Хүүхдээ гэр орны ажилд туслалцуулах

Хөдөөний хүүхдүүд тэнтэр тунтар алхдаг болмогц л аргал түлш цуглуулах, ишиг хурга тавих, мал эргүүлэх зэргээр аав ээжийгээ даган дуурайж ойр зуурын ажилд оролцон өтөг бууцан дундаа хүн болдог билээ. Харин төв суурин газрын хүүхдүүд, ялангуяа орон сууцанд амьдардаг айлын хүүхдүүд гэр орны ажилд оролцохдоо тааруухан, хийгээд байх ажил ч багатай байдаг. Иймд төв суурин газрын хүүхдүүд гэр орны ажилд хэрхэн оролцох талаар энд авч үзлээ.

Гэр орны ажилд оролцуулахын ач тус

Бага насныхны хувьд хийж буй үйлдлийнх нь үр дүн бус, үйл явц нь өөрөө чухал байдаг. Гар хурууных нь хөдөлгөөний эв дүй сайжирна, тэд шинэ зүйлстэй танилцана, ажил үйлийг дуурайн хийж түүндээ сэтгэл ханамжтай байна. Гэр бүлийн гишүүд, түүн дотор хүүхэд гэртээ бага ч болов өөртөө тохирсон ажлыг хариуцан гүйцэтгэх нь юуны өмнө гэр бүлийнхний нэгдэл нягтралыг бэхжүүлдэг.

Хүүхэд гэр орныхоо ажилд оролцсоноор тэдний төлөвшилд нааштай нөлөө үзүүлнэ. Тухайлбал:

·         Багаасаа хариуцлага хүлээж сурна.

·         Хийж гүйцэтгэсэн ажил нь бусдад хамааралтай байх тул бусдад анхаарал, халамж тавьдаг болно.

·         Тодорхой ажил үйл гүйцэтгэснээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.

·         Тогтмол цагт, тодорхой ажил үүрэг биелүүлснээр хувийн сахилга баттай болоход нөлөөлнө.   

Үүнээс гадна гэрийнхээ ажилд оролцсоноор хүүхэд дараах чадвартай болно.

·         Тодорхой ажил үйл гүйцэтгэж чаддаг болно. (Аяга угаах, ногоо хальслах, тоос соруулах, цэцэг арчлах, юм худалдаж авах гэх мэт)

·         Өөрийгөө удирдана. (Хэдийгээр дургүй байсан ч би үүнийг хийх ёстой гэж)

·         Өөрийнхөө цаг зав, боломжийг мэдэрч зохицуулна. 

Бага байхаас нь эхлэх

Бага насныхан гэр орны ажлыг дуурайн хийх, оролдох, оролцохдоо дуртай байдаг. Бүүр хоёр настнууд ч гэр орны ажилд оролцохыг зөвшөөрвөл түүндээ нэн сэтгэл ханамжтай, дуртай байх болно. Тэдний гэр орны ажилд оруулах хувь нэмэр гэж ч юу байхав, гэхдээ л тэдний эрмэлзлийг хүндэтгэн өдөөж байх нь чухал. Иймд тэрхүү хүсэл эрмэлзэл, сонирхол дээр нь дөрөөлөн аль болох багаас нь хүүхдийг гэр орны ажилд оролцуулж эхлэх бөгөөд алхам алхмаар түүнийг нь өргөжүүлнэ. Түүнээс биш юу ч хийлгэхгүй, оролцуулахгүй байлгасаар байгаад том болоод ирэхээр үүнийг хий, түүнд тусал гэвэл тэдэнд ямар ч дур сонирхолгүй байх бөгөөд эсэргүүцэл илэрхийлж ч магадгүй. Нэгэнт ийм байдалд сурчихсан хүүхдэд гар хөлийн үзүүрээр хийчихээр ажлуудыг ч гэсэн эргээд хийж сургахад хэцүү байх болно. Ер нь монголчууд хүүхдийг багаас нь гэр орны элдэв ажилд дагуулан сургадаг уламжлалтай ард түмэн.

Юу хийлгэх вэ?

·         Хүүхдийн хийх ажлууд байнга давтан хийгддэг бол тэд тухайн үйлдээ амархан дасна.  Жишээлбэл:

·         Тоглож дуусаад тоглоомоо хураах. Эхний үед хүүхэдтэйгээ хамтран хурааж, тэгээд дадаад ирэхээр хүүхэд ганцаараа хурааж болох юм.

