Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал – Түгээмэл асуулт, хариулт

  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын бодлого, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн аль аль нь тодорхой онол, үзэл санаан дээр тулгуурлан боловсруулагдсан нь мэдээж. Гэтэл цэцэрлэгүүд тус тусдаа хүүхэдтэй ажиллах үзэл баримтлал боловсруулах ямар шаардлага байна вэ?

 

Өмнөх сургалтын хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх зөвлөмжид энэ улиралд ийм сэдэв, агуулгаар, өчнөөн цагийн сургалт явуулна, ингэж ажиллана гээд бүгдийг тодорхой заачихдаг байсан. Одоогийн хэрэгжиж буй Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт хүүхдээ ийм түвшинд хүргэж хөгжүүлнэ, арга зүй, орчин нь энэ шаардлагуудыг хангана, багш ийм үүрэг, оролцоотой байна, үнэлгээг ингэж хийнэ гээд л орхичихсон байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийн дунд явуулах бүхий л ажил түүн дотор сургалтын агуулга, арга зүй, орчин ямар байх нь нээлттэй. Ингэхээр багш нар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад баримжаа муутай, их ерөнхий болчихож байгаа биз? Энэ ерөнхий зүйлсийг өөрсдөө тодруулах эрхийг цэцэрлэгүүдэд өгчихөж байгаа юм.

Багш, ажилтнуудын үйл ажиллагааных нь зорилго тодорхой биш тохиолдолд хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажил ихэвчлэн тохиолдлоор буюу урсгалаар явагдах ба ажлаа чанарын талаас нь үнэлэх гэхээр бараг боломжгүй. Тэгэхээр өөрсдийн туршлага болон орчин нөхцөлтэйгээ уялдуулан хүүхэдтэй яаж ажиллах, ямар агуулгаар хүүхдүүдээ хөгжүүлэх, манай цэцэрлэг бусдаас юугаараа ялгагдах, хүн бүрийн хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэх мэт олон асуудлыг тодруулах шаардлага гарч ирж байгаа юм. Тэр тодруулга чинь л тухайн цэцэрлэгийн хамт олны шийдэл, өөрөөр хэлбэл “үзэл баримтлал” нь. Жишээлбэл, нийслэлийн төвийн арван хоёр бүлэгтэй цэцэрлэгийг хөдөө сумын хоёр бүлэгтэй цэцэрлэгтэй харьцуулахад багш, бүлгийн тоо, хүүхдийн суралцах шаардлагатай зүйлс, өсөж буй орчин, нөхцөл гээд олон талаараа ялгаатай. Иймд цэцэрлэгүүд байгууллагынхаа онцлогт тохирсон үзэл баримтлалаар ажиллаж байж илүү амжилтад хүрнэ, өөрийн онцлогтойгоор хөгжинө. 

  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхлэхийн өмнө цөм хөтөлбөрийг түшиц цэцэрлэгүүд дээр туршсан. Тэгэхэд цэцэрлэгүүд өөр өөрсдийнхөө үзэл баримтлалаар туршсан уу?

 

Бид Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг түшиц цэцэрлэгүүд дээр туршихын өмнө түшиц цэцэрлэгүүдийн багш нарт “Хүүхэд хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал” гэж юу болох талаар сургалт явуулж, цэцэрлэг бүр өөр өөрсдийн үзэл баримтлалын эхний хувилбартай болсон байсан. Гэсэн хэдий ч багагүй бэрхшээлтэй тулгарсан. Дандаа заавар, зөвлөгөөнөөр явж байсан хүмүүс их эрх чөлөө эдлэх хэцүү байсан. Заавар, чиглэл хүснэ, өөрсдийнхөө гаргасан шийдвэрт эргэлзэнэ ...  Эхний үедээ нэлээд хэсэг хугацаанд “Та нар өөрчлөгдөхгүй байна”, “Баригдмал байна, өөрсдөө чөлөөтэй бодоод сэтгээд үз.” гэхээр шантарна, уйлаан майлаан ч болж байсан. Зөвлөн тусалж байсан бид (А.Нармандах, Д.Туяа) “Та нар энэ цөм хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэхээ өөрсдөө шийд. Тавигдах шаардлага бол энэ, та нарт ийм ийм боломж байна.” гээд өөрсдийнх нь шийдлийг тэсвэртэй хүлээсэн.

