ном уншиж байна

Уншуулж бичүүлж сургах

Түрүүлээд уншуулаад сургачихъя байз!

Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Хүүхдээ бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүүр аравын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр (гол төлөв 2-4 хүүхэд) орж ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болгох, хүүхдийнхээ юу сурч, хийж чаддагийг харах, бас сургуульд ороод онц сураасай гэсэн хүсэл эрмэлзэлдээ автан эрт уншуулж, бичүүлж сургадаг байна. Хүүхэд 3-5 насандаа уншиж сурах чадвартай байдаг. Гэвч уншуулж, бичүүлэх нь зөв үү гэдэг асуултыг энэ сэдэвт хөндөж байна.

Манай эцэг эхчүүд бусдаас түрүүлээд уншаад, бичээд сурчихвал хүүхэд нь сургуульд ороод хоцрогдолгүй сурах байх гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг ажээ. Тэд уншиж сурсан хүүхдээрээ бахархаж сургуульд ороод сайн сурна гэж итгэлт дүүрэн байдаг. Гэтэл түрүүлж уншиж, бичиж сурсан хүүхдэд сургуульд орсны дараа олон асуудал, бэрхшээл үүсдэг ажээ. Хүүхдийг цагаан толгойд тайлах, уншуулж, бичүүлж, бодуулж сургах ажил нь сурган хүмүүжүүлэх ухааны үндэстэй, тусгай арга технологийн дагуу явагддаг сурагч болон мэргэжлийн багшийн хамтын үйл юм. Уншиж, бичиж сураад сургуульд орж буй хүүхдүүдэд үүсэх зарим бэрхшээл, зөрчлийн талаар бага ангийн туршлагатай мэргэжилтэн, багш нар дараах дүгнэлт, саналтай байдаг ажээ.

Буруу арга барил эзэмшдэг

Анхнаасаа буруу уншаад сурсан хүүхдийг зөв арга барилд сургах нь шинээр сургахаас илүү бэрхшээл үүсгэдэг. Зөвхөн цагаан толгой сурдаг арав гаруй нарийн арга технологи байдаг байна. Эцэг эх нь бага ангийн багш биш л бол үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Жишээлбэл, эцэг эхчүүд гол төлөв үсэг бүрээр үсэглэн уншуулж сургадаг. Гэтэл сургуульд багш үеийн аргаар сургаж, үеэр холбуулдаг. (Х-а-м-а-р гэж буруу, Ха-мар гэвэл зөв). Сургуульд орохоос өмнө үсэг сурсан хүүхдүүд З, Ж, С, Ш, Д, Т, Г, Х гэх мэт ойролцоо дуудлагатай авиаг гол төлөв буруу дууддаг. Эгшиг үсэг, гийгүүлэгч үсэг, онцгой дөрвөн гийгүүлэгч, Я-ийн төрлийн үсэг таниулах аргууд бүгд өөр хоорондоо ялгаатай. Тэд дармалаар мөн үсэг хоорондын холболтыг тэд буруу бичээд сурчихсан байдаг.

Цагаан толгойд тайлагдах нь зурлага зөв зурахаас эхэлнэ. Зурган дээр ярилцаад авиаг сонсгож таниулна, дараа нь авиаг тэмдэглэх үсгээ таниулна, ямар танил дүрстэй адил байгааг олуулна, үсгээ элдэв зүйлээр бүтээлгэнэ. Тэд энэ үсэг нь ангид хаана байгааг олно, тухайн үсэг орсон үгнүүд хэлнэ гэх мэт олон төрлийн үйл хийж байж тэд сурна.

Бичүүлэх арга барил эзэмших нь мөн нарийн зүйл. Үсэг бүрийг бичих дэс дараа, технологи байдаг, бас хоорондоо ялгаатай. Үсгийг гараа салгахгүйгээр бичнэ, элементийн дэвтрийн шугаманд тохируулж бичүүлэх тусгай техник бий. Бичих үед багш хүүхэд бүртэй тулж ажиллана. Гэтэл буруу бичээд, түрүүлж уншаад сурсан хүүхдийн буруу арга техникийг засах нь шинээр сурахаас илүү хүндрэлтэй, багшаас тэдэнтэй ажиллах өөр арга барил шаардсан ажил болдог. Шинээр сурч буй хүүхдүүд зөв техникээр уншиж, бичиж сурч байхад нөгөө “их мэдэгч” хүүхдүүдийн буруу арга барил нь бараг засраагүй үлдэж хоцрох нь түгээмэл.