·         Хооллохын өмнө болон дараа аяга, таваг зөөж өгөх, угаахад туслах. Олноор нь биш ганц нэгээр нь зөөнө.

·         Хаягдал зүйлсийг хогийн сав руу хийх.

·         Хувцаснуудаа шүүгээнд хийх, эмхэлж тавих.

·         Цэцэг ургамал арчлах. Тасалгааны цэцгийг бол тодорхой хугацаанд услах. Мөн гадаа орчиндоо хавар цэцэг тариад зунжингаа арчилж хамгаалахад оролцож болох. Өөрт тохирсон жижигхэн хүрз, малтуур, цэцэг услагч авч өгвөл тэд баярлаж, дуртай ажиллах болно.

·         Гэртээ амьтан (загас, туулай, нохой гэх мэт)-тай бол түүнийг хооллох.

·         Өөрөө өрөө тасалгаатай бол эд зүйлсээ эмхлэх, хураах гэх мэт.

Хүүхдэдээ хэрхэн  нөлөөлөх вэ?

Урдуур нь орохгүй байх.  Ээж нар хурдан гүйцэлдүүлэх үүднээс гэр орныхоо ажлыг өөрөө хийх нь элбэг. Гэрийн ажил бол байнга давтан хийгддэг болохоор түүндээ заримдаа бухимдана, сэтгэл дундуур байна. Тэгэхэээр гэр бүлийн гишүүдэд, хүүхдүүддээ хийж чадах ажлыг нь оноож гүйцэтгүүлж байвал хэн хэндээ тустай.

Тэвчээртэй байх. Хүүхдээ гэрийн ажилд оролцдог болгоход эцэг эхээс ихээхэн тэсвэр тэвчээр шаардана. Хэвштэл нь байнга сануулна, тусална, заримдаа хамтарч хийнэ. Тааруухан гүйцэлдүүлсэн ажлыг нь үглэж, засан сайжруулаад байхгүйгээр сайн хийж суртал нь хүлээнэ.

Ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.  Жишээлбэл, хүүхдээ тоглоомоо хураадаг болгоход тавиур нь хүүхдийн өндөрт тохирсон байх, жижиг зүйлсийг хийх сав бэлэн байх хэрэгтэй болно. Хүүхдэд дэм болох үүднээс аль тавиурт юу байх, жижиг тоглоомууд ямар саванд орохыг заасан зурагтай тэмдэглэгээнүүд хийж өгч болох юм. Зөөлөн тоглоомуудыг сагсанд хийж тавивал илүү аятайхан харагдаж магадгүй. Жижиг сажиг зүйлсийг эмхэлж хямгадахад гутлын картонон хайрцгууд тохиромжтой.

Урам өгөх. Үүрэг даалгавраа бие даан биелүүлсэн, мөн санаачилгатай сайн хийсэн тохиолдолд “Миний хүү том л болж байна даа”, “Миний охин ажилтай шүү” гэх мэтээр урамшуулж магтана. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэлж, би бусдад хэрэгтэй зүйл хийсэн гэдэгтээ бахархалтай байх болно. Харин мөнгөөр урамшуулсны хэрэггүй.

Ажлын хуваарилалт хийх.  “Хэн юу хийх вэ?” гэсэн асуудлыг шийдэхэд хүүхдийг оролцуулна. Эхлээд хийх ёстой ажлуудаа жагсаана. Ямар ажлыг нь хүүхэд хийж болох дээр тохирно. Бага зэргийн бэрхшээлийг давж байж гүйцэлдүүлэх ажил байвал тэд хийснийхээ дараа сэтгэл хангалуун байх болно. Ажлын хуваарилалт хийхдээ тоглох, сургуулийн хүүхэд бол гэрийн даалгавраа хийх, спортоор хичээллэх зэргийг тооцно. Ер нь хүүхэд залхахаас сэргийлж, их цаг хугацаа шаардагдах ажлыг хүүхдээр хийлгэхгүй байвал зохино. Зарим үүрэгт ажлыг хэсэг хугацааны дараа хүүхдүүд сольж хийх нь аль ч ажлыг хийж сурахад тустай.

Н.Оюунхорол