Цэцэрлэгүүд үзэл баримтлалаа хэрхэн боловсруулах вэ? (зөвлөмж)

Н.Норжхорлоо

А.Нармандах

Д.Туяа

Д.Нарангэрэл

 

Нэг. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ыг цэцэрлэгүүд өөр өөрсдийн үзэл баримтлал (pedagogical concept)-аар хэрэгжүүлнэ.

“Үзэл баримтлал” хэмээх үг нь “төсөөлөн бодох” (concipere) гэсэн утга бүхий латин үгнээс гаралтай. Үүнийг тодруулан авч үзвэл “Хараахан нэг бүрчлэн авч үзээгүй, ерөнхий төлөвлөгөө, хийх гэж буй зүйлийн удирдамж, чиглэл” гэж ойлгож болно. “Цэцэрлэгийн үзэл баримтлал” нь тухайн цэцэрлэгийн хамт олны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын шийдэл, онцлогийг тодорхойлсон,  өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг заасан удирдамж баримт бичиг юм.   

Цэцэрлэг бие даан ажиллах, өөрийн гэсэн онцлогтойгоор хөгжихийг зоривол байгууллагынхаа үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарна. Хүүхэд бүрийг боломжийнх нь хэрээр, бүх талаар нь хөгжүүлж, төлөвшүүлэх зорилгыг цэцэрлэгүүд бага насны хүүхдийн хөгжлийн нэг эсвэл хэд хэдэн онол, үзэл санаанд тулгуурлан бие биеэс ялгагдах орчин нөхцөл бүрдүүлэн, сургалтын нээлттэй агуулга, арга зүйгээр хэрэгжүүлж болно. Энэ нь тухайн цэцэрлэгийн үзэл баримтлалд тусгалаа олно. 

Цэцэрлэгийн үзэл баримтлал нь тухайн хамт олны нийгмийн хариуцлагыг тооцох хэрэглүүр болж өгдөгөөрөө бас ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл үзэл баримтлалд байгууллагын практик үйл ажиллагааны ахиц өөрчлөлт, цаашдын хөгжлийн чанарыг хангахад тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтан тус бүрийн оруулах хувь нэмэр, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон байдаг.

Ийнхүү цэцэрлэг өөрийн үзэл баримтлалаар ажиллах нь дараах ач холбогдолтой.

ü  Цэцэрлэг  өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хөгжих боломж бүрдэнэ. 

ü  Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд тухайн хамт олны эрхэмлэх зүйл тодорхой болж, хамт олон хүчээ нэгтгэх боломжтой болно.  

ü  Үр дүн нь практикаар нотлогдсон онол, өөрсдийн хуримтлуулсан туршлагад суурилан цэцэрлэгийн үзэл баримтлал боловсрогдох учир эрсдэлгүй, бусад урсгал, чиглэл рүү хазайхгүй, үйл ажиллагаа тогтвортой явагдана. 

ü  Багш, ажилтан бүрийн үүрэг, оролцоо илүү тодорхой болж, ажлыг нь үнэлэх, хариуцлага тооцох нөхцөл бүрдэнэ.

ü  Цэцэрлэг тулгарсан асуудлаа ихэвчлэн байгууллагынхаа түвшинд  шийдвэрлэх тул үүсгэн байгуулагч\орон нутгийн удирдлагын ажил хөнгөрнө. 

ü  Тухайн цэцэрлэгт хүүхэд нь хэрхэн хөгжиж, төлөвших талаар эцэг эх тодорхой чиглэл, мэдээлэлтэй болно, тэдний оролцоо нэмэгдэнэ.

 

Хоёр. ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ? 

 

Цэцэрлэгүүд үзэл баримтлалаа янз бүрийн арга замаар боловсруулж болно. Бид дараах алхмаар ажиллахыг санал болгож байна.

1.    Байгууллагынхаа үйл ажиллагаанд шинжилгээ хийх

2.    Хамт олныхоо эрхэмлэх зүйлийг тодорхойлох

3.    Байгууллагынхаа үйл ажиллагааны зохион байгуулалтыг тодорхойлох

4.    Хамт олон, эцэг эхийн үүрэг, оролцоог тодорхойлох

Эдгээр алхмуудад хийгдэх ажлыг тодруулан авч үзье.