Туршилтаар бид цөм хөтөлбөрөө бага зэрэг сайжруулж шинэчилсэн л дээ. Гэхдээ бидний хамгийн их үр өгөөжийг нь харсан, баярласан, итгэл үнэмшилтэй болсон зүйл бол цэцэрлэг, багш нарт итгэл өгч, өөр өөрсдийн үзэл баримтлалаар ажиллуулах нь ямар их амжилт дагуулдагийг олж харсан явдал. Туршилт явагдсан 2014-2015 оны хичээлийн жилийн төгсгөлд түшиц цэцэрлэгийн багш нар хичнээн өөртэй итгэлтэй, баяр баясгалантай, урам зоригтой, шинийг сэдэж хийх эрмэлзэлтэй, хийсэн бүтээснээрээ бахархаж байсныг харахад үнэхээр сайхан байсан. Багш өөртэй итгэлтэй бол хүүхэд өөртэй итгэлтэй, багш баяр баясгалантай бол хүүхэд мөн баяр баясгалантай байдаг юм билээ. Багш нартаа итгээд, зөв чиглүүлээд явбал манай цэцэрлэгийн багш нар агуу хүмүүс. Орон нутаг, цэцэрлэгийн удирдлагаас багш, ажилтнууддаа итгэл өгч, бүтээлчээр сэтгэж ажиллах боломж олговол хүн бүрээс маш их эрч хүч, санаа сэдэл, зүтгэл чармайлт гардаг юм билээ.

  • Цэцэрлэгүүдийн хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалд ямар дутагдал ажиглагдаж байна вэ?

 

“Үзэл баримтлал” гэхээр зарим цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд алсын зүйлийг бодоод, цэцэрлэгээ яаж хөгжүүлэх вэ гээд ерөнхий юм бичээд байгаа дутагдал байна. Ийм байдлаар боловсруулсан үзэл баримтлал зүгээр л хэрэггүй цаас болчихож байгаа юм. Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал гэдэг нь“pedagogical concept” – “сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал” гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын багш, ажилтнууд өдөр тутам хүүхэдтэй ямар зохион байгуулалтаар, яаж ажиллах чигийг заасан, хүн бүр алхам тутамдаа анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай баримт бичиг. Тухайлбал, хүүхдүүд ангидаа нас насаараа байх уу эсвэл янз бүрийн насны хүүхэд нэг ангид байх уу, ангийн сургалтын орчин ямар байх, аль анги нь хичнээн, ямар ямар сургалтын төвтэй байх, гадаа талбай ямар зохион байгуулалттай байх, бүлгүүдийн өдрийн дэглэм ямар байх, сургалтаа ямар сэдвүүдээр явуулах, сэдвээ хэрхэн сонгох, арга зүйдээ юуг голлон анхаарч ажиллах, хүн бүр ямар үүрэг, хариуцлага хүлээх, эцэг эхтэй хэрхэн хамтарч ажиллах гэх мэт хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхтэй холбогдох бүхий л асуултуудад хамтаараа нэг шийдэлд хүрээд, түүнийгээ хэрэгжүүлнэ.  

  • Бид монголчууд, монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанаа үзэл баримтлалаа болгон хүүхэдтэй ажиллахдаа баримталж болмоор юм биш үү?

 

Манай ардын сурган хүмүүжүүлэх ухаан бол агуу. Ардын сурган хүмүүжүүлэх ухааны зарчмуудыг сайтар харахад конструктив онолын эхний үеийн болон өнөөгийн эрдэмтдийн үзэл санаа бүгд шингэсэн нь ажиглагддаг. Зарим цэцэрлэг үүнийг шууд баримтлан бүтээлчээр хэрэгжүүлээд явж болно. Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын цэцэрлэг гэх мэт энэ чиглэлийг барин ажиллаж буй цэцэрлэгүүд байна. Тэнд монгол ахуй мэдрэгдээд их аятайхан.

