Др.Нагел: Янз бүрийн насны хүүхэд нэг ангид хамтдаа байх нь ач холбогдолтой

ХБНГУ,  Баварын холбооны улсын Бага насны хүүхдийн судалгааны институтын

дэд захирал Др.Нагел  манай улсад нэг долоо хоног ажиллаад буцахдаа

 NTV телевизэд өгсөн ярилцлагыг нийтэллээ.

 

  • Та манай БШУЯ-ны урилгаар ирж ажилласан юм байна. Таны сэтгэгдэл   ямар байна вэ?

 

  • Өмнө нь очиж үзээгүй улс оронд хүн анх очихын өмнө тэнд ямаршуухан байх бол гэж сэтгэл догдлон хүлээдэг. Би үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байна. Би өөрчлөлт, шинэчлэл эрчимтэй явагдаж байгаа, нээлттэй, боловсролтой холбоотой олон шинэ ажлыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа ийм улсад ирсэндээ баяртай байна.

 

  • Таны ажилладаг институт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

  • Би Баварт үйл ажиллагаагаа явуулаад 40 гаруй жил болж байгаа Бага насны хүүхдийн судалгааны институтээс ирсэн. Манай институт бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг хариуцаж, судалгаа хийх, Боловсролын яаманд бодлого боловсруулахад нь зөвлөх, мөн хүүхдийн хөгжилтэй холбоотой шинэ үзэл санааг практикт хамгийн боломжит арга замаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.     

 

  • Танд герман болон монголын цэцэрлэгүүдийн хооронд ялгаа ажиглагдав уу?

 

  • Энд ажиллах хугацаанд надад танай нэг цэцэрлэгээр очиж танилцах боломж олдсон. Юуны өмнө хүүхэд Германд, Монголд хаана ч адилхан юм даа гэж бодогдсон. Тэд инээд, баяр хөөртэй, аливааг гайхаж сонирхдог, анхаарлаа төвлөрүүлдж чаддаг, цэцэрлэгтээ янз бүрийн зүйл хийж, мэдэх сурах хүсэл эрмэлзэлтэй. Надад юу нь өөр байна гэж мэдрэгдсэн бэ гэхээр танай хүүхдүүд нас тус бүрээр нэг ангид байдаг юм байна. Харин Германд бол цэцэрлэгт 3-5 насны хүүхдүүд голдуу хамтдаа нэг ангид байдаг.   

 

  • Янз бүрийн насны хүүхэд нэг ангид хамтдаа байх нь ямар ач холбогдолтой вэ?

 

  • Хүүхдэд илүү туршлага хуримтлуулах боломж олгохын тулд Германд янз бүрийн насны хүүхдүүд нэг дор, нэг ангид байдаг. Дээхэн үед айлууд олон хүүхэдтэй, эмээ өвөө нь ойрхон, ер нь “том” гэр бүлүүд байсан. Одоо бол айл өрх нэг, олон гэхэд хоёр хүүхэдтэй л байдаг болжээ. Холимог ангид хүүхэд янз бүрийн насны хүүхэдтэй харилцах, хамт байх туршлага хуримтлуулдаг. Бидний хийсэн нэг судалгаагаар ялангуяа том хүүхдүүд бага насныхантай хамт байснаар маш их зүйл сурдаг нь тогтоогдсон. Германд 3-5 насны хүүхэд нэг ангид байдаг байсан бол одоо насны ангилал өргөжиж, 2-8, 2-10 настай хүүхэд нэг дор байх нь түгээмэл болсон. Ийм тохиолдолд хүүхэд бусадтай харилцах харилцаанд суралцах өргөн боломжтой байдаг. Томчууд нь бага насныханд анхаарал тавина, тэдний төлөө хариуцлага хүлээхэд суралцдаг. Бусдын төлөө хариуцлага хүлээнэ гэдэг бол цаашид томчуудын амьдралд их ач холбогдолтой.

 

  • Германд цэцэрлэгийн нэг ангид багш хэдэн хүүхэдтэй ажилладаг вэ?

 

  • Тэгэхээр нэг ангид хэдэн хүүхэд байх нь гол зүйл биш. Харин хамгийн анхаарах зүйл нь чанарын асуудал юм. Жишээлбэл, хүүхдийн хэл ярианы чадварыг дэмжиж хөгжүүлэхэд 30 гаруй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид хүүхэд бүртэй ажиллаж, хөгжлийг нь дэмжих цаг хугацаа бага олдоно. Хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэхийн тулд багш хүүхэд бүртэй ярилцах шаардлагатай, энэ бол их чухал. Мөн хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллахад мэдээж 10, түүнээс цөөн  хүүхэдтэй ажиллахад илүү амар байна.

 

Герман 16 холбооны улстай бөгөөд холбооны улс бүрт нэг багшид ногдох хүүхдийн тоо өөр өөр. Гэхдээ дунджаар нэг багшид 12 хүүхэд ногддог.

 

  • Манай улсын сургуулийн өмнөх боловсролд Та ямар зөвлөгөө өгөх вэ?

 

  • Ямар зөвлөгөө өгөх вэ гэвэл нэлээд зүйлтэй танилцаж, хэд хэдэн ярилцлага хийсэн хэдий ч тухайн улсад анх удаа ирж ажиллаж байгаа хүний хувьд зөвлөгөө өгөхөд хүндрэлтэй. Гэвч би юу хэлэх вэ гэвэл боловсрол, түүн дотор бага насны хүүхдийн төлөө хийж байгаа ажлынхаа энэ хурд, эрч хүчээ хадгалаарай. Та бүхэн бусад улс орнуудын бага насны хүүхдийг хөгжүүлж байгаа үзэл санаа, туршлага, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан судалж байгаа юм байна. Энэ бол урагш явах, хүүхэд, багш нарынхаа сайн сайхны төлөө хийх, бодож төлөвлөх, шийдэх ажлын хамгийн сайн арга зам. 

 

Цаг зав гаргаж, ярилцлага өгсөнд Танд их баярлалаа.