"Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл санаа

Бид өмнө нь вэбсайтдаа Фриедрих Фребел, Мариа Монтессори, Вальдорф, Рижжио, Сэлестан Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх онол, үзэл санаанаас орчуулан нийтэлсэн.  Эдгээрээс цэцэрлэгийн багш, удирдлагууд хүүхдийг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэх талаар байгууллагынхаа үзэл баримтлалыг боловсруулахад санаа авах төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага балчир насныхан гэгч хэн болох, тэдэнд хэрхэн хандах, тэдэнтэй яаж харилцаж, ажиллах ёстой вэ гэдэгт тулгуур ойлголт авах боломжтой. Эдгээрийн үргэлжлэл болгон ХБНГУ-д 1970-аад оноос зарим холбооны улсын цэцэрлэгүүдийн баримтлан ажиллаж ирсэн “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл санааг танилцуулж байна. 

   Дүрэм журмын оронд ерөнхий хүрээ

Цэцэрлэг харахаас л өөр өөрөөр ажиллаж байгаа нь анзаарагдвал тэд нөхцөл байдалд тургуурлан ажиллах үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байгаа болно. Яагаад ийнхүү бие биеээс ялгаатайгаар ажиллах боломжтой вэ гэвэл тухайн цэцэрлэг тогтоосон дүрэм журмаар биш, харин  багш нар нь тухайн үеийн нөхцөл байдлыг цэгнэн үзэж, түүнийгээ харгалзан үйл ажиллагаагаа явуулдагт оршино. Тухайлбал, нүүдэллэн ирж суурьшиж буй (гадаадаас цагаачид олон ирдэг) орон нутагт амьдарч буй хүүхэд тус бүрийн болон гэр бүлийнх нь амьдралын нөхцөл байдал, тэдний эрэлт хэрэгцээ, үүсгэн байгуулагч нь юуг үнэт зүйлс хэмээн чухалчлан үздэг, байгууллагын өрөө тасалгаануудын бодит боломж гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзан үздэг. Янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүс цугларан суурьшсан, ажилгүйдэл ихтэй зэрэг нийгмийн асуудал нь буцалж буй аль нэг том хотын цэцэрлэгийн сургалтын ажилд тавигдах шаардлага нь хотын шинээр байгуулагдсан дүүрэгт боловсрол өндөртэй гэр бүлүүдийн хүүхэд явдаг цэцэрлэг эсвэл хөдөөгийн цэцэрлэгийнхээс эрс ялгаатай байх нь мэдээж. Энэ нь нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барьж, тодорхой зорилго (бие даасан байдал, эв нэгдэл, чадавх), тодорхой арга (нээлттэй төлөвлөлт, холимог бүлэг, гадагшаа болон дотогшоо нээлттэй байх, оролцоо)-ыг тусгасан сурган хүмүүжүүлэх ерөнхий хүрээнд ажилласнаар хэрэгжинэ. Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барин ажиллаж буй цэцэрлэг бүр өөрийнхөө сургалтын ажлаа энэхүү хүрээний дотор зохион байгуулж, үр дүнгээ үнэлнэ. Гэхдээ байгууллагууд өөрсдөө энэ хүрээг өргөжүүлэн томъёолж, илүү тодорхой болгож болно. 

Хэрхэн үүссэн бэ?

Энэ нь 1970-аад онд бий болсон гурван янзын сурган хүмүүжүүлэх урсгалын хоорондын зөрчил маргаанаас үүссэн: а) хүүхдийг “зэмлэж сануулах“, “зав зайгүй байлгах“ аястай цэцэрлэгийн уламжлалт сургалт, б) шинэчлэлд чиглэсэн үзэл баримтлал, гэхдээ өнөөгийн бидний харж байгаагаар хэтэрхий сургуульчилсан, хүүхдийн оюун ухааны хөгжилд анхаарсан, жишээлбэл, эрт уншуулж сургахад чиглэсэн хөтөлбөр гэх мэт  в) сэтгэцийн задлан шинжлэлийн онолд суурилсан “хүүхдийн мухлаг” хөдөлгөөн (Тайлбар: ХБНГУ-д 1960-аад оны сүүлчээс улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа сэтгэлд нь нийцэхгүй байсан эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар хувийн цэцэрлэгүүдийг олноор байгуулж эхэлсэн. Эдгээр нь дэлгүүр/мухлагт голдуу байгуулагдаж байсан тул ийнхүү нэрлэгдэх болжээ)   

 Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал үүсэн бий болоход дараах санаанууд нөлөөлсөн.