Мөн нийгмийн өөрчлөлт, орчин нөхцөлтэйгээ уялдан хүүхэдтэй ажиллах арга ухаан нь шинэ санаа, шинэ урсгалаар баяжигдаж, боловсронгуй болж байх учиртай. Бид дэлхий ертөнцийн нэгэн хэсэг. Үр өгөөжтэй үзэл санаа, онолоос суралцаж, боломжтойг нь хэрэгжүүлэх үүд хаалгыг нээлттэй тавьж өгсөн нь бидний хэрэгжүүлж буй сургалтын цөм хөтөлбөрийн нэг онцлог.

  • Гадаадын орнуудад цэцэрлэгүүд ер нь ямар ямар үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байна вэ?

 

Янз янзын л үзэл баримтлалаар ажилладаг цэцэрлэгүүд байна. Жишээлбэл, Фребел, Монтессори, Рижжио, Фрэнэ, Вальдорфийн цэцэрлэгүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн хүүхдүүдтэй хамт интеграцчилан сургах (Inclusion), Европын холбоо үүссэнтэй холбоотой янз бүрийн улс орны хүүхдүүд аль нэг оронд хамт суралцаж байгаагаас үүдэн олон соёлын боловсрол (Cross-cultural) эзэмшүүлэх, хүүхдийг хоёр өөр хэлээр сургах (Bilingual), байгалийн хүчин зүйлс, хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх (Kneipp pedagogy), орчинтойгоо зохистой харьцах (Ecopedagogy) зэрэг онол, үзэл санаануудыг цэцэрлэгүүд сонголтоороо хэрэгжүүлж байна.

ХБНГУ-ын Берлиний Холбооны улсын ихэнх цэцэрлэгүүд Нөхцөл байдалд (амьдралын асуудлуудад) тулгуурлан ажиллах үзэл баримтлалаар ажилладаг. Үүнийг манай зарим цэцэрлэг бас хэрэгжүүлж болмоор юм билээ. Япон улсын цэцэрлэгүүдийн нэлээд нь “тоглоомгүй цэцэрлэг” гэсэн үзэл баримтлалаар ажиллаад байх шиг байгаа юм.

Ямар хүн бий болгох гээд байгаа хүрэх цэг (жишээлбэл, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн зорилго, зорилтууд) ижилхэн. Тэр цэг буюу зорилгод цэцэрлэгүүд янз бүрийн арга замаар хүрч болно. Тэрхүү арга зам нь цэцэрлэгийн үзэл баримтлалаар тодорхойлогдоно. Аль ч үзэл баримтлалаар ажилласан эцсийн эцэст хүүхэд бүр тухайн хамт олны голлон анхаараад байгаа зүйлсээр дамжин бүх талаараа хөгжсөн байх ёстой.

  • Цэцэрлэг үзэл баримтлалаа зөвхөн нэг онол, үзэл санааг баримтлан боловсруулах уу, эсвэл олон үзэл санаан дээр тулгуурлаж болох уу?

 

Аль аль нь байж болно. Жишээлбэл, нийслэлд Монтессорийн онол, үзэл санааг дагнан хэрэгжүүлж байгаа хэд хэдэн хувийн цэцэрлэг байна. Тэнд Монтессорийн арга, агуулга, хэрэглэгдэхүүнийг дагнан ашиглаж сургалт, бусад үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл аймаг, нийслэлд Рижжиогийн “хүүхэд өөрийгөө илэрхийлэх”-т түлхүү анхаардаг мөртлөө “бодит амьдралын орчинд хүүхэд илүү сайн суралцдаг” (Францын Фрэнэ үүнтэй адил санааг хэрэгжүүлсэн) гэсэн манай уламжлалт үзэл санааг тусган ажиллаж байгаа цэцэрлэг байна. Үр дүн нь сайн харагдаж байвал яагаад болохгүй гэж.

  • Манай цэцэрлэг эрдэмтдийн онолоо үзэл баримтлалдаа оруулж бичсэн. Энэ зөв үү?

