Хүүхдийг цэцэрлэгт дасгах аргууд

Хичээлийн жилийн анхны өдрүүдэд цэцэрлэгийн ангиудад хүүхэд уйлах, нулимсаа дуслуулан шуухитнах нь элбэг. Хүүхдийн гэр бүлээсээ цэцэрлэгт шилжих шилжилт тэдэнд ээлтэй явагдах нь тэдний цаашдын амьдралын нугацаа, шилжилтүүдэд эерэгээр нөлөөлдөг. Үүнтэй холбогдуулан өмнөх нийтлэлээ шинэчлэн тавилаа.

Манай багш нарын туршлага

9 дүгээр сарын 1-нд нийслэлийн 101 дүгээр цэцэрлэгийн Ч.Төгөлдөр (эрэгтэй) багшийн ангиар ороход анх цэцэрлэгт орж байсан 2 настнууд бүгдээрээ гэртээ байгаа юм шиг л тайван амгалан тоглоцгоож байж билээ. Багш ямар арга хэрэглэснийг сонирхоё.

Ч.Төгөлдөр багш шинээр цэцэрлэгт элсэн орж буй 2 настнуудынхаа эцэг эхтэй хичээлийн жил эхлэхээс өмнө уулзаж, “2 настнуудын хувьд сайдын тушаалаар авдаг хичээлийн хэрэглэл нэг их хэрэглэгдээд байдаггүй, түүнийг бид өөрсдөө зохицуулъя. Харин тэдэнд эрэлт хэрэгцээнд нь нийцсэн таатай тоглоомын орчин чухал учраас цөмөөрөө хичээлийн хэрэглэл авах мөнгөөрөө тоглоом авч ангиа тохижуулъя” гэж ярилцжээ. Эцэг эхчүүд ч дуртайяа зөвшөөрч, ангидаа хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн гулсуураас эхлэн “унаад давхидаг машин” болон бусад сонирхолтой тоглоом авсан бөгөөд багш 9 сарын 1-ний өдөр хүүхдүүдээ ангидаа аав ээжтэй нь оруулаад хамт тоглуулчихсан. Энэ тохиолдолд аав ээж нь хажууд байгаа учраас хүүхдүүд шинэ орчинд уйлаан шуугиангүй, айж эмээхгүйгээр тоглоцгоож байсан нь тэр.

Мөн Дундговь аймгийн 3 дугаар цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа хүүхдийг цэцэрлэгт дасгах үед тэдэнд гэрээсээ хайртай хүүхэлдэй, тоглоомоо авч ирэхийг зөвшөөрдөг, уйлдаг хүүхдэд ээж аавтай нь хамтран  дотор нь ороод ганцаараа тоглодог байшин хийж өгсөн гэх мэт арга туршлагууд манай цэцэрлэгийн багш нарт бий.

Яагаад хүүхэд анх цэцэрлэгт орохдоо уйлдаг вэ?

Хүүхэд бүр цэцэрлэгт анх явахдаа уйлдаггүй. Зарим нөхдүүд ямар ч төвөггүй, бусадтай тоглож наадаад явчихдаг. Гэтэл зарим нь нэг хоёр, бас олон хоногоор уйлсаар байдаг. Ийм байдал ээж аавыгаа ч багагүй хямрааж орхидог.

Хүүхэд төрөхөөсөө эхлэн гэр бүлийнхэн, ялангуяа ээжтэйгээ маш ойр дотно ээнигшин дасаж, сэтгэлийн нандин холбоотой болсон байдаг. Гэтэл хүүхэд цэцэрлэгт өөр орчин, өөр хүмүүсийн дунд оронгуут сэтгэлийн тэрхүү нандин холбоо тасарч, хайр, хамгаалагдсан байдлаа алдаж, айдас хүйдэсд автдаг. Ингээд тэд барьц алдахдаа мэддэг “сайн аргаа” хэрэглэн уйлж эхэлдэг байна. Иймд багш, туслах багш нарын хувьд хамгийн гол анхаарах зүйл бол юуны өмнө хүүхэд бүрд “энэ багш”, “энэ туслах багш” миний ээжийн адил намайг хайрлаж, хамгаалдаг, миний ойр дотны хүн юм байна гэсэн мэдрэмж төрүүлж, хүүхдийн итгэлийг авах явдал юм.