- Бразилын сурган хүмүүжүүлэгч Пауло Фрайре (Paulo Freire) – 1921-1997. Тэрбээр ядуучуудыг бичиг үсэгт сургахдаа тэдний амьдралд хамгийн хэрэгтэй үгсээр нь  дамжуулан сургаж байсан.  Түүний  ажлын эхлэлийн цэг нь хүмүүсийн тулгамдсан асуудал, сонирхол байсан бөгөөд тэдний тухайн үеийн нийгмийн байдлыг эсэргүүцсэн эсэргүүцэлтэй уншуулж, бичүүлж сургах ажлаа холбож өгч байсан. 

- Боловсрол судлалын эрдэмтэн Саул Робинсон (Saul Robinsohn)-ны сургалтын хөтөлбөрийн онол. Робинсон аль ч түвшний сургалтын хөтөлбөрийн агуулга тухайн нийгмийн бодит байдлыг тусгах ёстой гэж үзэж байв. Тэрбээр боловсрол гэдэг нь ажил, амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд хүнд хэрэг болдог зүйл гээд иймээс амьдралын үйл явц бол суралцах үйлийн гарааны шугам юм гэж байв.

- Америкийн сурган хүмүүжүүлэгч Жон Дэвий (John Dewey)–1859-1952 болон английн Хенри Моррийс (Henry Morries)-ийн санаа. Дэвий амьдралд ойр байх мөн суралцагч нэг бүрийн болон нийгмийн эрэлт хэрэгцээ бол сурган хүмүүжүүлэх ажилд мөрдөх гол шиг шугам юм гээд сургуульд тус тусдаа явагдах хичээлүүдийн оронд төсөлт ажлын арга үр дүнтэй гэж үзэж байсан. Моррийс хамт олонд суурилсан боловсрол  (community education/хүсэлт: энэ үгийн оновчтой орчуулгыг хэлж өгч туслах хүн байвал баярлах болно)-ыг үүсгэн санаачилсан бөгөөд 1930-аад оны үед амьдрал ба суралцахуй бол харилцан хамааралтай нэг зүйл гэж авч үзэхийг хичээж байв.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ажиллагаа нь хөгжлийнхөө явцад анх бий болсон цэцэрлэгийн сургалтын өөрчлөлт шинэчлэлтэй нягт холбоотой явсаар ирсэн. Одоо ч гэсэн сүүлийн үеийн  хэлэлцүүлэгүүдэд нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь хүчирхэгээ харуулсаар байгаа: Бие даасан байдал, хамтран ажиллах чадвар, хүүхэд өөрийнхөө арга замаар аливааг эзэмших чадваруудыг мэдлэгт тулгуурласан өнөөгийн нийгэмд амжилттай зохицон явахад шаардагдах үндсэн чадавх гэж үзэж байна. Үүгээрээ нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байгаа юм.  

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь

 боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байна.

Энэ үзэл баримтлалыг баримтлахдаа ямар ч хамаагүй агуулгаар ажиллана гэсэн үг биш. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг ухагдахууныг нарийн ойлгоогүйгээс практик дээр өөр өөрийнхөөрөө бодож, буруугаар хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг нь хүүхэдтэй харилцаж байх явцад тэднээс тохиолдлоор аяндаа гарч ирж буй эрэлт хэрэгцээ, сонирхлыг тусган ажиллана гэсэн үг. Гэхдээ “нөхцөл байдалд тулгуурлан ажиллах”-ад хүүхдийн эрэлт хэрэгцээ гэдгийг сэтгэл зүйн үүднээс тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээг авч үзнэ үү гэхээс биш тохиолдлоор гарч ирж байдаг бүхий л хүсэлтэй нь адилтган үзэж болохгүй юм.  

“Нөхцөл байдал” гэсэн ухагдахууны тухай

“Нөхцөл байдал” гэсэн ерөнхий ухагдахуунаас болоод ойлголтын зөрүү бишгүй гардаг. Хүмүүжүүлэгч багш өдөр тутам хүүхдүүд янз бүрийн үйл явц, нөхцөл байдалд байгааг хардаг: Энд нэг нь ус, элстэй хутгалдан суухад, тэнд хоёр нь муудалцаж байна, гэтэл бас нэг хүүхэд хагас бүтэн сайн өдрүүдэд юу болсныг ярина. Ихэнхийг нь багш сонсож мэдээд өнгөрнө, харин заримд нь өөрийн эрхгүй оролцоно. Энэ явцад багш том, жижиг аль нэг төсөлт ажил болгон ажиллахад энэ л хүүхдэд тун ач холбогдолтой юм байна гэдгийг анзаарах, сонгох чадвартай байна.  Энэхүү ач холбогдол бүхий үйл явц (түлхүүр үйл явц)-аас хүүхдэд чухам юу хэрэгтэй байгааг багш мэдэрч, олж харна, түүнээсээ сургалтын чухал хэрэгцээт агуулгуудыг сэдэж гаргаж ирнэ. Тэрхүү агуулга дээр ажиллах явцад хүүхэд өөрийнхөө өдөр тутмын амьдралыг идэвхтэйгээр зохицуулах туршлага хуримтлуулж, мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ, энэ нь тэд ирээдүйд ажил, амьдралаа авч явах чадвартай болоход хувь нэмэр оруулна.    

