“Тогтвортой хөгжил – Сургуулийн өмнөх боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж

2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр                                                       Улаанбаатар хот 

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний II зөвлөгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.        

Зөвлөгөөнд оролцогчид сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин, бодлого, хэрэгжилт, багшийн хөгжил, нийгмийн хангамж, хүүхэд хамгаалал, хоол тэжээлийн чанарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэн, дээрх чиглэлүүдээр салбар хуралдаанууд зохион байгуулж, оролцогчдын санал, хүсэлтийг сонсон, ирүүлсэн саналыг тухай бүр нэгтгэн боловсруулж энэхүү зөвлөмжид тусгав.   

“Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний II зөвлөгөөнд оролцогчид Бид Нэгдсэн Үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтууд (2015-2030), Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2016-2030), Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэс болгож, хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, хүүхэд бүр адил, тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл, зөв хүмүүжилтэй монгол хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, зорилгоор Зөвлөмжөө дараах байдлаар эрэмбэлэн илгээж байна.

         1. Монгол Улсын Их Хуралд

         2. Монгол Улсын Засгийн газарт

         3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд

         4. Нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад

         5.  Гэр бүл, олон нийт, хэвлэл мэдээлэл, аж ахуйн эрхлэгчид

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

1.1. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хэв шинжийг шинэчлэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх,  хувилбарт сургалт болон гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх,  эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүргийг тодорхой болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах;

1.2. Цэцэрлэгийн туслах багш болон хүүхэд харагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

1.3. Сургуулийн өмнөх боловсролын салбарын хүний нөөцийн удирдлагын чадавхийг сайжруулах, мэргэшсэн байдлыг хангах зорилгоор ажлын байранд тавигдах шаардлагыг чанаржуулах, хариуцлагажуулах шийдвэр гаргах;

1.4. Цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, үйлчилгээний зарим ажилтны ээлжийн амралтын хугацааг үндсэн багштай ижил болгох асуудлаар холбогдох хуульд нэмэлт оруулах;

1.5. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн багшийг тэтгэвэрт гарахад нь нийгмийн баталгааг нь хангах зохицуулалтыг хуульчлах;

1.6. Хөдөлмөрийн тухай хуульд эцэг эх, асран хамгаалагч нь цэцэрлэгтэй хамтран ажиллах цагтай болох талаар нэмэлт оруулах;

1.7. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, дуу чимээ, ажлын ачаалал, тасралтгүй ажлын цаг зэргийг харгалзан цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийг хүнд нөхцөлд тооцдог болох, цэцэрлэгийн багш, туслах багшийн тэтгэвэрт гарах насыг хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулж уян хатан болгох;

1.8. Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш, ажилтанд төрөөс нийгмийн халамж, хамгааллын дэмжлэгийг адил тэгш үзүүлэх талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

2.1. Сургуулийн өмнөх боловсролын багш, албан хаагчдын ажилласан жилээс гадна ажлын ачааллаас хамаарсан цалингийн тогтолцоотой болох;

2.2. Цэцэрлэгийн эрхлэгчид зэргийн, арга зүйч болон багшид анги даалт, кабинетийн нэмэгдэл олгох эрх зүйн орчин бүрдүүлэх;

2.3. Цэцэрлэгийн бүлгийн тооноос хамаарч дуу хөгжим, биеийн тамир, хувилбарт сургалтын болон ээлжийн багш ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлж, холбогдох зардлыг төсөвт тусгах;

2.4. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багшийн цалингийн шатлалыг тус бүр нэг шат ахиулах, эмчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

2.5. Цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, албан хаагчдыг жил бүр улсын төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулдаг болох;

2.6. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг өөрчлөх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт тавигдах шаардлага, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

2.7. Сургуулийн өмнөх сургалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулах;

2.8. Цэцэрлэгийн багш, албан хаагчдад ажлын онцлогийг харгалзан хоол, унааны мөнгийг төрөөс олгодог болох;

2.9. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгодог эрх зүйн зохицуулалтыг баталгаажуулах, хөлсийг нэмэгдүүлэх;

2.10. Сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, тоглоомын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж тэдгээрийн чанар, хүртээмж, хангалтыг сайжруулах талаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

ГУРАВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМАНД

3.1. Сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, үнэлгээний бодлого, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах;

3.2. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн залгамж холбоог бэхжүүлэх;

3.3.  Хүүхдийн хөгжлийн ахиц, цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг үнэлэх журам боловсруулж хэрэгжүүлэх;

3.4. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцүүлж хүүхдийн ном, багш, эцэг эхийн гарын авлага, зөвлөмжийг нэгдмэл агуулгаар боловсруулж түгээдэг тогтолцоог бүрдүүлэх;