 

Тухайн цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалд эрдэмтдийн онолоос ишлэл авна уу гэхээс биш, онол бичээд байх шаардлагагүй. Зарим цэцэрлэгийн багш, удирдлага “Манай цэцэрлэг хүүхдийн дүрслэн урлах үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажилладаг”, “Манай цэцэрлэг хүүхдийн эрүүл мэнд, биеийн тамир, хөдөлгөөнийг чухалчилдаг” гэх мэтээр бусдад цэцэрлэгийнхээ онцлогийг танилцуулдаг. Яагаад? гэж асуухаар сайн тайлбарлаж чаддаггүй. Үүнд тайлбар өгөх, үндэслэлийг гаргахад тэрхүү эрдэмтдийн онол, үзэл санаанууд хэрэг болно. Жишээлбэл, хүүхдийн дүрслэн урлах үйл ажиллагаанд түлхүү анхаардаг тэр цэцэрлэгийнхэн “Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар бол маш чухал. Хүүхэд бол зөвхөн хэл яриагаар бус бүтээл, үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлдэг. Бид энэ эрхэмлэх зүйлээ Рижжиогийн үзэл санаанд тулгуурлан авсан ...” гээд тайлбарлах нь л дээ.  Өөрөөр хэлбэл эрхэмлэх зүйлсээ тодорхойлоход эрдэмтдийн онол хэрэг болно.

Цэцэрлэгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалын амин сүнс болох “эрхэмлэх зүйлс” (values) бол онолын үндэслэлтэй, практик үйл ажиллагаагаар үр дүн нь нотлогдсон байх ёстой. Яагаад гэвэл бид бол “хүнээр хүн хийх” хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс.

  • Цэцэрлэгийн үзэл баримтлалын агуулгад юу юу багтсан байх вэ?

 

Цэцэрлэгийн үзэл баримтлалд тухайн байгууллага хүүхэд бүрийг боломжит дээд хурдаар нь хөгжүүлэхдээ юуг эрхэмлэн ажиллах (юуг хамгийн чухалд үзэх), тэр эрхэмлэх зүйлсээ хэрэгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, хамт олны соёл, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо ямар байх, эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг зайлшгүй тусгана.

Эдгээрээс хамгийн их цаг авах, анхаарлаа төвлөрүүлэх ажил бол “Эрхэмлэх зүйлс”-ээ тодорхойлох. Үүнийг тодорхойлохын тулд уншиж судална, хамтаараа олон удаа хэлэлцэнэ, эцэг эхийг оролцуулна, байгууллагынхаа нөхцөл байдал, хуримтлуулсан туршлага, сайжруулах зүйлсдээ дүн шинжилгээ хийнэ гэх мэт олон ажил өрнөнө. Эрхэмлэх зүйлсээ тодорхойлсон тохиолдолд үзэл баримтлал боловсруулах ажлынхаа 50% гаруйг гүйцэтгэлээ л гэсэн үг.

Үзэл баримтлалын бусад хэсэг нь эрхэмлэх зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх хамт олны шийдэл байна. Манай зарим цэцэрлэг үзэл баримтлалынхаа эхэнд байгууллагынхаа танилцуулгыг товч оруулж өгсөн байна лээ. Иймэрхүү зүйлсийг оруулах, эсэх нь тухайн байгууллагын асуудал. Танилцуулгаа заавал оруулна аа гэвэл байгууллагынхаа орчин нөхцөл, багш, ажилтнуудын давуу тал, тухайн цэцэрлэгт явдаг хүүхдүүд болон тэдний ар гэрийн түгээмэл онцлог (малчдын, “тавиул” гэх мэт) зэрэг хүүхэдтэй ажиллахад л хэрэг болох зүйлс байна уу гэхээс биш, ерөнхий зүйлс огт шаардлагагүй.

  • Эрхэмлэх зүйлсийг ер нь яаж тодорхойлж бичих вэ?

 

Эрхэмлэх зүйлсээ нэг өгүүлбэрт багтааж томьёолоод түүнийгээ цааш нь задлаад явж болно. Эсвэл эрхэмлэх зүйлээ зүгээр цувуулаад биччихэж бас болно. Жишээ нь:

Нэгэн цэцэрлэгийн “Эрхэмлэх зүйлс”: “Манай цэцэрлэг хүүхэд бүрийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурласан тэдний чөлөөт байдал, идэвхтэй үйл ажиллагааг дэмжсэн, тоглох явцдаа өөрөө суралцах, хөгжих орчин байна.” гэжээ. Тэгээд “хүүхэд өөрөө суралцах, хөгжих орчин” гэдгээ “Чөлөөт орчин”, “Амьд орчин”, “Тоглох орчин” гэж дотор нь ангилаад орчин тус бүрт нь багш, туслах багш, бусад ажилтнууд ямар үүрэг хариуцлага, оролцоотой байхыг томьёолсон байна лээ.