Тэгэхээр “түлхүүр үйл явц” бол нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үйл ажиллагааны эхлэлийн цэг юм. Аль нь чухам  “түлхүүр үйл явц” вэ гэдгийг сонгоход шийдвэрлэх хүчин зүйл бол хүүхэд аливааг ойлгох, хамтран хийж бүтээх, өөрчилж үзэх боломжтой байхад оршино.  

 

Хүүхэд гэж хэн бэ?

Бусад үзэл баримтлалуудын адилаар “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалын өөрийн гэсэн санаа-зорилго нь хүүхдийг хэрхэн харж байгаа (Image of the Child) дээр суурилдаг. Энэхүү үзэл баримтлал нь хүүхэд бол төрөхдөө л ихээхэн чадвар, чадавхыг агуулсан байдаг гэсэн нялх болон сургуулийн өмнөх насны хүүхдийн судалгааны сүүлийн үеийн нээлтэд тулгуурласан байдаг. Тэд “өөрийнхөө хөгжлийг өөрөө зохицуулах, өдөр тутмын үйл явцад идэвхтэй байр суурь эзлэн оролцох боломжтой” (Zimmer, 1998). Энэ явцад хүүхэд анхнаасаа л бие даах хандлагатай байх ба тэр нь яваандаа улам төгөлдөрждөг.

Хүүхэд бол “өөрийнхөө хөгжлийн удирдагч”. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Хэрэв хүүхэд эрүүл, ямар нэг хөгжлийн бэрхшээлгүй бол өөрийнхөө зөнгөөр орчинтойгоо харилцдаг бөгөөд, хэрэв гаднаас тавигдаж буй шаардлага зохистой бус төвөгтэй байна гэж мэдэрвэл өөрийнхөө үйлдлээ зогсоодог. Тэд өөрийг нь өдөөж буй тойрон хүрээлж буй орчинтойгоо идэвхтэй харилцаж, ямагт сайжирч байдаг чадварынхаа тусламжтайгаар хорвоо ертөнцтэй өөрөө танилцсаар байдаг.

Хэрэв хүүхэд орчиндоо итгэлтэй байвал тэд таатай, сэтгэл санаа ханамжтай байна.  Ийм байдлаар нялх хүүхэд ч бусадтай холбоо тогтоох, эсэхээ өөрөө шийддэг. Энэ нь хүүхэд төрөхөөсөө л эхлэн өөрөө бие даан орших зохих чадвартай байх бөгөөд энэ нь нас ахих тутам сайжирдаг гэсэн үг. Тэгэхээр цэцэрлэгт хүүхдэд бусадтай холбоо харилцаа тогтоох, түүнийгээ туршиж үзэх олон талын боломж олгох нь ихээхэн ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор хүүхдэд чадвар эзэмших, насандаа тохирсон шийдвэрийг чөлөөтэй гаргах боломжуудыг бүрдүүлэх ойр дотны хүн болон зориудаар бий болгосон орчин шаардагддаг.

Үндсэн зорилго

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын гол зорилгыг сурган хүмүүжүүлэгч Юурген Циммер (Juergen Zimmer) “нийгмийн гарал үүсэл нь янз бүр, мөн мэдлэг, чадвараараа харилцан адилгүй хүүхдүүдтэй ажиллахдаа тэд өнөөгийн болон ирээдүйн амьдралын үйл явцад аль болохоор бие даан орших, эв нэгдэлтэй байх, чадавхжих нөхцөлийг бүрдүүлэн тэднийг хөгжүүлэхэд оршино” гэжээ. Энд “бие даан орших” гэдгийг хүүхдийн хувийн чанарыг хүндэтгэн өөрийнх нь өвөрмөц онцлогийг батжуулах гэсэн санаагаар хэрэглэдэг. Үүнд хүүхэд оролцогч, хамтран шийдвэрлэгч байхыг мөн шаардана. Ингэснээрээ тэд өөрийнхөө чадвар, хүчтэй-сайн талыг илүү мэдэрч, үнэлж сурна.

 

Аливаа хүүхэд бусдын дэмжлэг, туслалцааны нөлөөнд өсөн өндийдөг, нөгөөтэйгүүр бидний сэтгэл санаа, хийж буй үйлс ямагт хамтдаа амьдарч буй бусдынхаа төлөө байдаг тул цэцэрлэгт явагддаг бүхий л үйл ажиллагаа  орчин тойрноосоо ангид байдаггүй. Үүнээс нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын хоёрдахь зорилго болох эв нэгдэл гэсэн ухагдахуун урган гардаг. Үүнд хамтдаа байх, хамтран амьдрахын ач тус, түүнээс хүүхэд  (хүн) бүрт үзүүлэх нөлөө зэрэг ойлголтууд хамрагдана.

