
Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр
Сингапур улс Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрөө Зурагт харуулсан загварын дагуу боловсруулжээ. Сургалтын хөтөлбөр боловсруулах бүх концепц энэхүү загварт багтсан гэсэн үг.
Зураг. Сингапур улсын Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн загвар
Хөтөлбөрийг боловсруулахдаа Загварын голд байгаа үгсээс эхлэн үг, өгүүлбэр бүрийг маш тодорхой тайлбарлаж, холбогдох мэдээллийг зургаар тодруулж, энгийн үг хэллэг хэрэглэн ойлгомжтойгоор тодорхойлсон байна. Жишээ болгож, загварын голд буй “Хүүхдийн талаарх итгэл үнэмшил” болон "Сургуулийн өмнөх боловсролын гол үр дүн" гэсэн хэсгийг харуулъя [1].
Хүүхдийн талаарх итгэл үнэмшил
Хүүхдийн талаарх бидний итгэл үнэмшил нь Сингапур дахь нийгэм, соёлын онцлог нөхцөл байдлаас үүдэлтэй. Бидний амьдарч буй орчин нь манай нийгэм дэх хүүхдийн талаарх дүр төрх, ойлголтод нөлөөлдөг. Хүүхдийн талаарх итгэл үнэмшлээ илэрхийлж томьёолох нь хүүхэд гэж хэн болох, тэд юу хийх чадвартай, хэрхэн суралцдаг талаарх бидний ойлголтыг тодорхой болгоно. Эдгээр ойлголт нь эргээд ангид явагдах практик үйл ажиллагаа, харилцан үйлчлэлд нөлөөлж, хэлбэршдэг.
Бидний хүүхдийн талаарх итгэл үнэмшил дараах тодорхойлолтод тусгагдсан болно:
Хүүхэд бол хөгжилтэй, сониуч, идэвхтэй, чадварлаг суралцагч
Хүүхэд бол тоглоом, эрэл хайгуул, нээлтээр эргэн тойрныхоо ертөнцийн учрыг олох төрөлхийн хэрэгцээтэй, баяр хөөртэй суралцагц. Тэд зөвхөн ертөнцийг ажиглах бус өөртөө тулгарсан сорилтыг ч тоодоггүй. Тэд төрөлхийн эргэн тойрныхоо ертөнцийг сониучирхдаг. Тэд найз нөхөд, насанд хүрэгчдийнхээ хамт хүрээлэн буй орчноо судалж, мөн идэвхтэй ажиглаад яагаад ямар нэг зүйл болдог, юмс хэрхэн ажилладагийг олж мэддэг. Тэгэхээр хүүхэд бол чадварлаг суралцагч юм. Тэд зөв дэмжлэг, зөв орчин нөхцөлд бараг бүх зүйлийг сурч чаддаг.
Хүүхэд ялгаатай, олон соёлт нийгмийн бүлгүүдэд бусадтай тоглож, сурч, өсдөг
Хүүхдүүд бол нийгмийн эд эс бөгөөд тэдний өсөлт, хөгжилтийн гол цөм нь бусадтай эерэг, утга учиртай харилцаа тогтоодог болох юм. Сингапур нь янз бүрийн гарал үүсэл, хэрэгцээ, сонирхол бүхий олон янзын бүлэг, хүмүүсээс бүрддэг тул хүүхдэд гарал үүсэл, нас, чадвараас үл хамааран бусадтай хамт тоглож, сурч, өсч хөгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бусадтай халамжтай, хүндэтгэлтэй харилцсанаар тэд эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг харгалзан үзэх, бусдад анхаарал тавихад суралцдаг.
Сингапурын хүүхдүүд соёл, хэлээр баялаг нийгмийн том хүрээлэл (өөрөөр хэлбэл гэр бүл, сургуулиас гадуур)-тэй харилцдаг. Тэд угсаатны олон янз байдлыг тэмдэглэдэг орчинд дуртай, таатай байдаг бөгөөд нутгийн иргэдийн уламжлал, зан үйлд оролцож, өөр өөр соёлын талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Ингэснээр тэд олон янз байдал, өөр өөр соёлын өвийг үнэлж, хүндэтгэж сурдаг.
Тиймээс хүүхдийн талаарх бидний итгэл үнэмшил нь суралцах, хөгжих үйл явцад тэднийг төлөөлөгч нь, идэвхтэй оролцогч гэж үзэхэд хүргэсэн. Сингапур дахь бага насны хүүхдийн өөрчлөгдөж буй энэхүү бодит байдал, оролдлого чармайлтыг тусган авч, боломжийг нь ашиглан зориудаар төлөвлөж, хүүхдийн чадавхыг бүрэн дүүрэн хөгжүүлэхэд сургуулийн өмнөх боловсролын сурган хүмүүжүүлэгчдийг чиглүүлнэ.
Ингээд цааш нь загвар дотор буй дараагийн үг болох (ногоон суурин дээр бичсэн) “үнэт зүйл” хэмээх үгийг авч, ХҮНДЭТГЭЛ, ХАРИУЦЛАГА, ХАЛАМЖ, ҮНЭНЧ СЭТГЭЛ гэсэн үнэт зүйлийг нэгбүрчлэн тодорхойлж, тайлбарлажээ. Гэх мэтээр дээрх загварт буй бүх үг, өгүүлбэрийн хүрээнд сургалтын хөтөлбөр нь боловсруулагджээ. Үүнээс загварын зүүн гар талын хамгийн гадна талд буй хагас дугуй доторх “Сургуулийн өмнөх боловсролын үр дүн”-г хэрхэн тодорхойлсныг харъя.
Сургуулийн өмнөх боловсролын гол үр дүн
v Юу зөв, юу буруу болохыг мэддэг
v Бусадтай хуваалцаж, хамтдаа тоглож чаддаг
v Бусдыг халамжилж, хүндэлж чаддагаа харуулдаг
v Сониуч, судалж шинжилж чаддаг
v Өөрийн бодол санаа, мэдрэмжээ илэрхийлдэг
v Өөрийгөө эерэгээр харж, өөртөө сэтгэл ханамжтай байдаг
v Биеийн хөдөлгөөний зохицуулалт, эрүүл мэндийн дадал зуршлаа хөгжүүлсэн, урлагийг таашааж, түүгээр төрөл бүрийн туршлага хуримтлуулах дуртай
v Гэр бүл, найз нөхөд, багш нар, хамт олон дахь хүмүүсээ хайрладаг
Эдгээр үр дүнгээс Сингапур улс СӨБ-ын сургалтын хөтөлбөрөө хүүхдийг зөв, сайн хүн болгон төлөвшүүлэх, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад голлон төвлөрүүлсэн нь харагдана.
Сингапур улс 0-4 хүртэлх насны хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөрөө дээрхээс арай өөр загвараар Early Years Development Framework [2] нэртэйгээр хүүхдийн хөгжлийн 4 чиглэлээр, “CHILD” гэсэн зарчмын дагуу 4-5 насны хүүхдийн сургалтын хөтөлбөртэй залгамж холбоотойгоор боловсруулсан ажээ.
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
1. Nurturing Early Learners. A CURRICULUM FRAMEWORK FOR PRESCHOOL EDUCATION IN SINGAPORE (2022). Ministry of Education Republic of Singapore. Pdf
2. EARLY YEARS DEVELOPMENT FRAMEWORK (2023). Early Childhood Development Agency Republic of Singapore. рdf
Нүүр зураг:
Top 5 Things to Know About Preschool. Singapore
https://mulberrylearning.com/top-5-things-to-know-about-preschool-education-in-singapore/