Сурлагаар хоцрогддог

Энэ бүхэн нь угтаа түрүүлж яваа биш шинээр сурсан сурагчдаас хэдэн алхам хойно байна гэсэн үг. Хүүхэд анхлан сурч байгаа ангийнхаа нөхдөөс сурлагаар хоцордог. Учир нь би чадна гээд онгирдог, тайвширдаг, сүүл рүүгээ хичээлээс залхаж, сонирхол нь буурч эхэлнэ, их зүйлийг сурна гээд орж ирсэн сурагчид маань мэддэг зүйлийг нь нэг хэсэгтээ давтаад байхаар уйтгартай болно, мөн чаддаг юмыг заагаад байна гээд сургуульдаа, цаашилбал, багшдаа дургүй болж ч магадгүй. Нэг ангид байх хүүхдийн тоо олноос шалтгаалан багшид тэрхүү түрүүлээд сурчихсан хүүхдийг цааш нь ганцаарчлан ажиллаад аваад явчих боломж хомс байдаг. Ийнхүү мэднэ гэж тайвширсаар бусад хүүхдүүд сураад мэдлэг, чадвар нь зэрэгцээд ирэх үед тэднээс хоцорч эхэлдэг байна. Энэ үед эцэг эхчүүд миний хүүхэд уншиж сураад орсон гэтэл та ажилласангүй  гэж  багшид бурууг өгөх зөрчил ч гардаг.

Хичээллэх явцад бэрхшээл учруулдаг

Тэд багшийн сурагчдаас асуух асуултыг мэддэг учраас түрүүлж хэлээд бусад сурагчдад саад болох гээд байдаг. Хэрвээ түүнийг нь хориглох аяс гаргавал гомддог. Гэтэл багш тэднийг биш, шинээр сурч байгаа сурагчдаар хэлүүлэхийг хичээнэ. Ихэнх багш нар ийм хүүхдийг хамгийн арын ширээнд суулгаад хуулан бичиг хийлгэх, үлгэрийн ном уншуулах, зураг зуруулах гэх мэт өөр зүйлээр саатуулах төдий хичээлийн цагийг өнгөрүүлдэг. Энэ нь сургалт биш харин саатуулах төдий үйл ажиллагаа юм. Энэ нь буруу бөгөөд тэр хүүхэд цаашаа хөгжих боломж цагаа алдаад байна гэсэн үг.

Хамт олон байр сууриа эзлэхэд нөлөөлдөг

Тэд нэлээд зүйлийг сурсан байгаагаа мэдэрч би мундаг гэж бодсоор ирнэ, сургуулийн эхний хэд хоног додигор байна. Гэтэл багш анхаарал хандуулахгүйгээс зөрчил үүснэ. Өөрт нь хандаагүйн төлөө гомдол үүсч, зовлон гуниг ч болж магадгүй. Жишээлбэл, мэдэж байгаа гэдгээ харуулж гараа өргөөд хэлмээр байдаг, гэтэл багш нь түүнийг огт тоохгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Мөн бусад сурагчидтай харилцах, тэдгээр сурагчид өөртэй нь харьцах харилцаанд ч зөрчил үүсэх тал бий. Өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүүхдүүд анх нэг ангийн хамт олон болж төлөвших үе шат амаргүй байдаг. Тэдний бусдаас илүү мэдэж байгаа, ангид өөр төрлийн сурах үйл ажиллагаа хийж байгаа, багш түүнтэй бага харилцаж байгаа зэрэг байдал нь хамт олны дотор орж байр сууриа эзлэхэд мэдээж сайнаар нөлөөлөхгүй. Ангийн хүүхдүүдийн харилцаанд зөрчил үүсч, сондгойроод байх тал бий. Мөн эд нар мэдэхгүй, чадахгүй байна гэж үзээд өөрийгөө дөвийлгөж үзэх хандлага ч гарна. Энэ нь шинээр сурч байгаа хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн зарим хүүхэд өөрийгөө түүнтэй харьцуулж, өөрийгөө голох хандлага гаргах, атаархах тал ч ажиглагддаг.