Эцэг эхийн анзаарах зарим зүйл

Хүүхэд тань анх удаа цэцэрлэгт явах гэж байгаа бол та өөрийгөө болон хүүхдээ дараах байдлаар бэлтгэж болно.

  1. “Баяртай” гэж хэлэхгүйгээр хэзээ ч бүү яваарай. Хүүхэд тоглож байхад, анхаарал сарнисан үед нь шууд нуугдан гараад явчихдхг тохиолдол байдаг. Хүүхэд таныг алга болсныг анзаарсан үедээ өөртөө болон танд итгэлгүй болно. Харин түүнд хэзээ буцаж ирэхээ (үдийн хоолны өмнө..) хэлээд явбал хүүхэд өөрийгөө чиглүүлж чадна.

 

  1. Цэцэрлэгийн тухай ярилцах,  очих үзэх. Цэцэрлэгт хэн, юу хийдэг, хүүхдүүд хэрхэн тоглож нааддаг гэх мэтээр зураг, ном, кино үзэж ярилцах, болж өгвөл цэцэрлэгээр орж үзвэл бүр сайн. Наад зах нь цэцэрлэгийн гадаа талбайн тоглоом дээр хүүхдээ бусадтай тоглуулж болох юм. Цэцэрлэгийн талаар хүүхэд хэдий чинээ сайн мэдэх тусам, хүүхэд тань танаас салахад хялбар байх болно.

 

  1. Эерэг байж, сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөх. Зарим хүүхэд шинэ нөхцөл байдалд хурдан дасдаг бол зарим нь илүү цаг хугацаа шаарддаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Хүүхэд тань цэцэрлэгт дасахгүй уйлаад байвал та өөрөө стрессдэж, түүнийгээ хүүхдэд мэдрүүлбэл түүнд дарамт учруулна уу гэхээс биш тус болохгүй. Тайван, тэвчээртэй, эерэг байх нь амжилтад хүрэх гол арга зам.

 

 

Хүүхэд тань ангидаа үлдэхгүй гээд байвал яах вэ?

Хүүхэд тань цэцэрлэгт үлдэхдээ дургүйцэх, уйлах тохиолдолд та “За өнөөдөр ч бүтэхгүйнэ дээ” гээд буцаж шантраад байвал цаашдаа улам их бэрхшээлтэй тулгарах болно. Иймд тууштай байж, дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.     

  1. Удахгүй байх. Хүүхдийг ангид нь орхихдоо удаад байвал илүү их нулимс дуслах болно. Иймд хүүхдэдээ хувцсаа тайлах, солиход туслаад, аль болох түргэн хүүхдээ орхиорой.

 

  1. Тэврэх, үнсэх. Чангахан тэврээд үнсэх нь хүүхдэд хайртайгаа мэдрүүлэхээс гадна орхиод явах нь хэвийн үйл явц гэж хүлээж авахад тустай.

 

  1. Буцаж ирээд авна гэдгээ ойлгуулах. Ээж эсвэл аав маань буцаж ирээд намайг цэцэрлэгээс авна гэдгийг хүүхэд баттай ойлгосон байх шаардлагатай. Жишээлбэл, цагийн зүүнүүд хаана очиход буцаж ирж авахаа харуулж болох юм.

 

  1. Өөрөө тайван байх. Хүүхдийнхээ адил хямарч сандраад байвал сэтгэл санааг нь улам л  тавгүйтүүлнэ. Иймд та өөрөө тайван амгалан, болж өгвөл инээж, баяр баясгалантай байхыг хичээгээрэй. Энэ тохиолдолд хүүхэд шинэ орчныг илүү итгэлтэйгээр мэдэрч хүлээж авна.   

 

  1. Долоо хоногийн өдрүүдийг тоолох. “5 өдөр цэцэрлэгт яваад, 2 хоног гэртээ амрана.” гээд тоолох. Мөн хамтдаа тэмдэглэл хөтөлсөн ч болно.

 

  1. Багшийн дэмжлэг авах. Хүүхэд ээж ааваасаа салахгүй зууралдаад байвал багш түүнийг тэвэрч авах, анхаарлыг нь өөр зүйлд хандуулах зэргээр дэмжлэг үзүүлнэ. Зурагтай ном, тоглоом харуулах гэх мэт.