3.5. Сургалтын хөтөлбөрийн агуулгад хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийн болон хоол тэжээл, аюулгүй байдлын боловсрол олгох үйл ажиллагааг тусгах, орчныг бүрдүүлэх;

3.6. Багшийн мэргэжилд тавигдах шаардлага, стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

3.7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчдын орон тооны нормативийг шинэчлэн батлуулах;

3.8. Цэцэрлэгийн төсөвт тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэлийн хангалтын зардлыг тусгадаг болох;

3.9. Цэцэрлэгийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалалд зориулж эрүүл ахуйн норм шаардлагыг хангахад чиглэсэн зардлын эзлэх хувийг нэмэгдүүлэх;

3.10. Эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хүүхдийн насны үечлэлээр боловсруулж, танхимын болон цахим, теле сургалт зохион байгуулах;

3.11. 5 настай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх үйл ажиллагаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;

3.12. Цэцэрлэгт зах зээлийн бодит үнэд нийцсэн, хорогдлыг тооцсон, олон нэр төрлийн, амин дэм ихтэй, эрүүл, аюулгүй байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг тогтолцоог бүрдүүлэх;

3.13. Цэцэрлэгийн эмч, тогоочийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, цалингийн шатлал, мэргэжлийн зэргийг ахиулах, ур чадвар эзэмшүүлэх сургалтын тогтолцоо, санхүүжилтийг бий болгох;

3.14. Удирдах болон багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг шинэчилж, хэрэгжүүлэх заавар, зөвлөмжөөр хангах;

3.15. Багш бэлтгэх сургуулийн элсэгчид тавигдах шаардлагыг мэргэжлийн ёс зүй, хэл яриа, бие бялдрын чиглэлээр тодорхой болгох, багш бэлтгэх, давтан бэлтгэж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг судлан сайжруулах, магадлан итгэмжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

3.16. Багшийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, багш, ажилтны ажлын байранд баримтлах хэм хэмжээг байгууллагын эрх зүйн баримт бичигт тусган, хэрэгжүүлэх нэгдсэн заавар, зөвлөмжөөр хангах;

3.17. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, хөгжлийн ахиц, өөрчлөлтийг баримжаалсан сургалтын нэгдсэн болон ганцаарчилсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, үнэлгээтэй болох.

ДӨРӨВ. НУТГИЙН ЗАХИРГАА, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГАД

4.1. Цэцэрлэгийн байршил, хүчин чадлын оновчтой төлөвлөлт хийж, эдийн засгийн үр ашигтай болон эко барилга, барилгын шинэ зураглалтай болох;

4.2. Хөдөө, орон нутаг болон нийслэлийн захын хорооллын цэцэрлэгийн усан хангамж, ариун цэврийн байгууламж, гал тогоо, хүүхдийн суралцах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

4.3. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байх;

4.4. Төсвийн шууд захирагч цалингийн сандаа багтаан багш, ажилчдын цалин хөлс, урамшлын асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог бодитой хэрэгжүүлэх;

4.5. Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах;

4.6. Цэцэрлэгүүдийг бүрэн камержуулах арга хэмжээ авах;

4.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн орчинд нь боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг бий болгох;

4.8. Гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих харилцаа нь эерэг төдийгүй хүчирхийллийн аливаа үйлдлээс ангид байх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг олон нийтийн дунд зохион байгуулах.

ТАВ. ГЭР БҮЛ, ОЛОН НИЙТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, АЖ АХУЙН ЭРХЛЭГЧИД

5.1. Бага насны хүүхдэд хүнлэг, энэрэнгүй зан төлөв, суурь хүмүүжил олгох чадварыг эцэг, эх, асран хамгаалагчдад эзэмшүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах; 

5.2. Бага насны хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах,  эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг бууруулах талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, эцэг эх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх;

5.3. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулах;

5.4. Монгол соёл, үндэсний ёс заншлыг эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга бүхий хүүхдийн нэвтрүүлэг, кино, уран бүтээлийг дэмжин ажиллах.

ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор эрх бүхий байгууллагад хүргүүлэх, хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна. Зөвлөмжид туссан ажлыг жил бүрийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, яамны төлөвлөгөөнд тусган ажиллана.  

Аймаг нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нар зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн төлөвлөгөөндөө тусган баталж, үр дүнг олон нийтэд сурталчлах үүрэг хүлээнэ.

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, ажилтан нь идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ эцэг, эх, олон нийттэй хамтран ажиллана.

Эцэг, эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлж төлөвшүүлэх чадварыг заавал эзэмшихийн зэрэгцээ цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран оролцож хэвшинэ.  

 

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ – СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ”

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД