Сургуулийн өмнөх боловсролын чанар гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ СӨБ-ын чанарыг хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс авч үзэж, үүнд Хамт олны чанар”, “Бүтцийн тогтолцооны чанар”, “Үйл явцын чанар”, “Үр дүнгийн чанар”-ыг хамруулан ойлгоно.

Сургуулийн өмнөх боловсролын чанарт Та юуг хамруулан ойлгох вэ?     

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Жишээлбэл, хүүхдийн авьяасыг нээж, олон дуу, шүлэг сургаж байвал; Хэл яриаг нь сайн хөгжүүлж, бусадтай эв дүйтэй сайхан харилцаж чаддаг болговол; Хүүхэд маань эрүүл чийрэг өсөн бойжиж, ээлтэй сайхан орчинд сурч хүмүүжих боломжтой бол, Хүүхдийг тал бүрээс нь хөгжүүлдэг бол гэх мэт. Эдгээр нь голдуу эцэг эх эсвэл багш нарын өөрийнхөө өнцгөөс харсан дүгнэлт юм. Гэтэл тухайн СӨБ-ын байгууллагын чанар ямар байгааг хүүхдийн талаас авч үзэх шаардлагатай ажээ. “Цэцэрлэгийн чанарын ойлголт нь хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс үүдэн гарна. Үүнийг халуун, хүйтнээс хамгаалах, хоол ундаар хангах, ариун цэвэр сахих, осол гэмтэлгүй байх гэсэн бие махбодын үндсэн хэрэгцээ, түүнчлэн ээнэгшихүй болон чадамж, бие даасан байдлаа мэдэрч буй сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ гэж ойлгоно” (Becker-Stoll, F. et.al. 2015).

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чанар нь олон талт (жишээлбэл, дээрх хариулт бүгд хамрагдана) ойлголт бөгөөд үүнд нэгдсэн тодорхойлолт өгөхөд хүндрэлтэй. Ямартай ч сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээ нь тухайн байгууллага нөөцөө оновчтой ашиглан хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийг өдөөж, дэмжсэн таатай орчинд хүүхдийн сэтгэл зүйн таатай сайхан байдал, бие махбодын үндсэн хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалж батжуулах, хөгжлийг бүх чиглэлээр дэмжих, ахиулах ажлаа үр дүнтэй хэрэгжүүлж байгаатай холбогдоно. Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээгээр боловсролын бодлого, зорилго ямар түвшинд хэрэгжиж байгааг тодорхойлно. Үүнийг өргөн хүрээгээр авч үзвэл тухайн СӨБ-ын байгууллага нийгэмд хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгааг тогтооно гэсэн үг. Нөгөөтэйгүүр чанар нь “хангалттай сайн байна” гээд зогсох бус байнга цаашаа сайжирч хөгжиж байх үйл явцын шинж чанартай.

Чанар юугаар илэрч харагддаг вэ? 

Улс орнууд сурган хүмүүжүүлэх ажлын чанарыг тогтоохдоо бүтцийн тогтолцооны чанар, үйл явцын чанар гэсэн хоёр тал (aspect)-аас нь голдуу авч үзсэн байдаг. 

Бүтцийн тогтолцооны чанар

Бүтцийн тогтолцооны чанар (structural quality)-т СӨБ-ын байгууллагын материаллаг орчин (барилга, өрөө тасалгаа, ангийн талбайн хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн), ажиллах хүчин (эрхлэгч, арга зүйч, багш, туслах багшийн тоо, мэргэшсэн байдал, мэргэжил дээшлүүлэлт, тогтвортой ажиллагаа, ажлын цаг, нэг багшид ногдох хүүхдийн тоо, эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа), сургалтын хөтөлбөр, санхүүжилт, бусдаас авсан дэмжлэг, үйлчилгээ зэргийг хамруулан авч үздэг.  

Үйл явцын чанар

Үйл явцын чанар (process quality) нь хүүхдийн хөгжлийг ахиулдаг гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүгээр хүүхдийн дунд явуулж буй хөгжүүлж төлөвшүүлэх ажил (хичээл болон хичээлээс бусад) хэрхэн явагдаж байгааг тусгаж авдаг. Багш-хүүхэд болон хүүхэд-хүүхэд хоорондын харилцаа, харилцан үйлчлэлийн чанар үүнд чухал байр эзэлнэ гэж үздэг.  Үүнд мөн хүүхдэд зориулсан үйл ажиллагааны сонголт, тэдгээрийг явуулж буй арга барил, түүн дотор багшийн мэдрэмж, хүүхдэд хандсан ойр дотно харилцаа гол үүрэгтэй. Сонгосон үйл ажиллагаа нь хүүхдийн суралцах, хөгжиж төлөвшихөд түлхэц үзүүлэхийн зэрэгцээ хөгжилд нь тохирсон байна. Үйл явцын чанарыг тогтооход ийнхүү хүүхдийн өдөр тутмын амьдралын хөдөлгөөнт (динамик) интерактив талд төвлөрдөг.  

Чанарыг илэрхийлдэг дээрх хоёр тал (хэмжээс)-аас гадна Тийтце (Tietze, W. 2008) чиглүүлэгийн  чанар (orientation quality)-ыг авч үзээд, байгууллага дахь өдөр тутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа ямар байх нь багш, ажилтнаас үндсэндээ шалтгаалдаг тул хувь хүн тус бүрийн хүүхдийн хүмүүжлийн талаарх үзэл бодол, итгэл үнэмшил, хүүхдийн боловсрол, хөгжлийн үйл явцыг хэрхэн дэмжих талаарх санаа бодол, чармайлт нэн чухал гэжээ. Тэрбээр мөн ХБНГУ-д сүүлд хийсэн “Бага насны хүүхдийн боловсрол, асаргаа, хүмүүжил” хэмээх үндэсний хэмжээний судалгаа (Tietze, W., et al. 2012)-ндаа чиглүүлэгийн чанарыг бүтцийн тогтолцооны чанартай нэгтгэн “бүтцийн тогтолцооны болон чиглүүлэгийн чанар” гэж нэрлэсэн байдаг.

​​Мөн зарим судлаач (Kalicki, B.; 2015, Nagel, B. 2019) үр дүнгийн чанар (quality of results)-ийг авч үзсэн байдаг. Үүгээр хүүхдийн чадвар, дадал, төлөвшилд үзүүлж буй сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг тодорхойлдог. Үүнийг хүүхдийн төрөл бүрийн чадамж (нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн чадамж, хэл ярианы чадамж гэх мэт)-аар тогтоодог. Гэхдээ зөвхөн чадамжийн үнэлгээ нь хангалттай бус учраас хүүхэд, сурган хүмүүжүүлэгчдийн таатай сайхан байдал, эцэг эхийн сэтгэл ханамжийг үүнд мөн авч үздэг. Тэгэхээр СӨБ-ын чанарыг тогтооход бүтцийн тогтолцооны чанар, үйл явцын чанар, чиглүүлэгийн чанар, үр дүнгийн чанар гэсэн чанарын талуудыг бүгдийг авч үзэх шаардлагатай.

 

Н.Норжхорлоо

 

Ашигласан материал

  1. Becker-Stoll, Fabiene; et al. (2015): Handbuch Kinderkrippe. So gelingt Qualitaet in der Tageseinrichtung. 2. Auflage. Verlag Herder. S.18
  2. Tietze, Wolfgang. (2008): Qualitaetssicherung im Elementarbereich. Qualitaetssicherung im Bildungswesen. Beltz Verlag. Zeitschrift fuer Paedagogik. 53.Beiheft. S.18.
  3. Kalicki, Bernhard. (2015): Paedagogische Qualitaet und Qualitaetssteuerung: Konzepte und Strategien. https://www. esearchgate.net/publication/337055261_Padagogische_Qualitat_und_ Qualitatssteuerung_Konzepte_und_Strategien
  4. Nagel, Bernhard. (2019): Entwicklungsbegleitende Beobachtung. Grundlage fuer eine Individualisierung fruehkindlicher Bildung. Ulaanbaatar