            2.1. Байгууллагын үйл ажиллагаанд шинжилгээ хийх

Үзэл баримтлалаа боловсруулахын тулд цэцэрлэгийн нийт багш, ажилтан байгууллагынхаа тухайн үеийн нөхцөл байдалд шинжилгээ (анализ) хийнэ. Шинжилгээ хийхдээ ажилдаа ахиц өөрчлөлт гаргахтай холбогдох асуултууд дэвшүүлэн, хүн бүр түүндээ хариулт олно. Хүн бүрийн хариултыг нийтээрээ хэлэлцэн асуулт тус бүрээр нэгдсэн шийдэлд хүрнэ. Тухайлбал, дараах асуултууд байж болох юм.

ü  Цэцэрлэгийн  үйл ажиллагааг яаж зохион байгуулвал илүү өгөөжтэй байх вэ?

ü  Хүүхдэд эзэмшүүлэх чадвар, хэвшил дадлыг сургалтын сэдэв, агуулгатай хэрхэн уялдуулах вэ?

ü  Сургалтын хөтөлбөрөө яаж боловсруулбал хүүхдэд болон багшид илүү ач тустай вэ?

ü  Хүүхдийн сурч, хөгжиж, төлөвших орчин ямар байх вэ?

ü  Өдрийн дэглэм ямар байвал илүү зохистой вэ?

ü  Багш, ажилтнуудынхаа чадавхыг хэрхэн дээшлүүлэх вэ?

ü  Багш, ажилтнуудынхаа ажлыг хэрхэн бодитой үнэлэх вэ гэх мэт.

Хэлэлцэж тогтсон асуудлууд нь цэцэрлэгийн хамт олон хүүхэдтэй ажиллахдаа баримтлах эрхэмлэх зүйлийг тодорхойлох нэгэн суурь болно.

             

2.2.        Хамт олныхоо эрхэмлэх зүйлийг тодорхойлох

Эрхэмлэх зүйлийг тодорхойлохдоо бага насны хүүхдийн суралцах үйл, хөгжлийг авч үзсэн онол, үзэл баримтлал (М.Монтессори, Л.С.Выготский, Жан Пиаже, Рижжио, Вальдорфийн гэх мэт)-ыг нарийвчлан судалж, хүүхэдтэй харилцах, ажиллахад хамт олон юуг хамгийн чухал гэж үзэхээ хэлэлцэж тогтоно. Үүнд бага насны хүүхэд гэж хэн болох, тэд ямар онцлогтой, хэрхэн суралцдагийг авч үзэх нь хамгийн чухал. Цэцэрлэгийн хамт олны эрхэмлэх зүйлс нь нэг буюу хэд хэдэн онол, үзэл баримтлал мөн хүүхдийг сургаж, хөгжүүлж ирсэн өөрийн орны соёл, уламжлал, тухайн байгууллагын хуримтлуулсан туршлага, байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шинжилгээний үр дүнд суурилан боловсруулагдана.

2.3.        Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг тодорхойлох

Энд цэцэрлэгийнхээ өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлуудыг авч үзэж, хэлэлцэн тодорхойлно. Тухайлбал:

2.3.1.   Анги зохион байгуулалт

Нэг ангид байх хүүхдийн насыг янз бүрийн хувилбараар авч үзэж болно. Манай улсад хүүхдүүдийг нас тус бүрээр нь ангилан анги зохион байгуулалт хийдэг практик хэвшсэн ч нэг ангид холимог насны хүүхдүүд байх нь илүү ач холбогдолтой гэж үздэг улс орнууд ч бий. Нэг цэцэрлэгт явдаг ах\эгч, дүү нар хамтдаа нэг ангид байхад тэдэнд илүү таатай. Мөн айлын ганц хүүхэд янз бүрийн насны хүүхэдтэй нэг ангид байхад аль нэгэнтэй дотносон төдөлгүй “ах\эгч эсвэл дүүтэй болох” тохиолдол бий. Янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад багачуул нь томоосоо суралцах, томчуудад өөртөө итгэх итгэл нэмэгдэх сайн талтай.  

Иймд анги зохион байгуулалтыг дараах хувилбараар хийж болно.

