Шагайн дасгал, тоглоом

Монгол үндэсний наадмын нэг бол нүүдэлчдийн үе үеийн амьдрал, ахуйд зохицон тоглох арга, агуулга, хэлбэрийн хувьд төгс боловсорсон, соёлын чухал өв шагайн наадам билээ. Монгол айл бүрт шагай байдаг. Уламжлагдаж ирсэн олон шагайн наадмыг бид мэднэ. Гэхдээ хүүхдүүд шагайгаар цагаан сараар л тоглодог гэж ойлгодог. Бид хүүхдэд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн зарим чадварыг эзэмшүүлэхэд шагайг ашиглан дасгал, тоглоом зохиож, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ.  Хүүхдүүд ч шагайн наадмаар тоглох дуртай. Хэрэглэгдэхүүний маань гол түүхий эд шагай бөгөөд бидэнд ямар ч үнэ өртөггүй олддог зүйл. Та бүхэндээ “Шагайн дасгал, тоглоом”–ын  цувралаа танилцуулж байна.

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 1

НЭРЛЭЭД ТООЛЪЁ

Зорилго:

  1. Шагайн буултыг таньж, зурагт нь оноон байрлууулна.
  2. 5-ын дотор шагайг  оноож тоолно.
  3. 1-ээс 5-ын цифрийг таньж хэрэглэнэ.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай        
  2.  Модон хайрцаг    
  3. Сагс
  4. Хүснэгт буюу суурь
  5. Тоо

 

 

Аргачлал:

  1. 2-3 хүүхэд тоглоно.
  2. Хэрэглэгдэхүүнийг  ширээн  дээр  тавьж  тоглоно.
  3. Тоглоомыг өгсөн дохионы дагуу зэрэг эхэлнэ.
  4. Хүүхэд бүр нэг орхихдоо сагснаас 5 шагай авч, 2 гарынхаа алган дээр тавиад, хайрцаг  дотор орхино.
  5. Хэдэн морь, хонь, ямаа, тэмээ  буусныг тоолж, тохирох зургийн доор цувуулан байрлуулна.
  6. Тэгээд аль нэг нь 5 болсон тохиолдолд  шагай орхихоо зогсоогоод 5-ын цифрийг сонгож, хамгийн доод талын эгнээнд байрлуулна. Жишээлбэл: Тэмээ 5 болохоор доод талд нь 5-ын цифр байрлуулна.
  7. Хүснэгтэн дээр морь, хонь, ямаа тус бүр хэд байрлуулсныг тоолж, тохирох цифрийг хүснэгтийн доод талд байгаа асуултын тэмдэг дээр байрлуулна.
  8. Түрүүлж багана бүрт тохирох цифрийг байрлуулсан хүүхэд хожно.

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 2

                                                     ШАГАЙ ТААЛЦАХ

Зорилго:

  1. Шагайг баримжаалан  таана.
  2. 10-ын доторх цифрийг танина.
  3. 10-ын дотор нэмж бодно.
  4. Тоглоомоо  буцааж, байранд нь хураана.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай          
  2. Тагтай хайрцаг      
  3. Сагс 
  4. 1-ээс 10-ын цифр

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг  дэвсгэр   дээр  тавьж  тоглож болно.
  2. 2 хүүхэд хамт тоглоно.
  3. Хүүхэд бүрт 10,10-н шагай байна.
  4. Хэн эхэлж асуулт тавихаа хуруудаж шийдэж болно.
  5. Хүүхэд бүр бие биедээ мэдэгдэхгүйгээр хайрцаг дотор дурын тооны шагай атгаж хийгээд таглаж тавина.
  6. Тоглоом эхлүүлэх хүүхэд “Бид 2-ын шагай нийлээд хэд байна вэ?” гэж асууна.
  7. Нөгөө хүүхэд нь өөрийнхөө хайрцагт хийсэн  шагайн дээр найзынхаа шагайг тааж нэмээд дүн тоог хэлнэ. Тоог хэлэхдээ тооныхоо цифрийг өргөнө.
  8. Хайрцгуудыг нээж, шагайг нийлүүлж тоолоход тааж хэлсэн тоотой нь таарвал шагайнуудыг авна.
  9. Асуултыг ээлжлэн тавина.
  10. Бүх шагайг тааж авсан хүүхэд хожино.
  11. Тоглож дуусаад тоглоомоо хураана.

