад байвал хүүхэд унтахдаа амархан байдгийг эцэг эхчүүд мэднэ. Хүүхэд хэдийд юу хийгддэгийг мэдэж цаг хугацааны үндсэн ойлголттой болвол тэд тухайн цаг хугацаанд хийх зүйлдээ итгэлтэй байж, өөрийгөө бүрэн дайчилж чадна. Энэхүү цаг хугацааны үндсэн зохицуулалт нь зүгээр нэг ёсорхог зан байдлын илрэл биш, харин зүрхний цохилтын хэмнэлтэй адил бүхэл бүтэн амьд организмын амьд хэлбэлзэл юм. Тухайлбал, гэрт нь хавьд ирээгүй байсан авга/нагац эгчийгээ ирсэн өдрийн орой хүүхэд оройтож унтаж болох жишээтэй.

Давтамж бол амьдралын цаг хугацааны нэгэн илрэл бөгөөд түүнийг ухамсартайгаар зохицуулж болно. Давтамжийг хүүхэд хэвшил дадал байдлаар хүлээн авч мэдэрч болно. Жишээлбэл, орой тогтмол цагт унтдаг байх. Ийнхүү хүүхэд “хэвшил дадал байдлаар” хүлээж авах тохиолдолд долоо хоног, жилд тохиолддог үйл явдлууд урьдаас мэдэгдэж байдаг. Үүний адил тодорхой, тогтсон цаг хугацаанд хүүхэд юу хийхээ мэддэг байвал тэд хөдөлгөөнөө чөлөөтэй зохицуулах, тоглоомоо бие даан өөрөө зохион байгуулах боломжтой байна.

Вальдорфийн цэцэрлэгт өдөр тутам хэдийд ямар үйл ажиллагаа тогтмол явагддаг нь тодорхой байдаг. Тухайлбал, өдрийн дэглэмд чөлөөт тоглоомын цаг, нийтээрээ тойрон бүжиг хийх, үлгэр, өгүүллэг сонсох, гэр ахуй, гар урлалын эсвэл урлан бүтээх үйл ажиллагаа гэх мэт тодорхой үйл ажиллагаанууд тогтсон цагт тавигдсан байна. Долоо хоногууд мөн явагддаг тодорхой үйл ажиллагаагаараа онцлогтой байна. Жишээлбэл, усан будгаар ажиллах, өглөөний цай хамтдаа уух. Жил тутам тогтмол болдог баяр ёслолууд жилийн цаг хугацааны зохицуулалтыг бий болгодог бөгөөд ярьж сануулаагүй байхад хүүхдүүд тэрхүү урт хугацааны давтамжийг мэддэг, тэдгээр баярыг ямар их дуртай хүсэн хүлээдгийг гайхалтайгаар ажиглаж болно.  

Томчууд үүргээ биелүүлэх нь

Ер нь гурваас зургаан насны хүүхэд бол хэрэв томчууд өөрийнхөө ажил үйлийг бүрэн мэдэрч гүйцэтгэдэг тийм орчинд амьдарч байвал тэд тоглоомдоо нэвтрэн орж чадна. “Бүрэн мэдэрнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл юуны өмнө “мэдрэхүйгээрээ тусгаж авч ойлгож болох”-оор байхыг хэлнэ. Тэгэхээр гэрийн ажил хийж буй хүмүүс, гар урлалынхан бол тэр нь хүүхдийн тоглох үйлийг “өдөөн дэмжигч орчин” болно. Өдөөн дэмжсэн ийм ажил үйлийн хүүхдэд нөлөөхүйц чанар нь нэг талаас учир шалтгаан нь ил харагдахуйц (практик үйл ажиллагаа болон түүнийг хийх учир шалтгаан нь шууд харагдахуйц: бодит баримттай гэж хэлж болох) байх, нөгөөтэйгүүр орчинд нь буй хүмүүсийн хоорондын харилцааг мэдэрч болохоор ил тод байхад оршино.

Хүүхдийн хараат бусаар өөрийнхөө ертөнцийг удирдан зохицуулж буй байдал болон мэдрэхүйн чадвар эзэмшилтийг шууд харах боломжтой бөгөөд цогц чадвар эзэмшилтийн ахицдаа тэд  баяр хөөртэй байгааг мөн ажиглаж болно. Томчууд орчиндоо, тухайн нөхцөл байдалдаа өөрсдийнхөө мэдрэхүйн үйлийг бусдад мэдрэгдэхүйц ил болгож байх нь хүүхдийн чөлөөт тоглоомд нөлөөлөх гол хүчин зүйл болно.

Үлгэр дуурайлал ба даган дуурайлт

Хэрэв хүний тоглох дур хүслийг чөлөөтэй байлгах юм бол хүн хамгийн дээд төлөв байдалдаа хүрнэ гэж  Фриедрих Шиллер үзжээ. Энэ төлөв байдал хэдийд бий болох вэ гэхээр хэзээ албадлагагүй, хэрэглэгдэх эд зүйлс, хэлбэр дүрсийг гадны ямар нэг хүн тодорхойлж чиглүүлэхгүй байгаа, өөрийнх нь дотоод шийдвэрт гаднаас нөлөөлөхгүй байх тохиолдолд бүрдэж бий болно. Хүүхдийн чөлөөт тоглоомын явцад бид Шиллерийн тодорхойлсон энэхүү дээд төлөв байдлын амьд дүр төрхийг олж харж болно. Гэхдээ энэ явцад хүүхдэд хүүхдийн чөлөөт байдлыг эрхэмлэсэн томчууд шаардлагатай. Томчууд ба хүүхдийн энэхүү дотоод холбоо харилцааг Рудольф Штайнер “үлгэр дуурайлал ба даган дуурайлт” гэж томъёолсон байдаг. Томчууд хүний мөс чанарыг үлгэрлэн харуулж, тодорхой хэмжээнд хөгжлийн орон зай–г үүсгэн бий болгох бөгөөд энэ хүрээнд хүүхэд чөлөөтэй, аяндаа бие даан үйлээ зохицуулна. Энэ утгаар авч үзэхэд даган дуурайх гэдэг бол гадаад илрэлийг хуулбарлан дуурайхаас өөр зүйл юм. 

Вальдорфийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ажлын цөм нь томчууд ба хүүхэд хоорондын энэхүү дотны нандин харилцаанд орших бөгөөд томчуудаас эргэн тойрныхоо амьдралд хандаж харьцаж буй байдал нь хүүхдийн хүмүүжлийн чанарт шийдвэрлэх шалгуур болдог. Үүний зэрэгцээ Вальдорфийн цэцэрлэг нь ямар нэг нэгдмэл хөтөлбөр дээр тулгуурладаггүй бөгөөд амьдралын нөхцөл байдал, байнгын хувьсал өөрчлөлттэй нийцэн боловсруулагддаг хүмүүжүүлэгч бүрийн өөрийнх нь “хөтөлбөр”-т суурилан ямагт шинэчлэгдэж байх ёстой ажээ.

Үргэлжлэл бий.

Ном зүй:

Wolfgang Sassmannshausen “Waldorfpaedagogik“

Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.26-29, Verlag Herder, Freiburg