а) Хүүхдийн нас тус бүрээр

б) 3 хүртэлх нас, 3-4 нас, 5 нас

в) 3 хүртэлх нас, 3-5 нас

г) 2-5 нас      

2.3.2.   Өдрийн дэглэм

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд өдрийн туршид ямар үйл ажиллагаануудыг хэдий хугацаатай, ямар дараалал, давтамжтайгаар явуулах, өөрөөр хэлбэл өдрийн дэглэм ямар байхыг цэцэрлэг тус бүр үзэл баримтлалдаа тусгана. Өдрийн дэглэмийг зохиохдоо хүүхдийн нас, сэтгэц, бие махбодын онцлогийг харгалзан амралт, ачааллыг зохистой зохицуулахаас гадна хэдийд ямар хэлбэрийн ажлыг зохион явуулбал хүүхэд бүрт өгөөжтэй, илүү сайн хөгжих боломж олгож болохыг харгалзан үзнэ.

Өдрийн дэглэмд хүүхэд ганцаараа ажиллан багшийн дэмжлэг туслалцаа авах, хэсэг бүлэг хүүхэдтэй тоглох, ажил үйл гүйцэтгэх үйл ажиллагаа зонхилох боловч тэд ангийн хамт олны дунд байр сууриа олж, зохицон амьдрах чадварыг багаасаа эзэмших шаардлагатай тул нийт хүүхдийг хамарсан үйл ажиллагаа мөн багтана.

2.3.3. Өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт

Цэцэрлэгт явагдах өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, зан чанар, харилцааны хөгжлийг хангах, илэрхийлэх чадварыг сайжруулах, өөрөөр хэлбэл хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэхэд чиглэнэ.

Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааг аль нэг сэдвийн дор хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон хугацаагаар дараах чиглэлээр зохион байгуулж болно.  

 

                                                                                                                             

Хамтаараа ярилцах, дуулах (тойргийн цаг), тоглоом тоглох, хөгжимт хөдөлгөөн хийх, зурах, урлах, үлгэр зохиол сонсож ярилцах, оньсого зохиох, таах, аялал зугаалгаар явах, хөгжөөн баясгах зэрэг нийт хүүхдийг хамран явуулах ажлыг өдөрт хоёроос доошгүй удаа зохион байгуулбал зохино.     

2.3.4.   Сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөлт

Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын төлөвлөлтийн хугацаа, загвар, бичиглэл ямар байх нь цэцэрлэгийн үзэл баримтлалд тусгалаа олно.

 Байгууллагынхаа сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа тухайн сонгосон сэдвийн хүрээний зорилго, үйл ажиллагааны хувилбарууд, арга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах арга зам зэргийг тусган нарийвчлан төлөвлөнө. Анги бүр хооллолт, унтлага, ариун цэвэр сахих зэрэг өдөр тутам давтагддаг үйл ажиллагаанаас бусад тухайн үед ажиллаж буй сэдвийнхээ хүрээнд өдөр тутам бэлтгэн явуулах ажлынхаа нэрийг долоо эсвэл хоёр долоо хоногоор гарган (календарчилсан төлөвлөгөө) эцэг эх болон бусдад харагдахуйц байрлуулна.

Сургалтын зорилгыг тодорхойлох

Сургалтын зорилго нь хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд чиглэх бөгөөд хүүхдийн хүрэх түвшинг тодорхойлно. Өдөр тутам явагдах үйл ажиллагаануудын зорилго нь тухайн үед сонгон ажиллаж буй сэдвийн зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар төлөвлөгдөнө. Аль ч түвшний зорилго хэрэгжсэн эсэхийг нь тооцож болохуйц тодорхой байна. 

Сэдвийг сонгох

Цэцэрлэгүүд хүүхдийн дунд зохион байгуулах ажлаа ямар нэгэн сэдвийн хүрээнд явуулна. Сэдвийн санаа нь улирлын онцлог, хүүхдийн сонирхож буй зүйл, цаг үеийн үйл явдал (баяр ёслол), оршин буй газар нутгийн онцлог, багшийн чухал гэж үзсэн зүйл, гэр бүл, цэцэрлэгийн өдөр тутмын амьдрал, үлгэр зохиол зэргээс урган гарна.