Хүүхдийг чадавхжуулах нь сурган хүмүүжүүлэх үүднээс харсан нэгэн ойлголт бөгөөд гурав дахь зорилго нь. Энэ нь хүүхдийг аливаа зүйл, үйлд хариуцлагатайгаар хандаж, зохицуулах чадвартай болгоно гэсэн үг. Үүнд тодорхой мэдлэг шаардагдана. Энэ мэдлэгийг яаж эзэмшүүлэх вэ гэвэл, салангид хичээлүүд/сургалтын агуулгаар бус харин бодит амьдрал, түүний учир шалтгааны холбоон дунд эзэмшүүлнэ. Хүүхдэд мэдлэгийг хийсвэрээр эзэмшүүлэх бус олсон мэдлэгээ хүүхэд бүр өөрийн бодит амьдралтай холбосон нөхцөлд л “хувь хүний чадавх” бүрэлдэн тогтдог. Үүнээс үзэхэд мэдлэг гэдэг нь баримт, мэдээллийг хүүхдэд дамжуулж ойлгуулахаас өргөн хүрээтэй зүйл юм.  “Мэдлэг гэдэг бол хүүхдийн аливааг сэргээн санаж буй ул мөрүүд, хэвшил дадал, эргэлзээ, нээлттэй асуултууд, ухаалаг зөвлөгөө. Түүнчлэн ‘энэ надад сонирхолтой биш байна аа’ гэдгийг хүүхэд ялган салгаж  илэрхийлдэг чадвар. Мэдлэг бол ямар нэг зүйлийн талаар их ярьж чаддагт биш, хийж чаддагт оршино” (Elschenbroich, 2001). Чадавх эзэмшинэ гэдэгт тэгэхээр “би” хэмээн өөрийгөө ойлгох, орчиндоо зохицон бусадтай харилцах, аливаа зүйлийн учрыг олох чадварууд хамрагдана. Эдгээрийг бие биесээс салангид бус нэгдмэл нэг зүйл хэмээн харж, зорилго болгоно. 

Сургалт ямар дүр төрхтэй байх вэ?

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалд суурилсан сургалт ямар дүр төрхтэй байх нь хүүхдийг хэрхэн харж байгаагаар тодорхойлогдоно: Суралцахуй гэдэг бол хүүхэд өөрөө шийдэж, өөрөө идэвхтэйгээр оролдож, туршиж, нээлт хийх үйл явц. “Хүүхэд хорвоо ертөнцтэй урьд нь мэддэг юм шиг бус, цоо шинээр олж харж, нээж танилцах ёстой”. Суралцахуйн тухай энэхүү ойлголт зөв болохыг үйлийн сэдлийг судалдаг сэтгэл судлаачид нотолсон байдаг. Тэд судалгаагаараа хүүхэд (томчууд ч гэсэн) гаднаас зориудаар бус өөрийнхөө сэдэл эрмэлзлэлээр оролдож оролцсон тохиолдолд ямагт  илүү амжилттай суралцдагийг нотолж харуулсан. Ийм нөхцөлд хүүхэд амжилттай суралцагч байж, мөн  өөрийнхөө суралцах стратегийг бий болгодог. Энэ бол маш чухал зүйл.  Яагаад гэвэл өнөөгийн бидний амьдарч буй мэдлэгт суурилсан нийгэмд хувь хүний насан туршийн суралцахуй бол боловсролын түлхүүр ойлголт болж байна.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын дагуу явагдах сургалт бол хүүхэд ямар нэг зүйлийг авч хоцрохуйц учир шалтгаант холбоо бүхий үйл явцын дунд явагддаг. Энэ нь хүүхэд өдөр тутмын амьдралын ямар нэг асуудалтай тулгарч, түүнийг сонирхох эсвэл учраа олохгүй зогсоно гэсэн үг. Энд ямар нэг ойлголт, ухагдахуун эсвэл тоог салангидаар зааж сургах бус орчных нь нийгмийн үйл явц дунд аливаа зүйлийн учрыг олох асуудал нэн тэргүүнд тавигдана. Өөрөөр хэлбэл амьдралд суралцах явцад хүүхдийн оюун ухаан нь тэлнэ. Өдөр тутам орчинтойгоо харилцах явцад хүүхдийн мэдлэг, чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хүүхэд ямар үйлд оролцох, түүнд хүүхдэд нөлөөлөх юу агуулагдаж байгаа, тэд судалж нээх боломж ямар байна гэдгийг авч үзэх нь чухал.

 

Үргэлжлэл бий.

Ном зүй:

Dietmar und Regine Boehm, Der Situationsansatz,
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s. 50-54, Verlag Herder, Freiburg