Багшид тэдэнтэй ажиллах боломж хомс

Багш тэдгээр уншиж, бичиж сурсан хүүхдүүдийг ангид зүгээр суулгахгүйн тулд өөр нэмэлт материал бэлтгэж өгч ажиллуулах хэрэгтэй болдог. Гэтэл багш бүрт ийм боломж тааруу. Багш тусгайлан ажиллах нэмэлт материалыг хичээл бүрээр төлөвлөж, бэлтгэж амждаггүй. Ер нь нэгдүгээр ангийн багш маш их ачаалалтай ажилладаг. Багш нэмэлт материал бэлтгэхээс гадна буруу арга техникийг засах өөр аргачлал бэлтгэх, зөвлөх болно. Ингэснээр бусад сурагчидтай ажиллах багшийн цаг нь багасна гэсэн үг. Ангийн бүх сурагчид нэгэн жигд зэрэгцэн сурахгүй тул хоцорч байгаа сурагчидтай тусгайлан ажиллах цаг багшид бас хэрэгтэй. Иймд уншаад сургуульд орсон сурагчдад олон талын тусламж хэрэгтэй болдог ч багш түүнтэй тусад нь ажиллах боломж тэр бүр байдаггүй. Яагаад гэвэл багш зөвхөн ганц цагаан толгой биш өөр олон төрлийн хичээл заана, мөн нэг дор өөр өөр хөгжлийн онцлогтой 25-30  сурагчийг уншуулж, бичүүлж сургах гэж түүртэж байгаа шүү дээ.

Эцэг эхийн анхаарах зүйл

·         Харандааг зөв бариулж сургах, зуруулж, будуулж сургах нь сургуулийн өмнөх чухал бэлтгэл болно. Энэ нь үзэг барьж сурах анхны алхам болдог. Үзгээ анхнаасаа буруу бариад сурсан хүүхэд тэр чигээрээ л буруу дадалтай болдог. Үзэг буруу барих дадлыг зөв болгоход багш нарт багагүй бэрхшээл тулгардаг.

·         Тоо тооллын хувьд эд зүйлсийг оноож тоолуулж сургана. Тоогоор нь харьцуулах, дараалуулах, нэг нэгээр нэмэгдүүлэх, хорогдуулах дасгал хийлгэж болно. Харин бодуулж сургах нь нарийн арга технологи шаарддаг тул түүнийг шимтэн хийлгэх хэрэггүй.

·         Хүүхдэдээ багаас нь үлгэр домог ярьж өгч, ардын аман зохиолоор  хүмүүжүүлэх, насанд нь зохицсон ном уншиж өгч, зураг дээр ярилцаж байх. Хялбар оньсого, таавар хэлж өгөх, цээжлүүлэх.

·         Эргэн тойронд нь байгаа амьтан, ургамал, эд зүйлсийг нэрлүүлэх, онцлогийг нь таниулах, шинж чанараар нь ялгуулах.

·         Өөрийнх нь тоглоомоор дамжуулж өнгө, хэлбэр дүрстэй танилцуулах.

·         Хүүхэдтэйгээ чөлөөтэй ярьж, хэл яриаг нь хөгжүүлэх  (таг дуугарахгүй хүүхэд сургуульд орж ирдэг). Зураг дээр ярилцаж, тоо ширхэг, хэмжээ, өнгө зэрэг наад захын зүйлсийг ялгуулж хэлүүлэх, зохиож яриулах.

·         Мөн монгол ёс заншлаас өөрсдийнх нь хэмжээнд зааж сургасан байх

Эцэст нь хэлэхэд

Зөв уншуулж, бичүүлж сургана гэдэг нь маш нарийн, чимхлүүр ажил юм. Иймд буруу сурснаас анхнаасаа уншуулахгүй сургуульд оруулбал хялбар байна. Гэхдээ сургуульд орохоос өмнө уншуулж, бичүүлж сургахыг огт үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед гадуур энэ чиглэлийн сургалт олон болжээ. Ийм сургалтад голдуу мэргэжлийн багш нар заадаг тул багшид бэрхшээл бага учирна. Гэхдээ дээрх зөрчлүүд арилна гэсэн үг биш. Анхны үсэг заасан багшдаа хүүхэд дассан байдаг. Мөн багш бүр өөрийн онцлог арга барилтай байдаг тул хүүхдийн сурах арга барил нэгдүгээр ангийн багшаас нь өөрөөр төлөвшиж болно. Иймээс надад ингэж заагаагүй, багш буруу зааж байна гэж үзээд сургуулийнхаа багштай зөрчилдөж мэднэ. Ер нь бага насны хүүхдэд анхны багш нь илүү сэтгэгдэл үлдээдэг тал бий. Үүнээс болж багшийг голох хандлага ч гарч магадгүй. Хүүхэд багшаа хүндлэхгүй бол цаашид түүнээс эрдэм ном сурах сэдэл үүсэхэд төвөгтэй. Иймд хүүхдээ  сургуульд орохын өмнөх бэлтгэлийг эцэг эхчүүд зөвөөр ухаарч, сургуулийн бэлтгэл болсон наад захын дадал, чадварт л хүүхдээ сургахад анхаарна.

Н.Оюунцэцэг