Агуулга, арга зүйг тодорхойлох

Сонгосон сэдвийн хүрээнд явагдах үйл ажиллагаануудын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, мөн тухайн сэдэв дээр ажиллах хугацаа нээлттэй байна. Агуулга нь аль болох хүүхдэд өөртэй нь холбоотой, өдөр тутмын амьдралд нь хэрэглээ болохуйц, сонирхолтой, эрүүл аж төрөх үйлд хөтөлсөн, хүүхдийн танин мэдэх цар хүрээг тэлсэн, бие даасан болон бүтээлч байдал, харилцааг дэмжихэд чиглэсэн байна. Арга зүй нь бага насны хүүхдийн суралцахуйн онцлогт тулгуурласан, сургалтын зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.  

Тухайн сонгосон сэдэв дээр ажиллаж дуусах хүртэлх хугацаанд олж авах шаардлагатай мэдлэг, чадвар, зан чанарыг эзэмшүүлэхэд багш хүүхдийг чиглүүлж байна.

2.3.5.   Цэцэрлэгийн  орчин

Таатай орчинд хүүхэд өөрийн боломжийн дээд хурдаар хөгжинө. Орчин нь хүүхдийн сэтгэлд таатай, эерэг харилцаа үүсгэх, эрэл хайгуул хийхэд өдөөсөн, хүүхдийн хөдөлгөөн, тоглох үйлийг дэмжихүйц, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна. Сургалтын орчинг оновчтой бүрдүүлснээр хүүхдийн сонирхол, сэтгэлийг татаж, урам зориг оруулж, тэдний тал бүрийн хөгжилд нөлөөлнө.

Цэцэрлэгийн хамт олон дараах орчинг хэрхэн бүрдүүлэхээ үзэл баримтлалдаа тусгана. Үүнд:

Материаллаг орчин

Цэцэрлэгийн гадаад, дотоод материаллаг орчин нь хүүхдийн сэтгэл санаа таатай байх, тоглох нөхцөлийг бүрдүүлсэн, хүүхдүүдийг шинэ содон зүйл мэдэж авах, туршиж үзэхэд өдөөж, урин дуудсан байна.

Материаллаг орчинд тоглоомын болон сургалтын төвүүд чухал байрыг эзэлнэ. Энд хүүхэд өөрийнхөө дур сонирхлоор бусадтай хамтран тоглох, ярилцах, туршиж үзэх, зурах, урлах, хийж бүтээх зэрэг олон үйлд идэвхтэй, бүтээлчээр оролцох боломжтой байна. Тоглоом, сургалтын төвүүдийг бие биеэс зааглан байгуулж, хүүхдүүд өөрсдийн дур сонирхлоор сонгож тоглох, мэдлэг туршлага хуримтлуулах олон төрлийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангана. Хэрэглэгдэхүүн нь тухайн үед ажиллаж буй сэдвээс хамааран өөрчлөгдөж байна.

Сэтгэл зүйн орчин

Цэцэрлэгт хүүхэд аятай халуун дулаан уур амьсгалд чөлөөтэй, дарамт шахалтгүй, баяр баясгалантай байх нь тэдэнд аливаа үйлд оролцох, суралцахад эерэг хандлага, сэдлийг төрүүлнэ. Энэ нь хүүхэд өөртөө итгэлтэй байж, эрсдэл гаргах, шинийг нээх, шийдвэр гаргах, өөрийгөө удирдах, биеэ авч явах, зохистой харилцахад аятай хөрс суурь болно.

Үйлийн орчин

       Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд аливаа үйлийн үр дүнгээс илүү тухайн үйлийг гүйцэтгэж буй үйл явц нь тэдний хөгжилд чухал байдаг. Иймд багш хүүхдийн гүйцэтгэж буй үйл бүрт ач холбогдол өгч, ажиглаж, залж чиглүүлэхийн зэрэгцээ хүүхдэд өргөн хүрээтэй, сонирхолтой, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн, бие даан ажиллах, сонголт хийх боломжтой үйлийн орчин бүрдүүлэхэд анхаарна. Бие засах, гар нүүрээ угаах, хооллохоос эхлэн цэцэрлэгт явагдаж буй бүхий л үйл ажиллагаа хүүхдийн үйлийн орчинд хамрагдана. Сургуулийн өмнөх насны хүүхдийн үйлийн орчинд тоглох үйл ажиллагаа зонхилох байрыг эзэлнэ. 

