21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл

Өмнө нь “Насан туршийн боловсрол”-ын үүсэл, хөгжил, үзэл санааны талаар нийтэлсэн билээ. Одоо “Насан туршийн суралцахуй” гэж юу болох,  “Насан туршийн боловсрол” болон “Насан туршийн суралцахуй”-н ялгааг авч үзье.

Насан туршийн боловсрол нь хүний амьдралын мөчлөг бүрт боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үздэг бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болох тухай ойлголт юм. ЮНЕСКО-ийн тодорхойлсноор “Насан туршийн суралцахуй” гэдгийг суралцахуй, амьдрал хоёрын нэгдэлд тулгуурласан үйл явц гэж харж болно. Энэ нь ямар ч насны хүн бүр, бүхий л талбар (гэр бүл, сургууль, хамт олон, ажлын байр г.м)-т янз бүрийн хэлбэр (албан ба албан бус)-ээр суралцах үйл бөгөөд суралцахуйтай холбоотой өргөн хүрээний эрэлт хэрэгцээгээ хангаж буй үйл явц юм (ЮНЕСКО.2019).

Манайд улсад төдийгүй, олон улсад ч насан туршийн боловсрол, насан туршийн суралцахуй гэсэн нэр томьёог хооронд нь хольж хутгасан зарим төөрөгдөл, маргаан байсаар ирсэн. Энэ хоёр ойлголт нь  хоорондоо ямар ялгаатайг авч үзье. Schuller & Watson (2009) нар энэ хоёр тусдаа ойлголт боловч тоймчид үүнийг бодлогын баримт бичигт адил утгаар  тусгадаг гэж үзсэн бол Billett (2003) эдгээр ойлголт нь адил утгатай биш, харин эрс ялгаатай гэжээ. Энэ зааг ялгааг ойлгох нь алийг нь хэзээ, хэрхэн дэмжиж болох талаар шийдвэр гаргахад төдийгүй насан туршийн суралцахуйг насан туршийн боловсролоор дамждаг үйл явц гэж ойлгох болон ажил, мэргэжлийн хувьд ч чухал юм.

Насан туршийн суралцахуй ба насан туршийн боловсролын гол ялгаа

Насан туршийн суралцахуй

Насан туршийн боловсрол

Хүмүүстэй холбоотой

Институцитэй холбоотой

Хувь хүний хүчин зүйл, зорилго

Институци/нийгмийн хүчин зүйл, зорилго

Туршлагажих, хэрсүүжих үйл явц. (Хоёр хүний туршлага адил байдаггүй.)

Туршлага суулгах, дамжуулах үйл явц. Нийгэмд бий болсон туршлага.

Хувь хүн бодож, үйлдэл хийх явцад үргэлж тохиолддог, хүмүүсийн хийдэг зүйл (Searle, 1995).

Нийгмээс үүсэлтэй, ихэвчлэн тодорхой төрлийн туршлагыг бий болгох хэлбэрээр бий болсон институцийн баримт (Searle, 1995).

Хувь хүний онтогенетик хөгжил эсвэл амьдралын түүхийн өв уламжлалаар тодорхойлогддог, хувь хүн өөрөө санаачилж, хэрэгжүүлдэг (Billett, 2003).

Хүмүүсийн аль нэг төрлийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой, тодорхой хэлбэр, хэм хэмжээ, практикийг агуулсан нийгмийн санал хэлбэрээр илэрдэг нийгэмд бий болсон туршлагын багц  (Billett, 2003).

Хувь хүний мэдрэх, өөрчлөгдөх үйл явцаар тасралтгүй явагддаг бөгөөд үүнийг микрогенетик хөгжил ч гэж нэрлэдэг (Скрибнер, 1985).

Институциудаас олж авсан туршлага нь зөвхөн өөрчлөлтийн урилга болдог (Скрибнер, 1985). Нийгмийн тасралтгүй хөгжил.

Хувь хүн өөрөө санаачилдаг тул үр дүнд хүрэх магадлал өндөртэй.