ШАГАЙН ДАСГАЛ ТОГЛООМ 3

                                          СОРОНЗТОЙ  ШАГАЙ

Зорилго:

  1. Дүрс зургийг хараад, шагайгаар түүнтэй адил зүйл бүтээнэ (зурна).
  2. Тухайн зүйл юу болох, хэдэн шагайнаас бүтсэнийг тоолж хэлнэ.
  3. Хийж бүтээсэн зүйлдээ баярлана.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Соронзтой шагай   
  2. Модон хайрцаг 
  3. Соронзон самбар
  4. Дүрс зураг

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг  ширээн  дээр тавьж тоглоно.
  2. Хүүхэд дүрс зургаас юу бүтээхээ сонгоно.
  3. Шагайны соронзон  наалттай хэсгийг самбар руу харуулан тавьж, дүрс зурагтай адил зүйл бүтээнэ.
  4. Хийсэн зүйлээ багш, найзууддаа  харуулна.
  5. Тухайн зүйл хэдэн шагайнаас бүтсэнийг тоолж хэлнэ.
  6. Тоглож дуусаад хэрэглэгдэхүүнээ байранд нь хураана.

 

Хувилбар:

  1. Өөрийнхөө дуртай зүйлийг бүтээж болно. Жишээлбэл: тоо, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс, машин  гэх мэт.

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 4

                                     ДАРААЛУУЛЪЯ

Зорилго:

  1. 5 ширхэг шагайг томоос нь жижиг рүү дараалуулна.
  2. Мөн жижгээс нь том руу дараалуулж тавина.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай  (том, жижиг\)       
  2. Сагс

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг  ширээн дээр эсвэл дэвсгэр дээр тавьж тоглоно.
  2. Шагайг сагснаас гарган ажиглана.
  3. Харьцуулж, барьж  үзнэ.
  4. Эхлээд хамгийн том, арай жижиг, дунд зэрэг, жижиг, хамгийн жижиг гэж цувуулж байрлуулна.
  5. Морь, тэмээ, ямаа болон хонь болгон өндрөөс нь нам руу байрлуулан  нэрлэн хэлнэ.
  6. Мөн хамгийн жижгээс нь хамгийн том руу байрлуулна.
  7. Тоглож  дуусаад  хэрэглэгдэхүүнээ байранд нь тавина.

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 5

                                                     ЛОНХТОЙ ШАГАЙ

Зорилго:

  1. Шагайг тэгш ба сондгойгоор байрлуулна.
  2. Хэлхсэн шагайг  хэдэн төө, мухар сөөм, сөөм болохыг хэмжиж хэлнэ.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай  (хэлхсэн)
  2.  Лонх

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг  дэвсгэр  эсвэл  ширээн  дээр  тавьж  тоглоно.
  2. Лонхны  бөглөөг онгойлгож,  утсанд  хэлхсэн  шагайг  гүйцэд  гаргана.
  3. Шагайг 1,1-ээр нь тоолно.
  4. Тэгш, сондгойгоор нь хувааж  байрлуулна.
  5. Ардын хэмжүүр ашиглан, шагайг хэмжинэ. Жишээлбэл: 5 мухар сөөм, 1 төө, 2 сөөм байна гэх мэт.

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 6

                          ХЭДЭН ШАГАЙ БАЙНА ВЭ?

Зорилго:

  1. Шагайг тоолоод тохирох цифртэй  холбоно.
  2. 10 дотор шагайг  оноон тоолж, дүн тоог хэлнэ.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай 
  2. Модон цифр    
  3. Сагс
  4. Бүдүүвч зураг

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг ширээн  дээр  тавьж тоглоно.
  2. Баруун  гар  талын дүрсэн дээр шагайг хэд хэдээр нь хувааж тавина.
  3. Хэсэг тус бүрийн шагайг  тоолж,  тохирох цифрийг зураасны дагуу зүүн  талын  дөрвөлжин нүдэнд байрлуулна.
  4. Багшдаа  эсвэл найздаа үзүүлж, хянуулна.
  5. Тоглож дуусаад  тоглоомоо  байранд  нь тавина.

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 7

ШАГАЙГААР  ХӨГЖИМДӨЕ

Зорилго:

  1. Хэмнэлийг мэдэрч, ганцаараа болон хамтаараа хөгжимдөн тоглоно.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай (хэлхсэн) 
  2. Сагс 

 

 

Аргачлал:

  1. Хүүхдүүд  сандал  дээр  сууж  эсвэл  зогсож  тоглоно.
  2. Хэлхсэн 2 шагайгаа нэг нэгээр нь гарын алган дээр тавьж,  хооронд нь харшуулан цохиж хэмнэл үүсгэн тоглоно.  
  3. Том Том  Жи-жиг том....      Жи-жиг том том том жи-жиг....
  4. Тоглож дуусаад байранд нь тавина.

 

 

Үргэлжлэл бий.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар

цэцэрлэгийн эрхлэгч  С.Бадамчимэг