2.3.6.   Хүүхдийн хөгжлийн үнэлгээ

Хүүхдэд гарч буй ахиц, өөрчлөлтийг үнэлэх нь тэдний цаашдын хөгжил, төлөвшилд оновчтой дэмжлэг үзүүлэхэд тустай. Тухайн хүүхдийн онцлогийг илрүүлэх, хөгжлийн ахицыг тогтоохын тулд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, баримтжуулна. Баримтжуулалтыг  дараах аргаар хийж болно.

-       Хүүхдүүдийн хийж буй үйлийн зургыг авах, видео бичлэг хийх.

Ингэхдээ тухайн зураг, бичлэгт тайлбар хийж хавсаргах хэрэгтэй. Тайлбарт  он, сар, өдөр, хүүхэд юу хийсэн, даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн, тухайн үед гаргасан зан ааш, хандлага зэргийг тэмдэглэж болно.

 

-       Хүүхдийн хийсэн зүйлсийг цуглуулж, хадгалах.

Хүүхдийн хийсэн зүйлсийг цуглуулж хадгалах нь тэдний хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг баримтжуулах нэгэн оновчтой арга. Ингэхдээ хүүхдийн хийсэн хоорондоо адилхан нэгэн төрлийн зүйлийг хадгалах шаардлагагүй. Гол нь хүүхдийн юу сурч мэдсэнийг тодорхой харуулахуйц зүйлс эсхүл даалгаврыг биелүүлэхэд гарч буй ахиц, өөрчлөлтийг илэрхийлж чадахуйц зүйлс байна. Үүнд мөн тодорхой тайлбарыг хавсаргана.

-       Хүүхдийн суралцаж байх явцдаа үзүүлсэн хариу үйлдлийг тэмдэглэж үлдээх.

Хүүхдүүд юу сурч мэдсэнийг өөрсдөөр нь яриулж, сэтгэгдлийг нь сонсож тэмдэглэнэ. 

Ажиглалт хийх нь тухайн хүүхдийн талаарх бодитой мэдээлэл цуглуулах боломжтой сайн арга. Тухайн хүүхэд юуг бие даан ганцаараа, юуг бусдын тусламжтайгаар хийж чаддаг болохыг мэдэх үүднээс ганцаарчилсан ажиглалт хийж, тэмдэглэл хөтөлнө. Мөн хүүхдийг хэсэг бүлэг хүүхдийн дунд багаар ажиллаж байхдаа бусадтай хэрхэн харилцаж байгааг түүнчлэн хүүхдийн хөгжлийн тодорхой нэг чиглэлийн дагуу ажиглалт хийж болно. Ажиглалтаар хүүхдийн талаар олж мэдсэн мэдээллээ ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ.

Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшлийн ахицыг жилд хоёроос доошгүй удаа тогтоож, түүнийгээ эцэг эхэд танилцуулж, сэтгэл ханамж ямар байгааг тандан, ойр дотно ажиллана.

2.4.        Хамт олон, эцэг эхийн үүрэг оролцоог тодорхойлох

Хүүхдийн хөгжил, төлөвшилд цэцэрлэгийн хамт олон болон эцэг эхийн хамтын үйл ажиллагаа шийдвэрлэх нөлөөтэй.

2.4.1. Хамт олон хэрхэн хамтарч, үр дүнтэй ажиллах

Үзэл баримтлалд тухайн хамт олон хэрхэн хамтарч, үр дүнтэй ажиллах чиглэлийг тусгана. Тухайлбал,

ü  Өдөр тутмын харилцааны соёл ямар байх

ü  Хэн ямар үүрэг, хариуцлага хүлээх

ü   Шийдвэрээ хэрхэн гаргаж байх

ü  Туслах ажилтнуудынхаа хүчийг хэрхэн ашиглах

ü  Багш, ажилтны чадавхийг хэрхэн дээшлүүлэх

ü  Хүүхдийн хөгжлийг судлах, хүүхэдтэй ажиллах арга барилаа хэрхэн сайжруулах

ü  Хурал, цуглаанаа ямар хугацаанд, яаж зохион байгуулах

ü  Хүүхдийн дунд явуулсан ажлаа хэрхэн баримтжуулах

ü  Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог хэрхэн хангах

ü  Бусад байгууллага, хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах

ü  Ажлынхаа үр дүнг хэрхэн үнэлэх гэх мэт.

