Ногоон хөгжил – Манай цэцэрлэгт

Бид Дорнод аймгийн 14 дүгээр цэцэрлэгийнхэн. Манай цэцэрлэг гадаа талбайдаа чимэглэлийн болон жимсний мод, цэцгийн мандал, туршлагын талбай, хүлэмж, зүлэгжүүлсэн талбай зэрэг ногоон байгууламж ихтэй. Энэхүү давуу тал, онцлогтоо тулгуурлан бид байгалиар дамжуулж хүүхэд бүрийг бүх талаар нь хөгжүүлэхийн тулд “Сайн харилцаа, сайхан орчин, сонирхолтой тоглоом, ногоон хөгжил” гэсэн түлхүүр үгсийн хүрээнд хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулсан.

Үзэл баримтлалаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдэд цэцэг ургамал, жимс, ногоо тарьж ургуулах, үр шимийг нь авч ашиглах, амьтдыг тэжээх, арчилж хамгаалах өргөн боломж олгодог. Ургамал, амьтантай харьцаж ажиллах үйл ажиллагаа бараг хичээлийн жилийн туршид ялангуяа хавар, намрын улиралд өргөн хүрээтэй явагддаг. Энэ нь хүүхдэд амьтан, ургамалд анхаарал тавих, хайрлах, байгаль орчинтой зохистой харьцах, хариуцлага хүлээж сурах, бие даах, хамтарч ажиллах, хийсэн зүйлийнхээ үр өгөөжийг мэдрэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Манай цэцэрлэгийн гадаа дараах жимсний модны талбайнууд тус тусдаа байдаг.  

  1. Чацаргана
  2. Үрэл
  3. Үхрийн нүд
  4. Интоор
  5. Давжаа алим
  6. Нохойн хошуу
  7. Мойл 

Намрын улирал үр жимс боловсорсон сайхан цаг байдаг учраас манай цэцэрлэг 9-11 дүгээр сард “Жимс” гэсэн сэдвийн хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн хичээлийн жилд Ахлах, Бэлтгэл бүлгийн 120 гаруй хүүхдүүд давжаа алим, үхрийн нүд, чацаргана, үрэл, мойл, нохойн хошуу зэрэг нийт 140 гаруй кг жимс хураасан. Хураасан жимсээр жүүс, шүүс, жимсний чанамал зэргийг хийж, бага үдэд хүүхдүүддээ өгдөг.

 

Багш, ажилтан, хүүхдүүд бүгдээрээ туршлагын талбайд лууван, сонгино, хүлэмжинд өргөст хэмх, улаан лоолийг арчлах, услах, хураах үйл ажиллагаанд оролцдог.

 

Манай 10 бүлэг тус бүр байгалийн булантай. Хүүхдүүд байгалийн буланд цэцэг үрслүүлэх, шилжүүлэн суулгах, тоос арчих, цэцэг ургамлыг услах, шарласан навч түүх, хөрсийг сийрэгжүүлэх хөдөлмөр хийдэг.

 

Анги тус бүр мөн иж бүрэн загасны аквариумтай. Загас, яст мэлхий тэжээдэг. Хүүхдүүд байгалийн булангийн загас, амьтандаа хоол тэжээлийг нь тохируулан өгдөг.

 

Цэцэрлэгийнхээ үзэл баримтлалын дагуу гол хаалганы шатны доод хэсэгт цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт орсон жимс, ногоо, мод, элс, чулуу, тасалгааны цэцэг, аквариумтай загас сэдвээр зохиомжлон орчныг бүрдүүлсэн нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлсэн сайн ажил болсон.

1.         Баруун шат   (Хусан төгөл)

2.         Зүүн шат  (Цэцгэс)

3.         Төв шат  (Ойн төгөл)

4.         Төв шат (Дээд хэсэгт: Дорнод аймгийн цэцэг, ургамал, амьтад, гайхамшигт газруудаар байгалийн орчинг иж бүрэн бүрдүүлсэн.)

 

Хүүхдэд цэцэг, ургамлыг арчлан ургуулах, ажиглах, туршилт хийхэд багш, ажилтнууд 4 баг болон ажилладаг. Үүнд үүдний жижүүрээс эхлэн бүх хүн хамрагдан оролцдог.

Хавар цэцэрлэгийн ажилтнууд коридорт үрсэлгээ хийж тавьдаг. Үрсэлгээний сав  ажилтан тус бүрийн кодтой. Хэдэн сарын хэдний өдөр юуны, ямар үр суулгасныг бичдэг. Энэ нь хүүхдүүд коридороор явахад тоо нүдлэхэд ач холбогдолтой.

 

Үрсэлгээний  савыг хаягдал материал ашиглан хүүхдийн сонирхолыг татахаар хийдэг. Хүүхдүүд үрсэлгээг багшийн заавраар хуваарийн дагуу усалж арчлан, ургалтыг ажигладаг.

 

Цэцэрлэгийн коридорын шатанд хүүхдүүд сүүний сав ашиглан үрсэлгээ хийсэн байдал.

 

Гадаа талбай, цэцгийн мандалд цэцэг тарих, услах, ургуулах, модны тогоо хийх, услах ажилд хүүхдүүд багш, туслах багш нартайгаа хамтран оролцдог.

 

Дорнод аймгийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Др.Х.Нарантуяа