Бодлого боловсруулагчид, багш нар болон сургалтын мэргэжилтнүүд төлөвлөнө. Гэвч тодорхой төрлийн суралцахуйд хүргэнэ гэсэн баталгаа байхгүй.

Боловсролын байгууллагын хэм хэмжээ, үйл ажиллагаа, ашиг сонирхлоор тодорхойлж, тооцож, барьж болохгүй.

Боловсролын байгууллагын хэм хэмжээ, үйл ажиллагаа, ашиг сонирхлоор тодорхойлно.

Хүний боловсролын ихэнх нь тэдний өөрийн оруулсан хувь нэмэр буюу насан туршийн суралцахуй байдаг.

Хүний боловсролын бага хувь нь насан туршийн боловсролын оруулсан хувь нэмэр байдаг.

 

Насан туршийн суралцахуй нь Тогтвортой хөгжлийн зорилго 4-ийн гол зарчим бөгөөд дэлхийн улс орнууд “тэгш хамруулсан, тэгш боломж бүхий чанартай боловсролыг олгох, бүх нийтийн насан туршийн суралцахуйг хөхиүлэн дэмжих” үүргийг хүлээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор олон улсын түвшинд насан турш суралцахуйн чиг баримжааг боловсролын алсын хараа, гол зарчмаа болгож байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050–д “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол, ... улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэж боловсролыг хувирган өөрчлөх бодлого, мэдлэгт суурилсан нийгэм дэх ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн (Монгол улсын Засгийн газар. 2020). Тэдгээр зорилтыг хэрэгжүүлэх II үе шат 2031-2040 оныг чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх үе гэж тодорхойлжээ. Мөн 2021 оны боловсролын хуулийн төсөлд насан туршийн суралцахуй”-г бүх насны иргэн ... хэрэгцээ, сонирхолдоо нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагаа гэж тусгажээ.

Ийнхүү “Бүх нийтийг насан туршдаа суралцах боломжоор хангах”-тай холбоотой яригдаж буй асуудлууд нь албан боловсролын хүрээнд, цаашлаад, хүн амьдралынхаа туршид суралцах боломжийг бүрдүүлж буй учир боловсролын салбарын хамрах хүрээ, салбар хэсгүүд нь хоорондоо хэрхэн харилцан шүтэлцэж байгаа, суралцахуйн ахиц, амжилтыг хэрхэн үнэлэх зэргийг эргэн харж, шинээр тодорхойлох шаардлага гарч байна. Насан туршдаа суралцахуйн хандлага нь боловсролын тогтолцооны олон дэд салбарыг хөгжүүлээд зогсохгүй, интеграцчилсан байдлаар хөгжих боломжтой гэсэн санааг агуулдаг.

 

Н.Оюунцэцэг (Ph.D)

 2022.03.16

 

Ном зүй

Монгол улсын Засгийн газар. 2020. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого. УБ.,

ЮНЕСКО. 2019. Боловсролын бодлогын газар. Боловсролын бодлогын тойм шинжилгээ. 17 тал

ЮНЕСКО-ийн Сантияго дахь төлөөлөгчийн газар. 2019. Насан туршийн суралцахуй. http://www. unesco.org/new/en/santiago/education/lifelong-learning/)

Billett, S. (2003). Sociogeneses, activity and ontogeny. Culture and Psychology, 9(2), 133–169. doi:10.1177/1354067X0392003

Scribner, S. (1985). Vygostky’s use of history. In J. V. Wertsch (Ed.), Culture, communication and cognition: Vygotskian perspectives (pp. 119–145). Cambridge, UK: Cambridge University Press.

SDBB|CSFO. 2016. www.berufsbildung.ch

Searle, J. R. (1995). The construction of social reality. London, UK: Penguin Books.

Stephen Billett. 2017. Distinguishing lifelong learning from lifelong education. Journal of Adult Learning, Knowledge and Innovation. Volume 2: Issue 1

 

Нүүр зураг: https://www.bvmw.de/mittelstand-aktuell/news/4119/lebenslanges-lernen-wissen-ist-macht/

© leremy von www.fotolia.com