Нэгэн цэцэрлэгийн “Эрхэмлэх зүйлс”: Бидэнд хамгийн чухал нь юу вэ гэвэл:

  • Хүүхдэд туршлага хуримтлуулах боломжуудыг мэдрүүлэх, олгох;
  • Хүүхдэд ангид нийт хүүхэд болон бусад хүүхэдтэй харилцах, үйл гүйцэтгэх боломж олгох;
  • Хүүхэд бүрт хувийнх нь хөгжлийг хангах хангалттай орон зай олгох;
  • Хүүхэд бүрийг хүлээн зөвшөөрөх, тэдэнд анхаарал хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдрүүлэх;
  • Хүүхдэд улирлын онцлогийг ухаарч ойлгох боломж олгох;
  • Хүүхэд хангалттай хөдөлгөөнтэй байх, эрүүл өсөж бойжих.  

Эдгээр санаа бүрийг цааш нь нарийвчлан харвал багш, ажилтнуудын хийж гүйцэтгэх ажлын чигийг заагаад байгаа юм. Жишээлбэл, “Хүүхдэд ангид нийт хүүхэд болон бусад хүүхэдтэй харилцах, үйл гүйцэтгэх боломж олгох” гэснээс харахад энэ цэцэрлэгийн ангиудад өдөр тутам нийтийг хамарсан мөн хэсэгчилсэн үйл ажиллагаанууд явагдах юм байна, “Хүүхдэд улирлын онцлогийг ухаарч ойлгох боломж олгох” гэдэг нь багш нар улиралаа дагасан сургалтын хөтөлбөрөөр ажиллах юм байна гэх мэт.   

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалд “Эрхэм зорилго”, “Эрхэмлэх зүйлс”-ийг хоёуланг нь бичих үү?

 

Эрхэм зорилго (Mission)–д тухайн байгууллагын оршин тогтнож буй утга учир, зорьж буй эцсийн зорилго, хэтийн төлөвийн чигийг тодорхойлсон байдаг. Цэцэрлэгүүдийн Эрхэм зорилгод хамт олны үйл ажиллагааны чиглэлийг заасан ерөнхий санаа байгаа байх л даа. Гэхдээ хүүхэд хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалын “Эрхэмлэх зүйлс”-ийг бид хүүхэдтэй ажиллахдаа баримтлах “Үнэт зүйлс” (values) гэсэн утгатай холбон авч үзэж, хэрэглэж байгаа болно. Өөрөөр хэлбэл, Эрхэм зорилго руугаа тэмүүлэхийн тулд тухайн хамт олон хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх заалтууд (зорилтууд) гэсэн үг. Тэгэхээр байгууллагын “Эрхэм зорилго”-ийг хүүхэд хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалын Эрхэмлэх зүйлстэй адилтгаж болохгүй, мөн давхцуулан бичих шаардлагагүй.

Ер нь хүүхэд хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалд тухайн байгууллага дээр хөтөлж буй баримт бичгүүдэд байгаа зүйлсийг давхцуулан бичих шаардлагагүй. Жишээлбэл, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнуудын “Ажлын байрны тодорхойлолт” гэж бий. Тэгэхээр үзэл баримтлалдаа хүн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлохдоо “Ажлын байрны тодорхойлолт”-д байхгүй, “Эрхэмлэх зүйлс”-ээсээ үүдэн нэмэгдэж гарч ирсэн зүйлийг л тусгана.

Цэцэрлэгүүд хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулах нь тийм ч амархан  ажил биш. Гэхдээ манай цэцэрлэгүүдийн хамт олон алдаж, онон оролдож, суралцаж, түүнийгээ засан сайжруулсаар байна. Хэрэгжилтийнх нь анхны үр дүн ч харагдаж байна. 

 

Асуултад хариулсан Н.Норжхорлоо