Хамт олон хэрхэн хамтарч, үр дүнтэй, бүтээлчээр ажиллахтай холбогдох нарийвчилсан асуудлыг байгууллагынхаа дотоод журамд мөн тусгаж болно.

2.4.2.   Эцэг эхтэй хамтран ажиллах

Гэр бүлийн гишүүд хүүхдийн талаар хамгийн сайн мэддэг тул тэднээс олон чухал мэдээлэл цуглуулах боломжтой байдаг. Хүүхдийн хүсэл сонирхол, чадвар, өдөр тутмын дадал зуршил, ахиц амжилтын талаар гэр бүлийн гишүүдээс мэдээлэл авч болно. Эцэг эхтэй ярилцах, асуулга авах замаар хүүхдийн давуу болон сул тал, дуртай болон дургүй зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Эцэг эхтэй албан болон албан бус уулзалт, цугларалтын үеэр санал авч, тухайн үед гарсан санал, хүсэлтийг тэмдэглэж авна. Цэцэрлэгээс үйл ажиллагаагаа ямагт нээлттэй байлгахын зэрэгцээ, “эцэг эхтэй ганцаарчлан ярилцах цаггаргах, эцэг эхийн сургалт, нээлттэй өдөрлөг, хүүхэдтэйгээ хамтарсан уралдаан тэмцээн, аялал гэх мэт төрөл бүрийн хэлбэрийн ажил зохион байгуулна. Эцэг эхийг хүүхдийн дунд зохион байгуулах ажил, цэцэрлэгийн өдөр тутмын амьдралд шийдвэр гаргах түвшинд оролцуулж байж жинхэнэ түншлэгчид болно.

Эцэг эхчүүд ч идэвх зүтгэлээрээ цэцэрлэгт тусалж болох ямар ажил байгааг олж мэдэх, хэрэв тодорхой авъяас чадвартай бол түүгээрээ цэцэрлэгийн ажилд хэрхэн оролцохоо илэрхийлэх, түүнчлэн хүүхэдтэйгээ холбоотой ямар нэг сэтгэл зовоосон асуудал байвал багштай нь илэн далангүй ярилцаж байж болох юм. 

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжилд эцэг эхээс гадна олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтарч ажиллах ажлууд үзэл баримтлалд тусгалаа олно.

2.4.3.    Багш, ажилтны ажлыг үнэлэх

              Байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилт буюу хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд багш, ажилтнуудын оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг хэрхэн үнэлэхээ үзэл баримтлалд тусгана.  

Хүүхэд тус бүрийн хөгжил, төлөвшилд гарах ахиц нь багш, ажилтны ажлын үр дүнгийн үнэлгээнд гол байрыг эзэлнэ. Хүүхдийн хөгжлийн ахиц нь ажиглалтын хуудас дахь тэмдэглэл, хүүхдийн бүтээл, хийж буй үйлийн зураг, бичлэг, эцэг эхээс авсан мэдээлэл зэргээр баталгаажина. Хүүхэд бүрт гарах ахиц өөрчлөлт нь багшийн хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт (ялангуяа арга зүй, технологи), харилцаа, эрүүл ахуйн болон сургалтын орчны бүрдүүлэлт, эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Хүүхэд бүрийн хөгжлийн болон багш, ажилтны ажлын үнэлгээндээ тухайн цэцэрлэг жилдээ нэгээс доошгүй удаа орон нутаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллагыг урьж, зөвлөн туслах үйлчилгээ авч болно.

            Цэцэрлэг бүр дээрх асуудлуудаас гадна өөрийн орон нутаг, байгууллага, эцэг эх, хамт олны өвөрмөц онцлогийг үзэл баримтлалдаа нэмж тусгаж болно.  

Цэцэрлэгийн үзэл баримтлалд тусгагдах зүйлс нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдтэй нийцсэн байна.

 

---------  ООО --------