 

  1. Ааваар нь цэцэрлэгт хүргүүлэх. Зарим хүүхэд ээжийгээ цэцэрлэгт хүргэхэд уйлж үлддэг мөртлөө аавыгаа хүргэхэд уйлдаггүй тохиолдол бий.

 

Шилжилт яагаад чухал вэ?

Амьдралын эгзэгтэй үйл явдал болох шилжилт нь хүүхэд бүрийн хөгжилд сөргөөр эсвэл эерэгээр нөлөөлдөг. Амьдралын шинэ нөхцөл байдалд дасан зохицож чадахгүй бол стресс үүсдэг. Хүүхдийн хувьд гол шилжилтүүд бол ясли-цэцэрлэг, сургуульд орох, мөн ерөнхий боловсролын сургуулиас цааш өөр сургуульд орох, түүнчлэн өсвөр насанд шилжих зэрэг юм. Цаашилбал, эцэг эх нь салах тохиолдолд хүүхэд бас нэг шилжилттэй тулгарч болох юм. Хүүхдийн амьдралын явцад тохиолдох анхны шилжилт буюу гэр бүлээс цэцэрлэгт шилжих шилжилтийг стрессгүй, зугуй, ээлтэйгээр зохион байгуулах нь цаашдынх шилжилтүүдийг даван гарахад эерэгээр нөлөөлдөг ажээ.

  Гадны туршлага

Берлиний загвар [1] нь цэцэрлэг, яслид хүүхдийг дасгахдаа хэд хэдэн үе шатаар авч үздэг. Үе шат бүр ямар хугацаагаар үргэлжлэх нь хүүхдийн наснаас хамаардаг. Гурваас доош насны хүүхдэд нэлээд урт хугацаа шаардагдах бөгөөд нийтдээ хоёроос гурван долоо хоног үргэлжилж байж хүүхэд бүрэн дасдаг ажээ. Энэ загвар нь дараах үе шаттай.

  1. Үндсэн үе. Эхний 3 өдөр ээж аавын нэг нь эсвэл хоёулаа хүүхэдтэйгээ цэцэрлэгийн ангид хамт байж, хүүхдээ болон ангид болж буй үйл явцыг ажиглана. Хүүхдийн цэцэрлэгт байх хугацааг өдөр тутам уртасгана. Жишээлбэл, эхний өдөр ээж аав хүүхэдтэйгээ цэцэрлэгт 2 цаг байж байгаад авч явсан бол дараагийн өдөр нь хагас өдрөөр байх. Энэ үе шатанд багш хүүхдийг өдрөөс өдөрт илүү асарч хамгаалах бөгөөд эцэг эх оролцоогоо багасна.

 

  1. Тогтворжуулах үе.  Энэ үе шат нь ойролцоогоор дөрвөөс  арав дахь өдрүүдэд үргэлжилнэ. Энэ үед хүүхдийн эцэг эхгүйгээр ганцаараа цэцэрлэгт байх хугацаа нь уртасна. Гэхдээ ээж аавын аль нэг нь ойрхон, шаардлагатай үед орж ирэхэд бэлэн байна.

 

  1. Төгсгөлийн үе. Хүүхэд цэцэрлэгтээ ганцаараа үлдэнэ. Гэхдээ ээж аав нь шаардлагатай үед ирэхэд бэлэн байна. 

 

 

Ийнхүү ажилласнаар хүүхэд багшдаа амархан дасдаг бөгөөд хүүхдэд илүү ээлтэй, уян хатан, зугуйхан шилжилт болдог байна. Энэхүү загварыг анх яслийн хүүхдэд зориулан бий болгосон боловч цэцэрлэгийн практикт мөн ашигладаг ажээ. Иймд энэ туршлагыг туршаад, хэрэглээд үзэж бас болох юм. 

 

Н.Норжхорлоо

 

Нүүр зураг: https://www.herder.de/kizz/hefte/archiv/2014/5-2014/hat-mein-kind-sich-g...

Фото: https://www.welt.de/gesundheit/psychologie/article167975211/So-klappt-es-mit-der-Eingewoehnung-in-der-Kita.html

 Эх сурвалж:

https://www.vaterfreuden.de/vaterschaft/kleinkind-1-5-jahre/wenn-das-kin...